Монгол, Японы Стратегийн Түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр (2013-2017)

 

I. Улс төр, аюулгүй байдлын харилцаа

1. Улс төрийн харилцаа 

(1) Хоёр улсын Засгийн газар төр, засгийн тэргүүн нарын харилцан айлчлал, өндөр дээд түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлнэ. 

(2) Хоёр улсын Засгийн газар  Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг хоёр талдаа, эсхүл НҮБ-ын Ерөнхий ассамблей болон олон улсын бусад хурал зөвлөлгөөний үеэр жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.

(3) Хоёр улсын Засгийн газар Гадаад хэргийн яамд хоорондын стратегийн яриа хэлэлцээг тогтмол зохион байгуулж, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг өргөн хүрээтэй, стратегийн чанартай асуудлаар санал солилцоно.

(4) Хоёр улсын Засгийн газар холбогдох яам, газрууд хоорондын бүхий л  түвшний стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд, бусад хэлбэрийн харилцааг хөхиүлэн дэмжинэ.

2. Аюулгүй байдлын харилцаа

(1) Хоёр улсын Засгийн газар хоёр орны гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллагууд хоорондын хамтарсан зөвлөлдөх уулзалтыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн байгууллагын газрын даргын түвшинд тогтмол зохион байгуулна.

(2) Хоёр улсын Засгийн газар батлан хамгаалах асуудал эрхэлсэн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, солилцооны талаарх “Санамж бичиг”-т тулгуурлан өндөр дээд болон ажил хэргийн түвшний харилцан айлчлал, солилцоог идэвхжүүлж, бүс нутаг, олон улсын аюулгүй байдал, олон улсын терроризм, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн тусламж, чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа зэрэг салбарын харилцан сонирхсон нийтлэг асуудлаар санал солилцож ажиллана. Хоёр улсын Засгийн газар зэвсэгт хүчний анги салбарууд хоорондын харилцан солилцоо, батлан хамгаалахын чиглэлээрх боловсрол, судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын хурал, хээрийн сургууль зэрэгт идэвхтэй оролцож, олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлнэ. 

(3) Хоёр улсын Засгийн газар батлан хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулж, уулзалтын үр өгөөжийг дээшлүүлнэ. 

(4) Хоёр улсын Засгийн газар Монгол Улсын цэрэг армийн чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллана.

3. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа

(1) Хоёр улсын Засгийн газар  олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлэх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийг түргэтгэх чиглэлээр хамтран ажиллана. Монгол Улсын Засгийн газар Япон Улсыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг цаашид ч тууштай дэмжиж ажиллана.

(2) Хоёр улсын Засгийн газар бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтран ажиллахаа нотлохын зэрэгцээ, Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутаг, ялангуяа Зүүн азийн олон талт хамтын ажиллагааны механизмуудад нэгдэн орох хүсэл эрмэлзлэлийг Японы Улс дэмжинэ.

(3) Хоёр улсын Засгийн газар, Зүүн Азийн улс орнуудын хэлхээ холбоог өргөжүүлэхэд  Монгол Улсын оролцоо  чухал болохыг харгалзан үзэж Монгол Улсыг “АСЕАН болон  Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн” -д (ERIA) ажиглагчаар оролцуулах чиглэлээр хамтран ажиллана.

(4) Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Цөмийн зэвсэггүй статусыг олон улсын хэмжээнд баталгаажуулах асуудлаар үргэлжлүүлэн хамтран ажиллана. Монгол Улсын Засгийн газраас цөмийн зэвсэггүй статусын хүрээнд аюулгүй байдлаа улс төр, дипломатын арга замаар бэхжүүлж, энэ чиглэлээр олон улсын хэмжээнд явуулж буй хүчин чармайлтыг  сайшааж, Монгол улсын Засгийн газрын цааш цаашдын үйл ажиллагааг Япон Улсын Засгийн газар дэмжинэ. 

