Монгол, Японы харилцаа

Монгол Улс, Японы Улсын хооронд 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. 1990-ээд оныг хүртэлх хугацаанд нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгаанаас үүдэн хоёр орны харилцаа дорвитой хөгжих боломж хязгаарлагдмал байсан хэдий ч хамтын ажиллагааны үндэс чухамхүү 1970, 1980-аад оны үед тавигдсан юм. Тухайлбал, хоёр тал Парламентын төлөөлөгчдөө 1974 оноос харилцан айлчлуулж, БНМАУ-ын ГЯЯ-ны сайд М.Дүгэрсүрэн 1987 онд Японд, Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Үно 1989 онд Монголд, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном 1990 онд Японд тус тус айлчилж байв.

Монгол Улсад ардчилал, шинэчлэл өрнөж,  зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990-ээд оноос хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж ирэв. Япон Улс Монголын ардчиллыг дэлхийн аль ч орноос хамгийн түрүүнд, хамгийн тууштай дэмжсэн билээ. Япон Улсын Ерөнхий сайд Т.Кайфү 1991 онд Монголд айлчилсан нь барууны орнуудаас Засгийн газрын тэргүүний түвшинд хэрэгжүүлсэн анхны айлчлал болов.

Уг айлчлалаар Ерөнхий сайд Т.Кайфү Монголын ардчилал, шинэчлэлийг зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй олон улсын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн билээ.

Япон Улсын Засгийн газар 1991 оноос тус улсын Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-нд  Монгол Улсыг хамруулж хүнс, нийтийн тээвэр, холбоо, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг бүхий л салбарт зээл, тусламж үзүүлж ирсэн.

1991-2013 он хүртэлх хугацаанд Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нийтдээ 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Өөрөөр хэлбэл гадаадын улс орон, олон улсын байгууллагаас Монгол Улсад үзүүлсэн нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон Улс дангаараа олгож, уг тусламж нь санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, зах зээлийн эдийн засагт шилжих, Монгол Улсын шинэ хөгжлийн суурийг тавихад үлэмж хувь нэмэр болсон юм.

Ийнхүү Япон Улс, Монгол Улсад хоёр талын харилцааны хүрээнд туслахын зэрэгцээ 1991 оноос Дэлхийн банктай хамтран Монголд хандивлагчдын уулзалтыг Токио хотноо 10 удаа санаачлан зохион байгуулсан.

Монголчууд “зовох цагт нөхрийн чанар танигддаг” гэдэг. Японы дэмжлэг тусламж монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хүрч, Японы талаарх үнэлгээ, хандлага үндсээрээ өөрчлөгдсөн юм. “Ойр мөртөө холын орон” гэгдэж байсан Монгол Улс одоо Японы дотны түнш орон болж өөрчлөгдсөн нь харилцааны чухал ололт, дэвшил юм.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжиж, харилцааны хүрээ өргөжин тэлснээр эдүгээ Монгол, Японы харилцаа “Стратегийн түншлэл”-ийн шинэ түвшинд дэвшин, гүнзгийрэн хөгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж 2010 оны 11 дүгээр сард Япон Улсад төрийн айлчлал хийх үеэр талууд:
1. Улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
2. Эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх; 
3. Хүн солилцоо, соёлын харилцааг идэвхжүүлэх;
4. Бүс нутаг, глобал асуудлаархи хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн 4 үндсэн чиглэл бүхий “Стратегийн түншлэл байгуулахад чиглэсэн Монгол, Японы хамтарсан мэдэгдэл” гаргасан юм. ( Хамтарсан мэдэгдлийг энд дарж үзнэ үү)

Сүүлийн жилүүдэд улс төрийн итгэмжилсэн харилцаа бэхжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байна. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2012 онд Ерөнхий сайд С.Батболд, Гадаад харилцааны сайд Л.Болд нар Япон Улсад айлчилж, 2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсад, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Засгийн газрын тэргүүн болсныхоо дараахан Монгол Улсад тус тус айлчлав.

Ерөнхий сайд Ш.Абэ айлчлалынхаа үеэр (1) эрх чөлөө, ардчилал, (2) энх тайван, (3) харилцан туслалцах гэсэн 3 үзэл санааны дор Япон, Монголын Стратегийн түншлэлийг эрчимжүүлж гүнзгийрүүлэх “Эрч санаачилга”-ыг дэвшүүлсэн. (“ Эрч санаачилга”-ыг энд дарж үзнэ үү) Улмаар 2013 онд  Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын харилцан айлчлалын дүнд “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр” байгуулсан нь хамтын ажиллагааны ирэх жилүүдийн чиглэлийг нарийвчлан тодорхойлоход чухал ач холбогдолтой болов.( Дунд хугацааны хөтөлбөрийг энд дарж үзнэ үү )

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 7 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийж, Монгол Улсын Засгийн газар, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо (KEIDANREN), Японы Гадаад худалдааг дэмжих агентлаг (JETRO)-тай хамтран зохион байгуулсан “Монголын бизнес форум”-д оролцож, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээгээр талууд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийг  улам бүр бэхжүүлэх зорилгоор эдийн засгийн харилцааг тууштай идэвхжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал баримт бичиг болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээ үр дүнтэй болж, зарчмын тохиролцоонд хүрсэн болохыг сайшааж, хамтарсан мэдэгдэл гаргав. ( Хамтарсан мэдэгдлийг энд дарж үзнэ үү) Мөн энэ үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн зүгээс “Монголын экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг төрөлжүүлэх зорилго бүхий “Эрч + санаачилга” хэрэгжүүлэх санал дэвшүүлж, талууд Монгол Улсын эдийн засгийн бүтцийг шинэчлэх, ил тод, тогтвортой эдийн засгийн бодлого боловсруулахад хамтран ажиллахаар тогтоод байгаа болно.

Япон Улстай байгуулсан эрх зүйн баримт бичгүүд:

1.БНМАУ, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай Ноот бичиг 1972.02.24. Москва хот
2. БНМАУ, Япон Улсын хооронд Соёлын харилцаа тогтоох тухай Тохиролцоо 1974.09.23. Улаанбаатар хот
3. БНМАУ, Япон Улсын хооронд Эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээр, 1977.03.17. Улаанбаатар хот
4. БНМАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын худалдааны Хэлэлцээр, 1990.03.20, Токио хот
5. Японы далайн чанад дахь Сайн дурынхныг хүлээн авах тухай БНМАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 1991.03.19, Токио хот
6. Агаарын харилцааны Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 1993.11.25. Токио хот
7. Япон Улсын ахмад сайн дурынхныг хүлээн авах тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Протокол, 1999. Улаанбаатар хот
8. Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 2001.02.15. Токио хот
9. Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 2003.12.05. Токио хот