Боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа

Монгол, Японы хооронд 1974 оны 9 дүгээр сарын 23-нд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулсан бөгөөд 2014 онд хоёр улсын хооронд Соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. Монгол Улс 1976 оноос Японд судлаач-оюутан, 1980 оноос оюутан сургаж эхэлсэн бөгөөд эдүгээ Япон Улсад суралцаж буй гадаад оюутнуудын тоогоор Монгол улс 11 дүгээрт орж байна. (10.000 хүн тутамд ногдож буй Японд суралцагсдын тоогоор 3.98 хувьтайгаар тэргүүн байранд орж байгаа)

Хоёр улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын харилцаа эрчимтэй өргөжин хөгжиж байгаа бөгөөд 2009 оны 2 дугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, 2013 оны 11 дүгээр сард Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар тус тус Япон Улсад ажлын айлчлал хийлээ.

Япон Улс манай улсад боловсон хүчин бэлтгэх, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр   үнэтэй хувь нэмэр оруулж, дорвитой тусламж үзүүлсээр байна. 2013 оны байдлаар Япон Улсад манай 1138 оюутан хууль, эдийн засаг, мэдээллийн технологи, анагаах ухаан, соёлын чиглэлээр суралцаж байгаагаас 216 оюутан Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. (Японы Боловсролын яамны тэтгэлгээр жилд 70 орчим оюутан, “Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр” (JDS)-ийн тэтгэлгээр 18 оюутан, түүнчлэн, JICA-гийн богино хугацааны сургалтад 10-20 хүн хамрагдаж байна)

2014 онд Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, инженер, технологийн дээд боловсролын бай­гууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн нийт 7 тэрбум 535 сая иенийн “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийг 2023 оны гуравдугаар сар хүртэл хэрэгжүүлж, 1000 гаруй оюутан, багш нарыг үе шаттайгаар хамруулах гэрээ байгуулаад байна. Улмаар  Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Япон Улсын Үндэсний технологийн хүрээлэн хооронд уг төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр 2014 оны 11 дүгээр сард харилцан  ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Япон Улсын Засгийн газар 1984 оноос эхлэн Монгол Улсад Хөгжлийн албан ёсны тусламжын (ODA) хүрээнд соёлын буцалтгүй тусламж олгож, 2012 оны санхүүгийн жилийн байдлаар нийт 1 тэрбум 442 сая иенийн үнийн дүн бүхий 22 төсөл хэрэгжүүлээд байна. Мөн Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн барилгын засвар, дотуур байрны засвар болон барилга барих, өргөтгөл хийх  зэрэг олон тооны төслүүдийг хэрэгжүүлж байна.

Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  Ази, номхон далайн бүсийн улс орнуудын 30,000 хүүхэд залуусыг хамруулсан “JENESYS-2.0” солилцооны хөтөлбөрт Монгол Улсаас 300 хүүхэд залуучуудыг  хамруулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Монголоос япон хэл сурч буй ахлах ангийн сурагчид, япон соёлыг сонирхогч оюутан сурагчид, байгалийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутнууд Японы орон нутагт зочилж, Япон Улсын талаарх мэдлэг, мэдээллээ гүнзгийрүүлж байна.

МУИС болон Японы Токио, Осакагийн Гадаад хэлний дээд сургуулиуд хооронд 1975 оноос монгол, япон хэлний багш нарыг харилцан солилцож байна. Манай их, дээд сургуулиудад 1975 оноос Японоос оюутан элсүүлэн сургаж эхэлсэн бөгөөд одоо 7 япон оюутан монгол хэлний сургалтад хамрагдаж байна. Японы 10 гаруй их, дээд сургуульд монгол хэлний сургалт явуулж, монголын түүх, соёл, улс төр, эдийн засгийн судалгаа хийж байгаагийн зэрэгцээ эгнээндээ 300 гаруй судлаачдыг нэгтгэсэн “Монгол судлалын нийгэмлэг” үйл ажиллагаа явуулж байна.
Мөн археологи, палеонтологи, угсаатны зүй, биохими зэрэг чиглэлээр эрдэмтдийн хамтарсан судалгаа хийгдэж, соёлын өвийг хамгаалах салбарт Монгол, Японы эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёл урлагийн бодлогын газар, Японы Соёлын дурсгалт зүйлийг судлах Токиогийн Үндэсний хүрээлэн хооронд Биет болон биет бус соёлын өвийг хамгаалах, мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт 2008 онд гарын үсэг зурсан байна.  

Монгол, Япон Улс 1991 оноос эхлэн соёлын өдрүүд, кино үзлэг тогтмол зохион байгуулж, үзэсгэлэн гаргаж, урлагийн хэсгүүд харилцан айлчлан тоглолт хийж байна. Монгол, Японы Соёлын анхдугаар форумыг 1999 онд Токио хотод, улмаар ээлжит форумуудыг 2000, 2007, 2010 онуудад Улаанбаатар хотод тус тус зохион байгуулав.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн 2006 оныг Япон дахь “Монголын жил”, дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн 2007 оныг  Монгол дахь “Японы жил” болгон тэмдэглэн өнгөрүүлж, соёлын харилцааны 35 жил, дипломат харилцааны 40 жилийн ойн хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн урлаг, соёлын олон тооны олон тооны арга хэмжээнүүдийг хэрэгжүүллээ.  