(5) Зургаан талт яриа хэлэлцээ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах үр нөлөөтэй механизм гэдэгт хоёр тал дахин санал нэгдээд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоол  зэргийг чанд мөрдөхийн чухлыг тэмдэглэв. Хулгайлагдсан япон иргэдийн асуудал зэрэг шийдвэрлэгдээгүй маргаантай асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх ёстой гэсэн Япон Улсын байр суурийг Монгол Улс дэмжиж байгаагаа дахин нотлов. Япон Улсын Засгийн газар монголын талын дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагыг хэрэгжүүлэх, Умард Солонгосыг тойрсон маргаантай асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр баримталж буй Монгол Улсын Засгийн газрын байр суурийг хүндэтгэн, анхааралдаа авав.

(6) Монгол Улс, Япон улс, АНУ-ын гурван талт зөвлөлдөх уулзалтыг тогтмол
зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана. 

II. Эдийн засгийн хамтын ажиллагаа


Хоёр Улсын Засгийн газар нь Монгол, Японы стратегийн түншлэлийн зарчмууд, Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл, Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэх зээл тусламжийн чиглэлд тусгасан төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хамтран  хэрэгжүүлнэ.

1. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг бүрдүүлэх тухайд:

а)  Хоёр улсын Засгийн газар нь Монгол Улсын бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Япон Улсын оролцоог дэмжиж, хөрөнгө оруулалт, техник технологийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. 

б) Хоёр улсын Засгийн газар "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" байгуулах 4 үе шатны хэлэлцээг амжилттай зохион байгуулж,  дараагийн  шатны хэлэлцээнд томоохон ахиц гарахуйц суурь тавигдсаныг талархан хүлээн авч, уг хэлэлцээрийг богино хугацаанд эцэслэхээр яриа хэлэлцээг эрчимжүүлнэ.   

в) Хоёр улсын Засгийн газар нь худалдаа, хөрөнгө оруулалт болон эрдэс баялгийн асуудлаарх төр-хувийн хэвшлийн хамтарсан Зөвлөлдөх уулзалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана. 

г) Хоёр улсын Засгийн газар нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин, төлбөр тооцооны системийг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ.    

д) Хоёр улсын Засгийн газар нь Монгол Улсад аялал жуулчлал хөгжүүлэх, зочид буудал, жуулчны бааз байгуулах, тэдгээрийн менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана. 

е) Хоёр улсын Засгийн газар нь Монгол Улсын Хөгжлийн банк Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газрын баталгаатай самурай бонд гаргах зэрэг асуудлаар хоёр банк үргэлжлүүлэн ярилцаж, хамтран ажиллахыг дэмжинэ.

ё) Хоёр улсын Засгийн газар 2013 онд гарын үсэг зурсан  Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яам хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т тулгуурлан худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

ж) Хоёр улсын Засгийн газар эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилго бүхий “Монгол дахь Японы бизнес яармаг худалдаа”-нд хувийн хэвшлийн
оролцоог нэмэгдүүлэх талаар хүчин чармайлт гаргана.

2. Монголын эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны тухайд:

(1) Байгаль орчин

а) Хоёр улсын Засгийн газар нь Монгол, Японы Байгаль орчны асуудал эрхэлсэн яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалтыг 8 удаа амжилттай зохион байгуулсныг талархан тэмдэглээд цаашид  уулзалт,яриа хэлэлцээг эрчимжүүлнэ.

б)  Хоёр улсын Засгийн газар нь нүүрстөрөгч багатай хөгжилд хувь нэмэр оруулах “Хамтарсан кредит олгох механизм” (JCM)-ын талаар 2013 онд хамтарсан хорооны анхдугаар хурлыг зохион байгуулж,  түүнийг хэрэгжүүлэх үндэс суурь тавигдсаныг талархан хүлээн авч, энэ чиглэлийн  төсөл хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагаан дор хэрэгжүүлнэ.

в) Хоёр улсын Засгийн газар нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах (бохирдуулагч бодисын хэмжилт, машины утааны ялгаруулалтыг хязгаарлах)-д чиглэсэн техникийн хамтын ажиллагааны төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлнэ.

г) Хоёр улсын Засгийн газар нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас коксжсон шахмал түлшийг үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллана.

д) Хоёр улсын Засгийн газар нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөцийг ашиглахад хүчин чармайлт гаргана.

е) Хоёр улсын Засгийн газар нь цэвэр, бохир усны систем, тухайлбал “Төв цэвэрлэх байгууламж”-ийг засаж сайжруулах, шинээр барьж байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана. 

