Боловсрол, соёл, спорт

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР

http://tokyo.embassy.mn/images/mjflags2020.png

Японд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, хоёр улсын мэргэжлийн байгууллага хооронд шууд хамтын ажиллагаа тогтооход дэмжлэг үзүүлэх, Монголд эрэлт хэрэгцээтэй чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд анхаарав. 

 

Япон Улсад 2022 оны 3 дугаар сарын байдлаар 3,320 орчим монгол оюутан суралцаж буйгаас Япон Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны тэтгэлэгт хөтөлбөрт 150 гаруй оюутан хамрагдаж байна. Эдгээрээс 250 гаруй оюутан докторантурт суралцаж байна.

 

Аж үйлдвэрийн салбарын инженер, технологийн өндөр мэдлэг, практик дадлага туршлагатай хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн “Инженер, технологийн дээд боловсрол төсөл” амжилттай хэрэгжиж, Монгол дахь “Косэн” загварын сургууль бүс нутагт тэргүүлж байна.

 

“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” /JDS/-т өнөөг хүртэл манай төр, хувийн хэвшлээс 350 хүн  хамрагдаад буйгаас 2021 оны 5 дугаар сарын байдлаар магистрантурт 38, докторантурт 4 хүн суралцаж байна.   

 

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Японы “Дайичи когёо” технологийн их сургууль хооронд шууд хамтын ажиллагаа тогтооход дэмжлэг үзүүлж,  улмаар талууд 9 дүгээр сард хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав.

 

Тус ЭСЯ болон “APU” их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд бакалаврын чиглэлээр Монголоос 1 оюутан суралцуулж байна.

 

Олон улсын эрүүл мэнд, халамжийн их сургуулиас Япон Улсад хими, биологийн чиглэлээр суралцаж буй манай улсын оюутнууд тус их сургуульд шилжин суралцах боломж нөхцөл байгаа талаарх мэдээллийг Япон дахь Монгол оюутны холбоонд хүргүүлэв.

 

Япон дахь “Монголын докторантуудын холбоо”-той хамтран тус холбооны “Япон дахь Докторант, Судлаачдын Эрдэм шинжилгээний Нэгдсэн IV форум”-ыг “Эх орны хөгжилд шинжлэх ухаан” сэдвээр 11 дүгээр сард цахимаар зохион байгуулав. Тус форумд Японы Тохокүгийн Анаагаах ухааны их сургуулийн профессор Т.Мүрата, Жичигийн Анагаахын их сургуулийн профессор Ю.Ханазоно, Цүкүбагийн их сургуулийн Байгаль орчны судалгааны танхимын профессор М.Цүжимүра болон Монгол Улсын Технологийн их сургуулийн профессор П.Цэрэнчимэд, АШУИС-ийн профессор Д.Болдбаатар нар оролцож, илтгэл тавив. Форумд 60 гаруй доктор, судлаач болон магистрын оюутнууд хамрагдав. 

СОЁЛ, УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР

Монгол Улсын Морин хуурын чуулгыг бүрэн бүрэлдэхүүнээр нь дэлхийд алдартай “NHK Hall”-д Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтаж 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тоглуулахаар тогтоод байв. Гэвч “COVID-19”-ийн улмаас товыг хойшлуулж, тоглолтыг  Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулахаар “Эн-Эйч-Кэй” агентлагтай тогтоод байна.  

 

Монгол Улсын Засгийн газраас “Чингис Хаан” хаад, язгууртнуудын музей байгуулах шийдвэр гаргасантай холбогдуулан Японд хадгалагдаж буй Монголын түүхэн баримт, соёлын өвийн зарим эд зүйлсийг зайлшгүй хуулбарлан авахыг бидэнд чиглэл болгосны дагуу тус ЭСЯ-наас Японы Монголч эрдэмтэдтэй санал солилцож, дараах соёлын эд зүйлсийг авахаар хөөцөлдөн ажиллаж улмаар “А” сору буюу реплик хийлгэх “зөвшөөрөл”-ийг тухай бүр авав. Үүнд:

 

  • Япон Улсын Нара муж дахь “Тодайжи” хийдэд хадгалагдаж буй Хубилай Хааны  захидал,
  • Япон Улсын Эзэн Хааны ордонд хадгалагдаж буй Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн гар зургуудын Монголын тухай хэсэг,
  • “Рюүкокү” их сургуульд хадгалагдаж буй Xlll дугаар зууны үеийн “Дэлхийн газрын зураг
  • Нагасаки мужийн Мацүүра хотын Такашима тосгон дахь Архивын байгууламж /Ширёокан/-д хадгалагдаж буй Юань гүрний үеийн цэргийн жанжины тамга,
  • Нагасаки мужийн Мацүүра хотын Такашима тосгон дахь Архивын байгууламж /Ширёокан/-д хадгалагдаж буй Юань гүрний усан онгоцны модель-загвар

 

Тус ЭСЯ-наас доорх эд зүйлсийн хуулбарыг төвд хүргүүлээд байна.

