Яхико, Монголын найрамдлын нийгэмлэг байгуулагдав

Энэ оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Нийгата мужийн Яхико тосгонд “Яхико, Монголын найрамдлын нийгэмлэг” байгуулагдав. Нийгэмлэгийг үүсгэн байгуулах ёслолын арга хэмжээнд Ниигата муж, тосгоны удирдлага оролцож, Элчин сайд С.Хүрэлбаатар мэндчилгээ дэвшүүлэв. Өнгөрөгч оны 8 дугаар сард Яхико тосгоны “Сэнза” сүмийн 100 жилийн ойн арга хэмжээнд Японы Мэргэжлийн Сумо бөхийн Их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Озеки Тэранофүжи Г.Ган-Эрдэнэ нар оролцсоноор манай улстай харилцах эхлэл тавигджээ. Мөн оны 11 дүгээр сард манай үндэсний соёл, язгуур урлаг, зан заншлаас нутгийн оршин суугчдад танилцуулах “Яхико, Монголын өдөрлөг-2015” 10 хоногийн турш амжилттай зохиогдож, арга хэмжээг 10000 гаруй хүн ирж сонирхсон байна. Манай улстай тогтоосон энэхүү найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх зорилгоор ийнхүү “Яхико, Монголын найрамдлын нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулжээ. Яхико тосгон манай Төв аймгийн Эрдэнэ сумтай эгч дүүсийн харилцаа тогтоох хүсэлтэй бөгөөд энэ хүрээнд 8 дугаар сард тосгоны дарга Т.Кобаяши тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирэхээр төлөвлөж байна.