ё) Хоёр улсын Засгийн газар Монгол Улсын газар хөдлөлтийн эрсдлийн үнэлгээг хийх, газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Улаанбаатар хотын Онцгой байдлын газар зэрэг холбогдох байгууллагын аврах ажиллагааны чадавхийг дээшлүүлэхэд цаашид ч гэсэн хамтран ажиллана. Мөн хоёр улсын Засгийн газар гамшиг тохиолдсон үед сэргээн босголтын үе шатанд нэн шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зээл болох "Гамшигийн үеийн сэргээн босголтын бэлэн байдлын зээл"-ийг ашиглахад анхаарч ажиллана.

ж) Хоёр улсын Засгийн газар нь цөлжилттэй тэмцэх, гол, нуур, усны нөөцийг хамгаалах, ой хамгаалах зэрэг асуудлаар хоёр орны төр, хувийн хэвшил,
эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтарсан судалгаа хийх боломжийг эрэлхийлнэ.

(2) Боловсон хүчин бэлтгэх

Хоёр улсын Засгийн газар нь Монгол Улсын тэргүүлэх салбарын боловсон хүчнийг бэлтгэж сургахад хамтран ажиллана. Тухайлбал;

а) Инженер, техникийн дээд боловсрол олгох их, дээд сургуулиудын чадавхийг бэхжүүлэх, Япон Улсад сургах замаар монголын аж үйлдвэрийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд хамтран ажиллана.  

б) Анагаах ухааны сургалтын эмнэлэг байгуулж, эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд хамтран ажиллана.

(3) Суурь дэд бүтцийн хөгжил, бүтээн байгуулалт

а) Хоёр улсын Засгийн газар нь Япон  Улсын Засгийн газрын иенийн зээлийн хүрээнд Улаанбаатар хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил 2013 онд эхэлснийг талархан хүлээн авч, нисэх онгоцны буудлын холбогдох байгууламжуудын үйл ажиллагаа, менежментийн чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллана. Хоёр улсын Засгийн газар нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх зэргээр Монгол, Японы  агаарын харилцааны хүрээг  өргөжүүлэн хөгжүүлж ажиллана.
б) Хоёр улсын Засгийн газар Монголын Дулааны IV цахилгаан станцын үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх иенийн зээлийн  төслийг хэрэгжүүлж,  эрчим хүчний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий  цахилгаан түгээх, дамжуулах сүлжээг сайжруулахад хамтран ажиллана.
в) Хоёр улсын Засгийн газар Улаанбаатар хотын замын хэт ачааллыг бууруулах, замын сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, гэр хороололд шинээр гудамжны сүлжээг бий болгож, инженерийн дэд бүтцийг цогцоор шийдэх зорилго бүхий “Гудамж” төслийг  хэрэгжүүлэхэд хамтран ажиллана. 
г) Хоёр улсын Засгийн газар нь Улаанбаатар хотод нийтийн зам тээврийн сүлжээг байгуулах, замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулах замаар хотын орчин нөхцлийг сайжруулахын тулд метро байгуулах, Ажилчны гудамжны гүүрэн гарцыг барьж байгуулах зэргээр гол замын сүлжээг бүрдүүлэхэд хамтран ажиллана.

д) Хоёр улсын Засгийн газар Монгол Улсын сумдыг хөгжүүлэх, түүнд хамаарах нийгмийн үйлчилгээ, үйлдвэрлэл, бизнесийн барилга, байгууламжийг бий болгох зорилго бүхий "Сум" төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.  

е) Хоёр орны Засгийн газар 2013 онд Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-тай Экспортын зээлийн шугам нээх хэлэлцээрт гарын үсэг зурсныг сайшаан онцлоод, цаашид экспортын зээлийн шугамын хүрээнд төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.

ё) Хоёр орны Засгийн газар Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC) болон хувийн хэвшлийн хамтарсан зээлийн хөрөнгөөр  монголын Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахад үргэлжлүүлэн хамтарч ажиллана.

ж) Хоёр улсын Засгийн газар нь монголын нүүрсийг японд урт хугацаанд тогтвортой нийлүүлэх асуудлаар санал солилцож, хэрэгжүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргана.  

з) Хоёр улсын Засгийн газар нь сансрын технологийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр судална. 

