Япон дахь “COVID-19”-ийн нөхцөл байдал

ИРГЭДИЙН АНХААРАЛД
Япон дахь “COVID-19”-ийн нөхцөл байдал
АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулиас гаргасан тооцооноос үзвэл дэлхий даяар корона вирусний халдвар авагсдын тоо 4 дүгээр сард 500 саяыг давж байсан бол 8 дугаар сарын 27-ны өдөр 600 саяыг давжээ. Ийнхүү дөрвөн сарын дотор халдвар авагсдын тоо дахин 100 саяар нэмэгдсэн боловч сайн мэдээ нь өсөлт нь удааширч байгаа ажээ. Гэсэн хэдий ч Европ, АНУ-ас эхлээд олон оронд гэртээ үзэх боломжтой хурдавчилсан тестийн иж бүрдэл зарагдах болсноор статистик мэдээнд ороогүй олон өвчтөн гэрээрээ өөрийгөө эмчилж байгааг тооцвол халдвар үнэн хэрэгтээ буураагүй хэвээр байх талтай байна. Тооцооллоор бол АНУ-д 94 сая, Энэтхэгт 44 сая, Францад 35 сая орчим хүн халдвар авч, статистикийг тэргүүлж байгаа бол Японд 18 сая орчим хүн халдвар авсан нь 10-т орох үзүүлэлт юм. Дэлхий нийтээр авч үзвэл 6.5 сая орчим хүн нас бараад байна.
Японд энэ оны 6 дугаар сарын сүүл үеэс эхэлсэн коронавирусний 7 дах давалгааны эрч нь суларч 28-ны өдөр 157,817 коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Өдрийн дундаж шинэ халдварын тоо өнгөрсөн долоо хоногоос 68,000 орчмоор буурчээ. Харин хүндээр өвчлөгсдийн тоо буураагүй хэвээр байгаа бөгөөд энэ өдөр улсын хэмжээнд 627 хүн хүндээр өвчилж, 220 хүн нас баржээ. Токио хотын хувьд 28-ны өдөр 15,834 хүн, 29-ний өдөр 9,880 халдвар хүн авч долдугаар сарын 11-ээс хойш долоо хоногийн дараа анх удаа 10,000-аас доош буурсан үзүүлэлттэй байна.
Токиогийн Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа эмнэлгийн “Гадаадад аялагчдад зориулсан эрүүл мэндийн төв”-ийн профессор Ацуро Хамадагийн төсөөллөөс авч үзвэл энэ удаагийн 7 дах давлагаа Японд хүчтэй давлагаалсан шалтгаан, цаашдын төлөв дараах байдалтай байна. Үүнд:
Шалтгааны тухайд:
• Японд 2022 оны 7 дугаар сараас эхэлсэн Омикрон BA.5 хувилбарын үүсгэсэн коронавирусний халдварын 7 дахь давалгаа нь төсөөллийг хол давсан далайцтай байж, халдвар авагсдын тоо нь 200,000-ыг давсан өдрүүд олон байснаар 7-р сарын 27-ноос 8 дугаар сарын 17 хүртэлх дөрвөн долоо хоног дараалан дэлхийд тэргүүлсэн байна.
• Барууны орнуудад BA.5 халдвар омикроны эхний хувилбарын дэгдэлт гарсан 1-р дүгээр сартай харьцуулахад тийм ч их байгаагүй нь Японоос ялгаатай юм.
• Япон, барууны орнуудын хоорондын эхний ялгаа нь дархлааны ялгаа юм. BA.5-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд вакцины дархлаанаас гадна өмнөх халдварын дархлаа үр дүн өндөртэй байв. 6 дугаар сар гэхэд Японд шинэ коронавирусний халдвар авч дархлаа үүссэн хүн цөөн байсан бөгөөд “Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн”-гээс 2-р сард хийсэн судалгаагаар Японд халдварын дархлааны эсрэг биет эерэг гарсан хүн 4.3% байсан бол мөн хугацаанд АНУ-д явуулсан судалгаагаар 57.7% хүрч, арав дахин их байжээ. Зөвхөн АНУ гэлтгүй Европын орнуудад 2021 оны 12 дугаар сард эхэлсэн омикронвирусний BA.1 хувилбарын дэгдэлтээр олон хүн халдвар авч, халдварын эсрэг дархлаатай болсон байна. Харин энэ үед Японд хилийн хатуу дэглэм тогтоож, хөдөлгөөн хязгаарласнаар омикронвирусний дэгдэлт төдийлөн газар авалгүй дарагдаж, халдвар авснаас үүдэн дархлаатай болсон хүн амын тоо харьцангуй цөөн байдал 2022 оны 6 дугаар сар хүртэл үргэлжилсэн.
• Хоёр дахь ялгаа нь хилийн хориг арга хэмжээг зөөллөсөн хугацааны ялгаа юм. Барууны орнуудад 2021 оны хоёрдугаар хагасаас хязгаарлалтыг зөөллөж эхэлснээр 2021 оны эцсээс эхлэн омикрон омгийн халдвар өргөн хүрээнд тарах шалтгаан болсон. Харин Японд 2022 оны 6 дугаар сараас л эхэлж хилийн дэглэмээ зөөлрүүлж эхэлсэн нь дэлхий дахинд шинээр BA.5 хувилбар тархах үетэй давхацсан. Ингэснээр BA.5-ын халдвартай олон тооны хүн тус улсад зорчих боломж үүсэж, халдварын дархлаа нь сул байсан Японд тархалт хурдацтай нэмэгдэхэд хүргэжээ. Японд хийгдсэн вакцинжуулалтын сүүлийн тунгаас хойш хугацаа нэлээд өнгөрч үр нөлөө нь буурч эхэлсэн үе ч энэ үед тохиосноор 7 дахь давлагаа ингэтлээ өндөр авсан ажээ.
