Улс төрийн харилцаа

1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон. Энэ тухай Ноот бичгийг Монгол Улсаас ЗХУ-д суугаа Элчин сайд Б.Лувсанчүлтэм, Япон Улсаас ЗХУ-д суугаа Элчин сайд К.Нийсэки нар Москва хотод солилцсон. 1974 оны 9 дүгээр сарын 23-нд Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо байгуулсан.

1977 оны 3 дугаар сарын 17-нд гарын үсэг зурсан “БНМАУ, Япон Улсын хооронд эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн дагуу Япон Улсын  Засгийн газар 5 тэрбум иенийн (тэр үеийн ханшаар 17 сая ам.доллар) буцалтгүй тусламжаар ноос, ноолуурын “Говь” үйлдвэрийг барьж, 1981 онд ашиглалтад өгснөөр дайны төлбөрийн асуудал хаагдсан болно. Монгол, Японы нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгаанаас үүдэн 1990-ээд оныг хүртэл хоёр орны харилцаа дорвитой хөгжих боломж хязгаарлагдмал байлаа. Гэвч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үндэс чухамхүү 70, 80-аад оны үед тавигдсаныг үгүйсгэж болохгүй. Тухайлбал, хоёр тал парламентын төлөөлөгчдөө 1974 оноос харилцан айлчлуулж, БНМАУ-ын ГХЯ-ны сайд М.Дүгэрсүрэн 1987 онд Японд, Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Үно 1989 онд Монголд, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном 1990 онд Японд тус тус айлчилж байв. “Говь” үйлдвэрийг тойрсон худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжиж, 1974 онд байгуулсан Соёлын харилцааны тухай хэлэлцээрийн  дагуу оюутан, багш, мэргэжил дээшлүүлэгчид, урлаг, спортынхныг солилцож, найрамдлын нийгэмлэгүүд 1970-аад оны эхнээс харилцаж байв.

Монгол Улсад ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт эхэлсэн 1990 оноос хойш хоёр талын харилцаа үсрэнгүй хөгжсөн. Монгол, Японы харилцааны энэхүү эргэлт нь дэлхийн социализмын задралаар эрс өөрчлөгдсөн олон улсын шинэ нөхцөл байдлаас үүдэж Монгол, Японы ашиг сонирхол нэг шугам, нэг цэг дээр огтлолцсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл хөгжлийн шинэ зам дээр гарч ирсэн Монгол Улсад хүчирхэг эдийн засагтай, Азийн нөлөө бүхий гүрэн Японы дэмжлэг хэрэгтэй байсан. Нөгөө талаар, Азийн коммунист дэглэмүүдээс ардчилалд анхлан хөл тавьсан Монгол Улсыг дэмжих нь Азийг төлөөлсөн их гүрэн болохыг зорьж байгаа Япон Улсын олон улсын үүрэг роль, нэр хүндийг бэхжүүлэхэд нэмэр болох учиртай байв.

 Япон Улсын Ерөнхий сайд Т.Кайфү 1991 оны 8 дугаар сард Монголд айлчилсан нь тус улсаас төдийгүй Өрнөдийн орнуудаас Монголд Засгийн газрын тэргүүний түвшинд хэрэгжүүлсэн анхны айлчлал болов. Энэхүү айлчлалаар Т.Кайфү Монголын ардчиллыг дэмжих Японы бодлогыг зарлав. Энэ бодлого Монголын шинэчлэлийг дэмжих Японы болон олон улсын механизм бий болгоход чиглэсэн бөгөөд амжилттай хэрэгжиж ирлээ. Үүнд:

 Япон Улсын Засгийн газар 1991 оноос тус улсын Хөгжлийн албан ёсны тусламж /ХАЁТ/-нд  Монгол Улсыг хамруулж, хоёр талын харилцааны хүрээнд туслахын зэрэгцээ 1991 оноос Дэлхийн банктай хамтран Монголд хандивлагчдын уулзалтыг Токио хотноо 10 удаа зохион байгуулсан.

  • Япон Улс “Их 7”-гийн дээд хэмжээний 1991, 1992, 1993 оны уулзалтуудын төгсгөлийн баримт бичгүүдэд Монголын ардчиллыг улс төр, эдийн засгийн талаар дэмжих тухай заалтуудыг оруулж байсан.
  • Манай улсыг КОКОМ-ын хязгаарлалтаас чөлөөлөх, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд дэмжсэн.
  • Монгол Улс АСЕМ, АРФ, ПЕКК-ийн гишүүн болох, АПЕК-ийн 4 ажлын хэсэгт ажиглагчаар элсэхэд дэмжлэг үзүүлэв.
  • Монгол Улс  ERIA-д оролцоход, улмаар элсэхэд дэмжлэг үзүүлж байна.

 Монгол Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улс Япон Улсыг Ази дахь гол түншийн нэг гэж үзэж, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн нэг гэж заасан. Түүнээс хойш Монгол Улсын Засгийн газар бүрийн мөрийн хөтөлбөрт энэ заалт баяжин тусгалаа олж ирлээ. Мөн  2011 онд шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Япон Улстай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр заасан.

 Японы тал 1996 онд Монгол, Японы харилцааг Иж бүрэн түншлэлийн хэмжээнд хөгжүүлэх санал дэвшүүлсэн бөгөөд Ерөнхий сайд М.Энхсайхан 1997 онд,  Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 онд Япон Улсад айлчлах үеэр талууд хоёр орны харилцааг Иж бүрэн түншлэлийн зарчмаар хөгжүүлэх тохиролцоонд хүрч, харилцаа хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг нийгмийн бүх салбарт эрчимтэй хөгжиж ирсэн. Энэ зарчим 1999, 2001 оны хоёр талын дээд, өндөр хэмжээний айлчлалуудын үеэр гаргасан Хамтарсан мэдэгдлүүдэд тусгалаа олсон.

 2006 оны 3 дугаар сард Ерөнхий сайд М.Энхболд Япон Улсад айлчилж, Иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх асуудлыг тохиролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 оны 2 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийж, “Монгол, Японы үйл ажиллагааны 10 жилийн (2007-2017 он) Үндсэн хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Ерөнхий сайд С.Баяр 2009 онд Японд айлчилж, иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, харилцааг цаашид стратегийн харилцаанд шилжүүлэх эхлэлийг тавих, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодотгох асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 11 дүгээр сард Япон Улсад төрийн айлчлал хийж Монгол Улс, Япон Улсын хооронд Стратегийн түншлэл хөгжүүлэх тухай  Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан.

 Хамтарсан мэдэгдэл үндсэн 4  хэсгээс бүрдсэн. Үүнд:
а.  Дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх,
б.  Эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх,
в.  Хүн солилцоо, соёлын харилцааг идэвхжүүлэх,
г.   Бүс нутаг, глобал асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх

Монгол, Японы Стратегийн түншлэлийн  Дунд хугацааны хөтөлбөрийг 2013-2017, 2017-2021 онуудад тус тус баталж амжилттай хэрэгжүүлж дуусаад буй.