2014 онд  тохиож буй хоёр улсын хооронд Соёлын хэлэлцээр байгуулсны  40 жилийн ойн хүрээнд Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ, Японы Парламент дахь Япон-Монголын найрамдлын 3 бүлэг, Япон, Монголын найрамдлын 5 нийгэмлэгтэй хамтран монгол, япон бичгийн уран татлагын “Тэнгэр, нар түншлэл” үзэсгэлэнг 8 дугаар сард Улаанбаатар хотод гаргав. Үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, түүний ээж Ё.Абэ, Япон Улсын Ерөнхий сайд байсан эрхмүүд болох 80 дахь Ерөнхий сайд Ц.Хата, 93 дахь Ерөнхий сайд Ю.Хатояма, 76,77 дахь Ерөнхий сайд Т.Кайфү, Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Японы Либериал ардчилсан нам дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Т.Никай болон Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн, Монгол, Японы Парламентын бүлгэмийн дарга Д.Эрдэнэбат  зэрэг хоёр орны төр, нийгмийн зүтгэлтэнүүд болон уран татлагын мастерууд бүтээл дэлгэгдэв.

Мөн Японы Үндэсний төв театрт 2014 оны 10 дугаар сарын 1-нд зохион байгуулагдсан Японы Урлагийн Их наадмын нээлтийн тоглолтод МУГЖ, маэстро Д.Сосорбарамын удирддаг язгуур урлагийн “Билгүүн ундарга” төвийн 27 уран бүтээлч гол зочноор уригдаж оролцов. Тоглолтыг Японы Угсаа залгамжлагч Хунтайж Нарүхито, гүнж Масако, Парламентын Япон-Монголын найрамдлын бүлгийн ахлагч М.Хаяши, С.Эда, Ерөнхий сайд Ш.Абэгийн ээж Ё.Абэ, Гадаад хэргийн дэд сайд Ш.Сүгияма, Соёлын агентлагийн дарга, тэргүүлэгчид болон улс төр, соёл, урлаг, бизнес, олон нийтийн төлөөлөгчид, дипломат корпусынхан зэрэг нийт 1500 гаруй хүн үзэж сонирхлоо. Улмаар “Билгүүн Ундрага” төвийн уран бүтээлчид Японы Яманаши мужийн Хокүто хот, Шизүока мужийн Изүнокүни хот, Фүкүока мужийн Фүкүока хот, Осакагийн Изүми-саноо хот, Оита мужийн Бэппү хот, Коконоэ тосгонд тус тус тоглолт хийлээ.

Ийнхүү соёлын хэлэлцээр байгуулсны  40 жилийн ойн хүрээнд гэрэл зураг, уран зураг, хүүхэлдэйн хамтарсан үзэсгэлэн, урлагийн тоглолт, семинар зэрэг соёл, сурталчилгааны нийт 20 гаруй арга хэмжээ зохион байгуулагдав.

Олон нийт, орон нутгийн шууд хамтын ажиллагаа:
Олон нийт, орон нутгийн шууд хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна.  Монголтой харилцдаг Японы олон нийтийн байгууллагууд 1950-иад оны сүүлээс эхлэн байгуулагдаж, соёл урлаг, олон нийтийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монголтой найрамдлаар харилцах хөдөлгөөнийг манайд цэргийн олзонд байсан хүмүүс хошуучлан санаачилсан нь тэмдэглүүштэй юм. Одоогийн байдлаар  Монголд Японтой найрамдал, соёлоор харилцдаг 30 гаруй нийгэмлэг байдаг бол Японд Хоккайдогоос Окинава хүртэл 70 гаруй найрамдлын нийгэмлэг үйл ажиллагаа явуулж байна.

Монгол, Япон хоорондын олон нийтийн харилцааны нэг чухал хэсэг бол Японы Мэргэжлийн Сүмо бөхийн дэвжээнд амжилттай барилдаж байгаа монголын бөхчүүд юм. Манай бөхчүүд 1992 оноос Японы Мэргэжлийн Сүмо бөхийн дэвжээнд амжилттай барилдаж байгаа нь Монголыг сурталчилж, харилцааны уур амьсгалыг улам найрсаг болгож байна. 2014 оны байдлаар Японы Мэргэжлийн Сүмо бөхийн дэвжээнд 3 Их аварга Ёкозүна тэргүүтэй 28 монгол бөх хүчээ сорьж байна.       

Орон нутгийн шууд хамтын ажиллагаа:
1990-ээд оноос Төв аймаг Тоттори мужтай, Өвөрхангай аймгийн Хужирт сум  Нагано мужийн Маруко хоттой, Баянхонгор аймаг Ойта мужтай, Налайх дүүрэг Хоккайдо мужийн Ниикаппү хоттой, Улаанбаатар хот Миязаки мужийн Мияконожёо хот, Хоккайдо мужийн Саппоро хотуудтай харилцаа тогтоож, шууд хамтран ажиллаж байна.

2008 оноос Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг Нагано мужийн Саку хоттой, Өвөрхангай аймгийн Хархорин хот Канагава мужийн Камакура хоттой тус тус хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

2011 оны 7 дугаар сард Дорноговь аймаг Шизүока мужтай, 2012 онд Өвөрхангай аймаг Гүнма мужтай, 2014 онд Хөвсгөл аймаг, Нийгата мужтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Улмаар Ховд аймаг Вакаяма мужтай, Дорнод аймаг Фүкүока мужтай, Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэг Шизүока мужийн Изүнокүни хоттой орон нутгийн шууд хамтын ажиллагаа хөгжүүлэх эхлэл тавигдаад байна.