МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТУУД ХИЙЖ БАЙНА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сард Япон Улсад айлчлахдаа хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах технологи нэвтрүүлэхэд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт татах, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад хамтран ажиллахаар ярилцсан. Энэ хүрээнд Кобэ хотод үйл ажиллагаа явуулж буй “Kawasaki Heavy Industries” компанийн хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөл, ус төрөгчийн жижиг оврын цахилгаан станц, далайн тээвэрлэлтийн зохион байгуулалт, хадгалалтын үйл явцтай танилцлаа.

“Kawasaki Heavy Industries” компани Япон Улсын Засгийн газраас дэвшүүлж буй дэлхийн дулаарлын эсрэг нүүрсхүчлийн хийг бууруулах, улмаар тэглэх бодлогыг дэмжин ажилладаг. 2015 оноос Австрали Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын Викториа мужид хүрэн нүүрснээс устөрөгч гарган авч, шингэн төлөвт шилжүүлэн далайгаар Япон Улс руу тээвэрлэх туршилтын төслийг хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Австралийн Викториа мужийн  “”Latrobe Valley” орд газраас хүрэн нүүрс олборлож, тусгай байгууламжид ус төрөгчийг цельсийн -253 хэмд хөргөж 1/800 болтол агшаан 9000 километрт далайгаар 21 хоног тээвэрлэн Кобэ боомтод авч ирдэг. Улмаар Кобэ боомтод тусгайлан байгуулсан агуулахад ус төрөгчийг хадгалж цахилгаан станцад нийлүүлж байна.

“Kawasaki Heavy Industries” компани өөрийн зохион бүтээсэн турбин хөдөлгүүрийг ашиглан 2018 онд 100 хувь ус төрөгчөөр ажилладаг цахилгаан станцыг дэлхийд анх удаа байгуулж, дөрөв дэх жилдээ туршилтын үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Кобэ хотод байрлах энэхүү бага оврын цахилгаан станц нь  цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг. Өдөрт дунджаар 1100-1500 kВт цахилгаан эрчим хүч, 2800 kВт дулаан үйлдвэрлэж ойролцоох эмнэлэг, спорт цогцолбор зэрэг байгууламжид нийлүүлж байна.

Цаашид энэхүү жижиг оврын ус төрөгчийн цахилгаан станцыг атомын цахилгаан станцтай дүйцэхүйц цахилгаан үйлдвэрлэх хэмжээнд хүргэж томруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Япон Улс 2030 он гэхэд ус төрөгчийн хэрэглээг жилд 300 мянган тонн орчимд, үнийг энгийн хэрэглээнд тохирох хэмжээнд хүргэх зорилт тавьжээ.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-д эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, дэвшилтэт технологид суурилсан эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд нэмэх зорилт тавьсан. Энэ хүрээнд хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөлд оролцох сонирхлоо илэрхийлээд байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэлхийн дулаарлаас шалтгаалж улс орнууд нүүрнээс татгалзаж эхэлсэнтэй холбоотойгоор 2030 оноос нүүрсний хэрэглээ багасахаар байна. Манай Улсын хувьд ч дэлхийтэй хөл нийлүүлж хүлэмжийн хийг багасгах, дэвшилтэт технологи ашиглан цахилгаан эрчим хүч гарган авах зорилт тавьж “Шинэ сэргэлтийн бодлого”- доо тусгасан. Япон Улсын Засгийн газар Австралийн Засгийн газартай хамтран дэлхийд анх удаа ус төрөгчийн цахилгаан станц байгуулж хэрэглээнд нэвтрүүлэх туршилт хийж байна. Манай Улсын хувьд дийлэнх хэрэглээгээ нүүрсний цахилгаан станцаар хангадаг, далайд гарцгүй орон. Дээр нь хүрэн нүүрсний арвин нөөцтэй. Тиймээс хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах энэхүү туршилтын төсөлд хамтран оролцох хүсэлтээ Япон Улсын талд илэрхийлсэн. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзахдаа энэ талаар ярилцана. Бид хөгжлийг хөөж гүйцэх биш урьтаж харж алхам хийдэг болох хэрэгтэй байна” гэлээ.

Европын Холбоо, Австрали, Франц, Герман, БНСУ зэрэг улс орон, бүс нутгууд ус төрөгчийн талаарх стратегийн бодлогоо 2018 оноос хойш баталж эхлээд байна. Хувийн хэвшлийн компаниуд ч ус төрөгч гаргаж авах, тээвэрлэх, ашиглах нь байгаль орчинд ээлтэй эрчим хүчний ирээдүйн чухал эх үүсвэрүүдийн нэг гэдэгт санал нэгдэж “Hydrogen Council” хэмээх нэгдлийг үүсгээд байна. Одоогоор тус зөвлөлд дэлхийн тэргүүлэх 134 компани нэгдээд байна.