Өнөөгийн байдлын талаар:
• 8 дугаар сарын дундуур гэхэд Японд халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр давалгааны дээд цэгтээ хүрч, аажмаар буурч эхлээд байна.
• 8 дугаар сарын 13-наас 17-нд Япон даяар амарч, эцэг өвгөдийнхөө шарилыг эргэдэг уламжлалт ёслолын үе буюу “Обон баяр” болж, эрүүл мэндийн байгууллага, шинжилгээний газруудын нэлээд хэсэг нь амралт эдэлсэн нь тоог буурсан мэт харагдуулах болов.
• Баярын үеэр иргэдийн урсгал нэмэгдэж, холбоо контакт нэмэгдснээр халдвар авах эрсдлийг нэмсэн. Түүнчлэн 8 дугаар сарын сүүлээр бага дунд сургуулийн шинэ улирлын хичээл эхэлснээр халдварын эрсдэл нэмэгдэж, тархалт буурахгүй байх нөхцөл болно.
• Энэ мэтчилэн тахлын 7 дахь давалгаа нэг хэсэг үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллага, нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал хэтэрсэн байдалд байна.
• Ялангуяа шинжилгээ авах, хөнгөн тохиолдол эмчлэх тал дээр эмнэлгүүд хойрго хандаж байна. BA.5 нь шинж тэмдэг нь хөнгөн гэж байгаа ч тархалт удаан үргэлжилбэл өндөр настнуудад халдвар тархаж, хүнд өвчтөний тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Үр дүнд нь эмнэлгийн ачаалал буурахгүй нэмэгдсээр байх болно.
• Засгийн газраас болон орон нутгийн засаг захиргаанаас хөнгөн өвчтэй өвчтөнүүдийн гэрийн эмчилгээний тогтолцоог бүрдүүлж, боловсронгуй болгох, эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр арга хэмжээ авч эхлээд байна.
Цаашдын төлөвийн талаар:
• 7 дугаар давлагаа 9 дугаар сарын сүүлээр намжих төлөвтэй байгаа ч намар нь зайлшгүй гэж хэлж болохуйц байдлаар давтагдаж байгаа дараагийн давлагааны мөчлөг нь ойртож ирсэн тул дорвитой арга хэмжээ урьдчилан авах шаардлагатай байна. Коронавирус нь хүйтний улиралд илүү тархах хандлагатай байдаг бөгөөд вакцины үр нөлөө ч сулардаг.
• BA.5 хувилбар голлон тархах ч талтай байна. Энэтхэгт ид тархаж буй BA2.75 зэрэг омикронвирусийн шинэ дэд хувилбар дэлхийг хамарсан тархалт үүсгэж мөн болзошгүй байна.
• Японд 7 дахь давлагааны үеэр хүн амын нэлээд хувьд нь халдвар авсны дараах дархлаа үүссэн хэдий ч барууны орнуудтай харьцуулбал нийт хүн амд эзлэх хувь хэмжээ нь харьцангуй бага хэвээр байна. 7 дугаар давлагааны дундуур Японд нэмэлт вакцинжуулалт хийсэн нь өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлэхэд зохих үр дүнгээ өгсөн хэдий ч уг вакцины нөлөө дараагийн давлагааны үед үйлчлэлээ алдах магадлалтай байна.
• Халдварт өвчний хяналтын тухай хуулийн дагуу коронавирусний халдварт өвчний хяналтын зэрэглэлийг буруулах, ингэснээр эмнэлгийн ачааллыг бууруулж, тусламж үйлчилгээний тогтолцоог сэргээх арга хэмжээ авагдаж эхлээд байна.
• Намраас эхлэн омикрон хувилбарт зориулан шинээр гарсан вакцин тарих бэлтгэл ажил хийгдэж эхлээд байна. Энэхүү вакциныг нийтэд өргөнөөр тарих нь тархалтын хор уршиг, хүндрэлийг эрс бууруулах магадлалтай юм.
Нийгэм, эдийн засгийн сэргээх талаар:
• Барууны орнуудын жишээгээр Японы нөхцөл байдалд тохируулан халдварын эсрэг өөрийн гэсэн онцлогтой арга хэмжээ авч, хорио цээрийн дэглэмийг нийгэм, эдийн засгийн сэргэлттэй зөв хослуулах шаардлагатай байгаа ажээ. 
Дүгнэлт: Япон дахь коронавирусний халдварын 7 дугаар давлагааны эрч нь суларч байгаа хэдий ч намрын сэрүүн улирал эхлэхтэй зэрэгцэн дараагийн давлагаа нөмөрнө гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ үүднээс омикроны шинэ хувилбарт зориулсан вакцин оруулж, вакцинжуулалтыг идэвхжүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нөгөөтэйгүүр хилийн зорчих хөдөлгөөний дэглэмээ сулруулж, коронавирустэй холбогдох дотоодын халдвар хамгааллын дэглэм бууруулах зэргээр нийгэм, эдийн засгаа сэргээх ажлыг мөн давхар хэрэгжүүлж эхлээд байна.
КОНСУЛЫН ХЭЛТЭС