Токио хотноо “Хаврын баяр-2017” наадам өргөн хүрээнд зохион байгуулагдлаа

Япон дахь Монгол Оюутны Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй, Япон дахь монгол иргэдийн хамгийн өргөн хүрээнд хамарч, Монгол улсыг сурталчлан таниулдаг далайцтай арга хэмжээ болох “Хаврын баяр” наадамэнэ сарын 3,4-ний өдрүүдэд Токио хотын Нэрима дүүргийн “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, Япон улсын Гадаад хэргийн яам, Токио хотын Нэрима дүүргийн захиргаа, МИАТ болон Монгол улстай найрамдал, соёлын хүрээнд хамтран ажилладаг Япон, Монголын олон нийтийн байгууллага, хувь хүмүүс дэмжлэг үзүүлжээ /”Хаврын баяр” арга хэмжээний цахим хуудас http://harumatsuri.net/ /
Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа энэ жилийн Наадам онцлог болов.
Наадмын талбайд монгол гэр, майхан, асар алаглаж, Монгол,япон олон мянган хүн цугласан байлаа. Монгол дээл, малгайгаар гангарсан япон морин хуурчдын Тэнма /”Тэнгэрийн хүлэг”/ хамтлаг Н.Жанцанноровын алдарт “Монгол аялгуу”-г эгшиглүүлснээр “Хаврын баяр-2017” эхлэв. Наадмыг нээж зохион байгуулах хорооны дарга, ЯМОХ-н дэд тэргүүн Б.Хонгорзул үг хэлж Монгол улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Нэрима дүүргийн Гадаад харилцааны албаны дарга Ю.Шимизү нар мэндчилгээ дэвшүүлэв.
Наадмын нээлтийн тоглолтонд уртын дуу, морин хуур, хөөмий эгшиглэж, мөн МУГЖ Дашдондог, “Fire” хамтлагийн дуучин Д.Даваадалай, “Madness” хамтлагийн дуучин Ч.Оюунсайхан, “Emotion” хамтлагийн дуучин Солонго нар ая дуу өргөж, 5 дугаар сарын 4-ний үдэшоюутан залуусдаа зориулсан тоглолт хийв.
“Хаврын Баяр 2017” арга хэмжээг Зохион байгуулах хорооноос Монголын нүүдэлчин ахуй, хэл бичиг, уламжлалт хувцас, тоглоом наадгайг танилцуулж, фото зургийн үзэсгэлэн гаргав. Мөн энэ жилийн наадмаар анх удаа 2 өдөр дараалан“Монгол киноны өдөрлөг” зохион байгуулсан нь япон үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авав.Түүнчлэн, "Миний Монгол сургууль"-тай хамтран "Хүүхдийн Наадам" зохион байгуулж, бөх барилдаж, сур харваж, бяцхан морь уралдуулж буй багачууд хүрэлцэн ирсэн олныг хөгжөөж “Хаврын баяр”-т хөгжөөнт уур амьсгал, өвөрмөц өнгө нэмж чадсан билээ.
Жил бүр өргөжин тэлж буй “Хаврын баяр” наадмын талбайд олон нийтийн байгууллага, найрамдлын нийгэмлэг, аж ахуйн нэгж, компаниас нийт67 асар ажиллуулж, үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулж, монгол хоолоор үйлчилгээ үзүүлэв.
Наадмын дэвжээнд 64 бөх уран мэх, хүчээ сорьсноос сумын заан Г.Амгалан түрүүлж, аймгийн арслан Б.Дамба үзүүрлэв. Мэргэжлийн Сумо бөхийн Их аварга Хакүхо, Харүмафүжи, Какүрюү тэргүүтэй сумо бөхчүүд наадамд хүрэлцэн ирж, түрүүлсэн бөхчүүдэд шагнал гардуулав.
Наадмын талбайд Токио дахь ЭСЯ-ны Консулын хэлтсийн ажилтнууд иргэддээ консулын үйлчилгээ үзүүлж, Монгол улс, Монгол,Японы харилцааны талаар танилцуулга хийв. “Хаврын баяр -2017” арга хэмжээнд нийт 60 гаруй мянган хүн хамрагдав.Монгол судлалын академиас “Монголын эдийн засаг ба нүүдлийн мал аж ахуй” сэдэвт семинар зохион байгуулав.
Японы “Эн-Эйч-Кэй”, “Токио”, “TBS”, “Jcom”телевиз, “Ёмиури”, “Никкан спорт” сонин наадмын талаармэдээлэв.