“Хаврын баяр 2016” наадам болов

Монгол улсыг Япон улсад сурталчилдаг “Хаврын баяр“ уламжлалт наадам энэ оны 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд болов. 16 дахь жилдээ болж байгаа энэхүү наадмыг хоёр өдрийн турш нийт 60 мянга гаруй хүн үзэж сонирхож Монгол улсын соёл, зан заншилтай танилцав. Наадмыг нээж Элчин сайд С.Хүрэлбаатар, ЯМОХ-ны дарга З.Сугар, Нэрима дүүргийн удирдлага мэндчилгээ дэвшүүлэв. Япон, Монголын уран бүтээлчид хамтарсан тоглолт хийж, үдэш нь Никитон”, “Нисванис” хамтлагууд тоглов. Наадмын талбай дахь гэрүүдэд Монгол орны түүх, соёлыг сурталчилсан самбар байршуулж монгол оюутнууд тайлбарлаж байв. Монгол, Японы хүүхэд багачуудад Монгол ардын үлгэрийг уншиж танилцуулав. Мөн монгол дээл, япон кимоно өмсөн зураг авахуулах булан ажиллав. Наадмын хүрээнд бөхийн барилдаан болж 64 бөх бяр чадлаа үзсэнээс, аймгийн начин Т.Хишигбаяр түрүүлэв. Аварга Какүрюү М.Ананд, Ичиножёо А.Ичинноров, Чёшёома Г.Мөнхсайхан, Н.Цэвэгням тэргүүтэй бөхчүүд монгол бөхийн барилдаан үзэж, наадамчдад мэндчилгээ дэвшүүлэв. Монголын сумо бөхчүүдтэй зургаа авахуулах үйл ажиллагаа зохион байгуулагдаж, олсон орлогыг Кумамотогийн газар хөдлөлтийн гамшигт өртсөн ард иргэдэд хандивлав. Мөн шагай харвааны тэмцээн болж, цэц мэргэнээ булаалдав. Багачуудын бэсрэг наадам болсон нь энэ жилийн бас нэгэн онцлог байв. “Хаврын баяр” наадмын үеэр ЯМОХ, “Халуун сэтгэл” ТББ хандив цуглуулах үйл ажиллагаа явуулав. ЯМОХ Кумамотогийн газар хөдлөлтийн гамшигт өртсөн ард иргэдэд зориулж хандивын хайрцаг ажиллуулж, Монгол хоол хийж борлуулалтын ашгаа уг газар хөдлөлтөд өртсөн иргэдэд хандивлав. “Халуун сэтгэл” ТТБ Улаанбурхан өвчний эмчилгээний тоног төхөөрөмж авч Монгол улсад илгээхэд зориулав. “Хаврын баяр-2016” наадмын хүрээнд “Монгол коллеж” семинар “Монголын хөгжлийн түлхүүр-хүүхэд боловсрол-хүсэл тэмүүлэл” сэдвийн дор зохион байгуулагдаж, Мэйжи их сургуулийн худалдааны тэнхимийн профессор Ю.Моринага, Шига мужийн их сургуулийн Хүмүүнлэгийн тэнхимийн дэд профессор И.Шимамура, Ёкохама Евразийн соёлын музейн ажилтан Т.Хатакэяма нарын эрдэмтэд оролцож, илтгэл тавив. Тус ЭСЯ асар ажиллуулж өөрийн иргэддээ Консулын үйлчилгээ үзүүлэхийн сацуу Японы олон нийтэд эх орныхоо талаар сурталчлан таниулах үйл ажиллагаа явуулав.