и) Хоёр улсын Засгийн газар Монгол Улсын далайд гарцгүй нөхцөл байдлыг хөнгөвчлөх зорилгоор транзит тээврийн асуудлыг хамтран судална.

й) Хоёр улсын Засгийн газар нь бага, дунд сургуулийн орчныг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллана.

к) Хоёр улсын Засгийн газар нь нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг монголд нэвтрүүлэхээр судалгаа хийнэ. 

л) Хоёр улсын Засгийн газар нь хот байгуулалт, хот төлөвлөлт, барилгажилтын норм стандартыг боловсронгуй болгоход хамтран ажиллана.

м) Хоёр улсын Засгийн газар нь монголын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Япон улсын Засгийн газрын хоёр үе шаттай иенийн зээлийг үргэлжлүүлнэ.  

н) Хоёр улсын Засгийн газар нь монголын мах болон сүүн бүтээгдэхүүн боловсруулах, "брэнд бүтээгдэхүүн" үйлдвэрлэх, усалгаатай газар тариалан хөгжүүлэх зэрэг хөдөө аж ахуйн салбарт техникийн дэмжлэг үзүүлэх мөн боловсон хүчний чадавхийг  бэхжүүлэхэд хамтран ажиллана.

о) Хоёр улсын Засгийн газар нь Монгол Улстай харьцангуй төстэй уур амьсгал бүхий Япон Улсын Хоккайдо мужийн хөдөө аж ахуйн өнөөгийн байдал (менежмент, техник хэрэгсэл зэрэг), хүйтэн бүст тохирсон технологи зэргийг судлан, туршлага солилцож, тус мужийн хувийн хэвшлийнхэнтэй техникийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

ө) Хоёр улсын Засгийн газар нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэр барих, нүүрсний ордод түшиглэсэн цахилгаан станц барих чиглэлээр хувийн хэвшлийнхнийг мэдээллээр хангах замаар хамтран ажиллана.

III. Соёл иргэд хоорондын харилцаа


(1) Хоёр улсын Засгийн газар  бүхий л түвшний яриа хэлэлцээ, харилцаа солилцоог хэрэгжүүлэх үүднээс хоёр улсын Парламент болон Парламентийн  найрамдлын бүлгүүд хоорондын солилцоо, хамтын ажиллагааг дэмжинэ. 

(2) Хоёр улсын Засгийн газар хоёр орны харилцааг үргэлжлүүлэн авч явах хүүхэд, залуучуудын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхийн ач холбогдлыг ухамсарлаж, хүүхэд залуучуудын солилцоог идэвхжүүлэх  бодлогыг үргэлжлүүлнэ. 

(3) Хоёр улсын Засгийн газар  хоёр орны түүх, соёл, соёлын өв, улс төр, эдийн засаг, нийгмийн байдлыг монгол, японы ард түмэнд таниулан сурталчлахад чиглэсэн хамтын ажиллагааг харилцан дэмжинэ. Энэ хүрээнд судлаач, сэтгүүлчдийг харилцан солилцох, хэвлэмэл материал, дүрс бичлэг солилцох ажлыг улам идэвхжүүлнэ.

(4) Хоёр улсын Засгийн газар  Монгол дахь япон судлал, Япон дахь монгол судлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж, хоёр улсын шинжлэх ухааны салбар дахь эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжинэ.

(5) Япон Улсын Засгийн газар  Монгол дахь япон хэлний сургалтыг хөгжүүлэх үүднээс монголын япон хэлний багш болон сурагчдыг дэмжинэ.

(6) Хоёр улсын Засгийн газар нь хоёр улсын соёл, урлаг, эрдэм шинжилгээний салбар дахь хамтын ажиллагааны зорилго болон чиглэлийг тодорхойлох үүднээс холбогдох яамд, байгууллага хоорондын  уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

(7) Япон Улсын Засгийн газар  Монгол Улсад хэрэгцээтэй салбарт суралцах оюутнуудыг Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах чиглэлээр  хамтран ажиллана.

(8) Хоёр улсын Засгийн газар орон нутгийн засаг захиргаа болон хувийн хэвшил хоорондын хэлхээ  холбоо, хамтын ажиллагааг дэмжинэ.