Элчин сайд Б.Баярсайханы мэндчилгээ

2023-04-05


 

 

 

Эрхэм хүндэт Таны амар амгаланг айлтгаж, Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудаст тавтай морилохыг хүсье.

Монгол Улсын ”гуравдагч хөрш”, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцааны түүхэн 50 жилийн тэмдэглэлт ой 2022 онд тохиож, хоёр улсын Засгийн газар 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлан жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд ойн хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, тэмдэглэлт үйл явдлаар баялаг байлаа.

Дипломат харилцааны хагас зуун жилийн энэхүү тэгш ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчлал хийж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргаж, “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулаад байна. Үүнд талууд бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь “хүн” хэмээж, хоёр орны ард түмэн хоорондын солилцоог дэмжин, харилцан ойлголцлоо үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх, бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө хувь нэмэр оруулж ажиллахаар санал нэгдээд байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, “Welcome to Mongolia” цогц арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаа олон улсад сурталчлан таниулах, соёл, эдийн засаг, аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэхэд анхаарч байна.

Япон Улсад  аж төрж буй болон зорчин яваа нийт монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, монгол иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах нь тус ЭСЯ-ны үйл ажиллагааны мөн нэгэн чухал чиглэл юм. Энэ хүрээнд үзүүлэх үйлчилгээгээ улам шуурхай болгох, мэдээ мэдээллийн цар хүрээг өргөжүүлэхэд бид анхаарч байна.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам иргэн Танд нээлттэй, Таны ажил үйлсэд байнга дэмжлэг үзүүлж, Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагааг манай хоёр орны ард түмний эрх ашиг,  бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын тусын тулд улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхийлэн ажиллах болно.

Манай ЭСЯ-ны цахим хуудсаар зочилсонд Танд талархахын ялдамд ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Монгол Улсаас Япон Улсад суух

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд 

Банзрагчын БАЯРСАЙХАН