Худалдаа, эдийн засгийн харилцаа

Монгол, Японы хооронд 1977 онд Эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эхэлж,  энэхүү хэлэлцээрийн хүрээнд “Говь” үйлдвэрийг байгуулсан түүхтэй. Социализмын үед хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа хумигдмал байсан бөгөөд 1990 онд Монгол Улс  Япон Улстай Засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээр байгуулсан.

Япон Улсын Засгийн газрын зээл, тусламж нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлж, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Монгол Улс эдийн засгийн эрчимтэй хөгжлийн шинэ гараан дээр ирээд буй өнөөгийн цаг үед Монгол, Японы эдийн засгийн харилцаа зөвхөн Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ын хүрээнд төдийгүй худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг хамарсан өргөн цар хүрээнд дэвшин гарч байна. Тухайлбал, Монгол Улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох ЕРА (Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр)-ийг Япон Улстай байгуулахаар хэлэлцээ хийж, улмаар 2014 оны 7 дугаар сард зарчмын тохиролцоонд хүрлээ. Мөн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ манай улсын эдийн засгийг эрчимжүүлэх “Эрч” (2013.03.31), “Эрч + санаачилга”-уудыг (2014.07.22) тус тус дэвшүүлэв. Хоёр орны эдийн засгийн харилцаа бие биеэ нөхсөн харилцан ашигтай хамтын ажиллагаа (win-win)-ны шинэ шатанд гараад байна.

Хоёр орны төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизм бүрэлдэж, хувийн хэвшил хоорондын харилцаа өргөжиж байна. Тухайлбал, Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, ашигт малтмалын зөвлөлдөх уулзалтыг 2006 оноос хойш 6 удаа зохион байгуулаад байна.

Монгол, Японы эдийн засгийн харилцаанд 2014 он чухал ач холбогдолтой, үйл явдлаар дүүрэн жил болж байна. Монгол Улсын Засгийн газар, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо (КEIDANREN)-тай хамтран “Монгол, Японы Бизнес форум”-ыг анх удаа 2014 оны 7 дугаар сард Токио хотноо зохион байгууллаа. Уг бизнес форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай тэргүүний 80 гаруй бизнесийн байгууллагын төлөөллийн хамт ирж оролцлоо.  
Мөн ЭСЯ-наас 2014 оны 2 дугаар сард Хоккайдо, 4 дүгээр сард Шизүока, 11 дүгээр сард Фүкүока мужуудад эдийн засгийн цуврал семинаруудыг тус тус зохион байгуулсан бөгөөд ирэх 2015 онд Окинава,  Нийгата, Фүкүй мужуудад мөн дээрх цуврал семинаруудыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тухай
Монгол, Японы хооронд ЕРА байгуулах хэлэлцээг 2012 оны 6 дугаар сараас 2014 оны 7 дугаар сар хүртэл нийт 7 удаа хийж, зарчмын тохиролцоонд хүрэв. 2014 оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад айлчлах үеэр Монгол Улс, Япон Улсын хооронд ЕРА байгуулах асуудлаар зарчмын тохиролцоонд хүрснээ зарлав. Мөн айлчлалын үеэр хоёр орны хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр орны хооронд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхмуудын нэг юм.  

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа
2006 онд Монгол улсын Үйлдвэр худалдааны яам, Япон улсын Эдийн засаг, үйлдвэрийн яамны хооронд эхэлсэн зөвлөлдөх уулзалтыг төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог нэмэгдүүлэх үүднээс Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, ашигт малтмалын Зөвлөлдөх уулзалт болгон өргөжүүлж, 2007 оноос эхлэн жил бүр Монгол, Японд ээлжлэн зохион байгуулж ирсэн. Төр, хувийн хэвшлийн 7 дугаар уулзалтыг 2015 оны 3 дугаар сард Япон Улсад зохион байгуулахаар ажиллаж байна.

Засгийн газар, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтаас гадна манай хоёр улсын салбар яамдын хооронд шууд хамтын ажиллагаа идэвхжиж байна. Байгаль орчин, зам тээвэр, барилга, хот байгуулалт, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан яамд хоорондын шууд хамтын ажиллагаа төлөвшиж, салбарын зөвлөлдөх уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж байна.

Японы хөрөнгө оруулалт Монголд
Сүүлийн үед Японы хөрөнгө оруулалтыг татах, банк, санхүүгийн салбарын хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд ахиц гарч байна. 1990 оноос 2013 он хүртэлх хугацаанд Япон Улсаас Монгол Улсад оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2013 оны байдлаар 230 сая ам.долларт хүрсэн байна.
Үүнийг салбараар нь авч үзвэл худалдаа, нийтийн хоол, банк, санхүүгийн үйл ажиллагаа болон аялал жуулчлалын салбарт Японы шууд хөрөнгө оруулалт тогтмол хийгдэж ирсэн бөгөөд ялангуяа худалдаа, нийтийн хоолны салбар дахь хөрөнгө оруулалт нь өнөөг хүртэлх нийт хөрөнгө оруулалтын  тал хувийг /102.3 сая ам.доллар/ эзэлж байна. Банк, санхүүгийн салбарт өнөөг  хүртэл 19.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн нь нийт хөрөнгө оруулалтын хэмжээний 9.5%-ийг эзэлж байна. Банк, санхүүгийн салбар дахь дийлэнх хөрөнгө оруулалт сүүлийн 1-2 жилд хийгджээ. Аялал, жуулчлалын салбарын хувьд 12.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн нь нийт хөрөнгө оруулалтын хэмжээний 6%-г эзэлж байгаа бөгөөд үүнээс 2012 онд уг салбарт хамгийн их хөрөнгө оруулалт /10.2 сая ам.доллар/ хийгдсэн байна. Бусад салбарын тухайд инженерийн барилга байгууламж болон мэдээлэл технологийн салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээ нь тус бүр 5.8% болон 4.6%-ийг эзэлж байна.