 

Япон Улсын Нара мужийн Тодайжи хийдэд хадгалагдаж буй “Хубилай Хааны захидал”, Япон Улсын Эзэн Хааны ордонд хадгалагдаж буй эртний хуйлмал гар зургуудын хуулбар, Япон Улсын Нара мужийн “Тэнри” их сургуулийн номын санд хадгалагдаж буй Чингис Хааны “Гэрэгэ”-гийн  “А” хуулбарыг тус тус хийлгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гардуулав. Япон Улсын Эзэн Хааны ордонд хадгалагдаж буй эртний хуйлмал гар зургуудын хуулбар, Япон Улсын Нара мужийн “Тэнри” их сургуулийн номын санд хадгалагдаж буй Чингис Хааны “Гэрэгэ”-гийн “А” хуулбарыг хийлгэх ажлыг Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчи-д даалгаж, санхүүжилтийг гаргуулав. 

 

Рюүкокү их сургуулиас “Хlll дугаар зууны үеийн дэлхийн газрын зураг/138,7м х 160,5м/-ийн А3 хэмжээт архивт хадгалах зориулалт бүхий хуулбар, дижитал (300 dpi 1500 x 1400 pixel) хувилбарыг зөвшөөрлийн бичиг, төлбөрийн баримтыг тус тус орчуулгын хамтаар 2021 оны 3 дугаар сарын дипломат шуудангаар хүргүүлэв.

 

Япон Улсын Нагасаки мужийн Мацүүра хотын Такашима тосгон дахь Архивын байгууламж /Ширёокан/-д хадгалагдаж буй Юань гүрний усан онгоцны модель-загвар болон Юань гүрний үеийн цэргийн жанжины тамганы хуулбарыг “Gobi Support Japan” компаниар хийлгэж буй.

 

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР

 

Хоёр орны спорт, нийтийн биеийн тамирын хамтын ажиллагааг дэмжих, зуны спортын төрлүүдээр цогц хамтын ажиллагааг бий болгох, “Токио 2020” Олимпын наадамд оролцох тамирчдын бэлтгэлийг хангаж, наадмын үеэр МҮОХ, МҮПХ-той хамтран ажиллав.  Япон Улсын Засгийн газраас “Токио 2020” Олимпын наадмын хүрээнд хэрэгжүүлж буй  “Хост таун” буюу “Хүлээн авагч хот” хөтөлбөрийн хүрээнд биеийн тамир, спортын солилцоог хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Хүүхэд залуусыг өв тэгш бие бялдартай болгон хөгжүүлэх, зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нь чухал байгаа энэ цаг үед Япон Улстай бүх нийтийн спорт болон мэргэжлийн спортын хамтын ажиллагааг боломжит бүх хэлбэрээр хөгжүүлэх ажлыг чухалчилав.

 

Токиогийн Олимпын наадам цар тахлын нөхцөл байдалд, Онц байдлын дэглэмийн үед 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 8 дугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, чингэхдээ “COVID-19”-ийн тархалтаас шалтгаалан шинэлэг хэлбэрээр “үзэгчгүйгээр” зохион байгуулагдав.

 

Энэ удаагийн Олимп, паралимпын наадам нь “Ковид-19” цар тахлын үед зохион байгуулагдсанаараа ихээхэн онцлогтой байсан бөгөөд Японы Олимпыг зохион байгуулах хорооны нийт 5 удаагийн “Briefing”-д тус ЭСЯ-наас оролцон, тамирчид, төлөөлөгчдийн халдвар хамгааллын дэг журамтай холбоотой мэдээллийг төвд тухай бүр хүргүүлж ажиллав.

 

Монгол Улсаас спортын 10 төрлөөр нийт 43 тамирчин, 24 дасгалжуулагч багш нар болон албаны бусад төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов. “Токио 2020” Олимпын наадамд оролцсон манай баг тамирчдын 25 нь эмэгтэй, 18 нь эрэгтэй тамирчин байсан бөгөөд манай түүхэнд анх удаа эмэгтэй тамирчин дийлэнх нь байв. Харин паралимпын наадамд манай улсаас спортын 7 төрөлд 11 тамирчин, 10 багш дасгалжуулагч, 2 эмч, бусад албаны хүмүүс тус тус хүрэлцэн ирж оролцов.

 

“Токио 2020” Олимп, паралимпын наадмын үеэр Элчин сайд Д.Батжаргалаас тамирчид, дасгалжуулагчиддаа баяр хүргэж, тэмцээн уралдаандаа өндөр амжилт гаргахыг хүсч илгээлт хүргүүлснийг ЭСЯ-ны Соёл, боловсрол, спорт хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга О.Цэрэнжаргал МҮПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүүд гардуулан өгөв.  

 

“Токио 2020” Олимп, Паралимпын наадамд Монгол Улсын баг тамирчид өндөр ур чадвартай оролцон, Олимпын наадамд 1 мөнгөн медаль, 3 хүрэл медаль авч Монгол Улс медалийнхаа тоогоор 71 дүгээр байранд, Паралимпын наадамд 1 алтан медаль авч 59 дүгээр байранд тус тус жагсав. Үүнд,  Пара-пауэрлифтингийн төрөлд эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ паралимпын хүндийн өргөлтийн дэлхийн рекордыг эвдэн “Алтан медаль” хүртэв.

 

Манай баг тамирчид соёлтой, дэг журамтай, халдвар хамгааллын журмыг чанд сахин оролцож, ЭСЯ-наас баг тамирчдаа байнга дэмжиж, урам зориг өгч ажиллав.

 

 

оОо