ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ Дэлгэрэнгүйг...

 

Эрхэм хүндэт Таны амар амгаланг айлтгаж, Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудаст тавтай морилохыг хүсье.

 

Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн итгэмжит харилцаа, худалдаа, эдийн засгийн харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагаа, боловсрол, соёл, олон нийт, орон нутгийн солилцоо өргөжиж, “хөх толбо”, “алтай” язгуурын эх хэл зэрэг эртний түүхийн нандин сэжмээр холбогддог манай хоёр ард түмний элгэмсэг дотно харилцаа, найрамдал нөхөрлөл бэхжиж байна. Монгол, Япон ард түмний эрх ашиг, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх энэхүү түншлэлийг улам бүр гүнзгийрүүлэхийн төлөө Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ идэвхийлэн ажиллах болно. 

 

Япон Улсад  оршин сууж, зорчиж буй нийт монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, монгол иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах нь тус ЭСЯ-ны үйл ажиллагааны нэгэн чухал чиглэл юм. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам иргэн Танд нээлттэй, Таны ажил үйлсэд байнга дэмжлэг үзүүлнэ.

 

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ой тохиож буй 2022 оныг хоёр улсын Засгийн газар “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаад буй.

 

Энэхүү тэгш ойн хүрээнд  Монгол орон, Монголын соёл, урлаг, зан заншлыг өргөн хүрээнд сурталчлах, манай хоёр улсын ард иргэдийн харилцан ойлголцол, түүний дотор ирээдүй хойч үеийн төлөөлөл хүүхэд залуучуудын, найрамдал нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэхийг  тус ЭСЯ зорьж, энэхүү үйлсэд Та бүхэнтэй нягт хамтран ажиллахын төлөө байна.

 

Манай ЭСЯ-ны цахим хуудсаар зочилсон Танд талархал илэрхийлэхийн ялдамд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 Хүндэтгэсэн,

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Д.Батжаргал