Монгол, Японы худалдаа
2013 оны байдлаар хоёр орны худалдааны раа эргэлт 454.7 сая ам.долларт хүрсэн нь 2012 оны мөн үетэй харьцуулахад 10%-иар буурсан байна. 2013 онд манай улсаас Япон руу 10.5 сая ам.долларын экспорт хийгдсэн байгаа нь 2012 оны мөн үетэй харьцуулахад 1.8 дахин өссөн байна. Манай экспортын гол бүтээгдэхүүнд чулуун нүүрс, мал амьтаны самнасан үс, хялгас, сүлжмэл цамц, молибдены хүдэр баяжмал, малын дайвар бүтээгдэхүүн зэрэг бараа бүтээгдэхүүнүүд багтаж байна.
2013 онд Япон Улсаас 444.2 сая ам.долларын барааны импорт хийгдсэн байна. Үүнд: автомашин, уул уурхай, барилгын машин механизм, цахилгаан бараа, холбооны техник хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа зэрэг бараа бүтээгдэхүүн багтаж байна. Импортын хэмжээг 2012 оны мөн үетэй харьцуулахад 12%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Монгол дахь Японы Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)
Японы Хөгжлийн албан ёсны тусламжын хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрэлдэн бий болгож бэхжүүлэх, эдийн засгийн дэд бүтэц, суурь баазыг бүрэлдүүлэх, нийгмийн олон талын асуудлуудыг шийдвэрлэх, хүний аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн. Тухайлбал, Багануур, Шивээ-Овоогийн уурхайн шинэчлэл, Төмөр замын ачаа сэлгэн ачих цогцолбор, Дархан болон Улаанбаатарын дулааны цахилгаан станцуудын (ТЭЦ-3, 4) өргөтгөл, шинэчлэлийн төслүүд хэрэгжсэн нь манай эдийн засаг хямрал, уналтаас гарч, хөрөнгө оруулалт идэвхжиж, ядуурлыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэн ард түмний аж амьдрал дээшлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Япон Улсаас Монгол Улсад жилд дунджаар 45-50 сая ам.долларын хөнгөлөлтэй зээл, 30-35 сая ам.долларын буцалтгүй тусламж, 10 гаруй сая ам.долларын техникийн хамтын ажиллагааны тусламж олгосоор ирсэн нь манай улсад олгож буй гадаадын зээл тусламжийн гуравны нэгийг эзэлж байна.

Японы Улсын Засгийн газраас 2012 онд манай улсад үзүүлэх тусламжийн шинэчилсэн хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүдийг дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.Уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, засаглалыг бэхжүүлэх (Уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, Баялгаас орох орлогын зохистой удирдлага, засаглалыг бэхжүүлэх)
2.Хүнд өгөөжтэй өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх (ЖДҮ-ийн хөгжлөөр дамжуулан аж үйлдвэрийн салбарыг төрөлжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг сайжруулах)
3.Улаанбаатар хотын чадавхийг бэхжүүлэх (Дэд бүтцийг сайжруулах, хот төлөвлөлт, удирдлагын чадавхийг бэхжүүлэх) зэрэг болно.

Одоогоор манай улсад Японы ХАЁТ-ийн ерөнхий болон соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд 5 төсөл, төслийн бус буцалтгүй тусламжийн 3 төсөл, техникийн хамтын ажиллагааны 15 орчим төсөл, хөнгөлөттэй зээлийн 4 төсөл болон бусад төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.

Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC) болон бусад банк,  санхүүгийн байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагаа

2013 оны 6 дугаар сард Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны гүйцэтгэх захирал Х.Ватанабэ Монгол Улсад айлчлах үеэр Экспортын зээлийн шугамын хэлэлцээрийг хоёр тал байгуулсан бөгөөд хэлэлцээр хэрэгжилтийн шатандаа явж байна. Мөн 2013 оны 12 дугаар сард Монгол улсын Хөгжлийн банк Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны баталгаатай 10 жилийн хугацаатай 30 тэрбум иенийн самурай бондыг Японы зах зээл дээр гаргалаа.

2014 оны байдлаар Японы томоохон арилжааны банкууд болох Мицуи Сүмитото банк (Sumitomo Mitsui Banking Corporation), Мицубиши Ю-Эф-Жэй банк (The Bank of Tokyo-Mitsubishi UFJ)-ууд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа тус тус байгуулж, хоёр талын эдийн засгийн солилцоог эрчимжүүлэх, бизнесийг холбох чиглэлд идэвхтэй үйл ажиллагааг эхлүүлээд байна.