ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Сайн байцгаана уу? Та бүгдийн амрыг эрэн мэндчилье.

Монгол, Японы хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосон. 1998 оноос Иж бүрэн түншлэлийн зарчмаар хөгжиж ирсэн хоёр орны харилцаа 2010 оноос Стратегийн түншлэлийн шинэ шатанд дэвшин хөгжиж байна.

Япон улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Эдүгээ Монгол, Япон хоёр орон Зүүн Хойд Азид хамгийн ойр дотно түншүүд болсон бөгөөд харилцан ойлгож, итгэмжилсэн улс төрийн харилцаа, бие биеийг нөхсөн харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, боловсрол, соёл, олон нийт, орон нутгийн өргөн хамтын ажиллагаа, олон улсын талбар дээр бие биеэ дэмжсэн хамтын ажиллагааг хөгжүүлж байна.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагааны нэн чухал чиглэл бол Япон улсад сурч, ажиллаж буй Монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дэмжин туслах, тэдэнд хэрэгцээтэй төрийн үйлчилгээг үзүүлэх явдал юм. Энэхүү зорилтын хүрээнд тус Элчин сайдын яам иргэд Та бүхэндээ үзүүлэх үйлчилгээг улам түргэн шуурхай болгох, мэдээ мэдээллийн цар хүрээг өргөжүүлэх зорилгоор өөрийн вэб хуудсыг шинэчлэн аль болох дэлгэрэнгүй мэдээллийг вэб хуудсандаа багтаан ажиллахыг зорьж байна. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам нь иргэн Танд нээлттэй, Таны ажил үйлсэд байнга дэмжлэг үзүүлж ажиллах болно.

Манай яамны вэб хуудсаар зочилсон эрхэм Танд талархахын ялдамд ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД
С.ХҮРЭЛБААТАР