Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа

2000 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Япон Улсын Засгийн газраас Монгол Улстай батлан хамгаалах салбарт албан ёсны харилцаа тогтоохоор шийдвэрлэн, тус улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташег Монгол Улсад хавсран суулгахаар болж, Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны 31 дүгээр тэмдэглэлээр Япон Улстай батлан хамгаалах салбарт атташегийн түвшинд харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн. 2017 онд Япон Улсаас Монгол Улсад, 2019 онд Монгол Улсаас Япон Улсад тус тус Батлан хамгаалахын атташег харилцан суулгав.

 

2012 оны 1 дүгээр сард Японы Батлан хамгаалахын сайд Ичикава Ясуо Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр хоёр орны “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т Батлан хамгаалахын сайд Л.Болд гарын үсэг зурсан.


Монгол Улс, Япон Улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд нилээд идэвхжих хандлагатай байна. Энэ нь хоёр улсаас бүс нутагт явуулж буй дипломат бодлого, үйл ажиллагаатай нягт уялдаатай.


Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2019 оны 12 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд Япон Улсад 5 жил хагасын дараа албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд Япон Улсын Батлан хамгаалахын сайд Т.Коно хүндэтгэлийн зоог барив. Мөн айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Гадаад хэргийн сайд Т.Мотэги, Парламент дахь Төлөөлөгчдийн танхимийн Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши нартай тус тус уулзав.

 Айлчлал солилцоо:

 

Японоос:

2006 оны 9-р сар, Батлан ​​хамгаалах товчооны нарийн бичгийн дарга Ф.Нүкага

2012 оны 1-р сар, Батлан ​​хамгаалахын сайд Ясүо Ичикава

Монголоос:

1995 оны 2-р сард Батлан ​​хамгаалахын сайд Ш.Жадамбаа

1997 оны 9-р сард Батлан ​​хамгаалахын сайд Д.Дорлигжав

2003 оны 10-р сард Батлан ​​хамгаалахын сайд Ж.Гүррагчаа

2010 оны 11-р сард Батлан ​​хамгаалахын сайд Л.Болд

2014 оны 4-р сар, Батлан ​​хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ

2019 оны 12-р сар Батлан ​​хамгаалахын сайд Н.Энхболд

Батлан хамгаалахын сайд нарын албан ёсны хэлэлцээгээр талууд хоёр улсын батлан хамгаалах харилцаа шинэ агуулгаар баяжин өргөжиж, хоёр талдаа харилцан цэргийн атташе суулгаад буйг сайшаан тэмдэглэв. Түүнчлэн цаашид цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, цэргийн инженер, түүний дотор цэргийн эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монголд техник, тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тогтов. Японы тал өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсын Зэвсэгт хүчин ЭСА-ны газар оронд өндөр түвшний ус зайлуулах байгууламж бүхий автозамыг барих чадвартай болсныг өндрөөр үнэлэв. Монголын тал “Гадаад харилцаа, Батлан хамгаалахын сайд нарын зөвлөлдөх уулзалт”-ын механизмыг цаашид хоёр талын харилцаанд нэвтрүүлж тогтмолжуулах нь ач холбогдолтой гэж үзэж буй гэсний хариуд японы тал уг асуудлаар ажил хэргийн түвшинд үргэлжлүүлэн санал солилцож ажиллахаа илэрхийлэв.


Албан ёсны айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Япон Улсын Үндэсний Батлан хамгаалах их сургуульд зочлон, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, уг сургуульд суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 офицер, сонсогч нартай уулзав. Түүнчлэн Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Эрүүл мэндийн сургууль,  Өөрийгөө хамгаалах хүчний Төв эмнэлэгт тус тус зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.


   

 

Зүүн хойд Азийн бүс нутгийн нөлөө бүхий, аж үйлдвэр өндөр хөгжсөн, хүчирхэг зэвсэгт хүчинтэй орон болох Япон Улстай батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цэргийн эмнэлэг, цэргийн инженерийн чиглэлд харилцан туршлага судлах, энхийг сахиулах, тусгай хүчин, цэргийн алба хаагчдыг сургах зэрэг чиглэлээр идэвхжүүлэн хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой.

 

Хоёр улсын Засгийн газар гадаад бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын зөвлөлдөх уулзалтууд үргэлжлэн тогтмол зохион байгуулагдаж байна.


- Монгол Улс, Япон Улсын ГХЯ хоорондын Стратегийн II зөвлөлдөх уулзалт 2017 оны 2 дугаар сард Улаанбаатар хотноо, III уулзалт 2018 оны 4 дүгээр сард Токио хотноо тус тус болов.

- Монгол Улс, Япон Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын IV зөвлөлдөх уулзалт 2017 онд Улаанбаатар хотноо, 8 дугаар V зөвлөлдөх уулзалт 2019 оны 4 сард Токио хотноо болов.

- Монгол Улс, Япон Улсын Батлан хамгаалах яамд хоорондын V зөвлөлдөх уулзалт 2019 оны 4 дүгээр сард Токио хотноо  болов.

 

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх сургалтын чиглэлээр дараах ажлууд зохион байгуулагдав. Үүнд:


Монгол Улсаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилтад  Японы Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчнээс 2017 оны 7-8 дугаар сар,  2018 оны 6 дугаар сард тус тус оролцож, 2019 оны 6 дугаар сард хамгийн өргөн буюу  60 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов.
Монгол Улсын Засгийн газар Япон Улсын идэвхтэй, энх тайванч гадаад бодлогыг дэмжих чиглэлээр дараах ажлыг зохион байгуулав. Үүнд:


- Олон улсын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт:

“Хааны эрэлд-2017” олон улсын хамтарсан цэргийн хээрийн сургуулилтад оролцов. /2017 оны 7,8 дугаар сарууд/
“Хааны эрэлд – 2018” олон улсын хамтарсан цэргийн хээрийн сургуулилтад оролцов /2018 оны 6 дугаар сар/
 “Хааны эрэлд-2019” олон улсын хамтарсан хээрийн сургуулилтад Япон Улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчнийхэнээс өнөөг хүртэлх хамгийн өргөн буюу 60 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов. /2019 оны 6 дугаар сар/

 Япон Улсын Батлан хамгаалах яамны зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтууд зохион байгуулагдсаар ирсэн. Үүнд:


- Энхийг сахиулах ажиллагааны хүрээнд 2017 оны 8-9 дүгээр сар, 2018 оны 7-8 дугаар сар, 2019 оны 4,5 дугаар сарууд, 2019 оны 8,9 дүгээр саруудад Монголын цэргийн инженерийн нэгжийн зам, барилгын салбар дахь хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх сургалт хэрэгжүүлэв.

- Монгол Улсын цэргийн эмч нарыг онцгой байдлын үеэрх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх сургалтад 2018 оны 2 дугаар сар, 2019 оны 3 дугаар сард хамруулав.

 

Япон Улсын Үндэсний Батлан хамгаалах академи, Батлан хамгаалах судалгааны хүрээлэн, Хуурай замын ӨХХ-ний команд штабын сургалтад 2018 онд 4 сонсогч суралцахаар ирсэн бол 2019 оны хичээлийн жилд 2 сонсогч, 3 офицер суралцахаар ирэв. Одоогоор тус сургуулийг монголын батлан хамгаалах салбарын нийт 57 оюутан суралцаж төгсөөд байна.