Нанкай хонгилын мега газар хөдлөлтийн тухай
2025-02-05
“Нанкайн хонгилын мега /асар хүчтэй/ газар хөдлөлт” /Nankai Trough mega earthquake / гэдэг нь ойрын жилүүдэд Япон Улсад хамгийн их аюул гамшиг авчрах магадлалтай “мега газар хөдлөлт”-ийн нэр юм. Газар хөдлөлтийн бүс нь Суруга далайн эргээс Хюга-нада далайн эрэг хүртэлх хавтангийн хилийг дагаж сунан тогтсон асар урт эпицентртэй. /Газар хөдлөлт үүсэж байгаа голомтыг гипоцентр гэдэг бол гипоцентрийн эгц дээр орших газрын гадаргуу дах цэгийг нь эпицентр гэдэг/. Өнөөг хүртэл энэхүү бүсэд мега газар хөдлөлт 100~150 жилийн интервалтай давтагдаж ирсэн түүхтэй.
1995 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй “Газар хөдлөлтийн судалгаа, сурталчилгааны төв” /the Headquarters for Earthquake Research Promotion/ нь өнгөрсөн хугацаанд 20 км-ээс дээш урттай хагарлын бүсүүд, газар хөдлөлт болбол нийгэмд ихээхэн гамшиг авчрах хагарлын бүсүүдийг түүвэрлэн авч судалгаа хийж ирсэн. Үүндээ үндэслэн ойрын 30 жилийн дотор газар хөдлөлт болох магадлалыг тооцоолж, Япон Улсын Засгийн газрын газар хөдлөлтийн судалгааны хороонд гаргаж өгдөг ажээ. Япон Улсын Засгийн газрын газар хөдлөлтийн судалгааны хороо уг мэдээнд тулгуурлан газар хөдлөлт болох магадлалыг зарладаг.
https://www.jishin.go.jp/main/index-e.html
2025 оны 1 дүгээр сарын 1-нд зарласнаас авчүзвэл ойрын 30 жилд Нанкай хонгилд 8-9 магнитуд хүчтэй газар хөдлөлт болох магадлалыг 2024 онд "74%-аас 81%" гэж тооцоолж 70% гэж зарласан бол энэ удаа "75%-аас 82%" гэж тооцоолж 80% болгожээ. Уг магадлал нь тооцооллоор 2013 онд "60%-аас 70%", 2014 онд "ойролцоогоор 70%", 2018 онд "70%-аас 80%" байжээ.
Газар хөдлөлт яг хэзээ болохыг урьдчилан олж мэдэх боломж хязгаарлагдмал хэвээр байгаа тул энэхүү магадлал нь “Хавтангийн доор хүчтэй газар хөдлөлт үүсгэх хэмжээний ачаалал нэгэнт хуримтлагдсан тул хэзээ ч газар хөдлөх магадлалтай”, “Хүчтэй газар хөдлөлт болбол Япон Улсад асар их хэмжээний гамшиг авчирна” гэдгийг л баттай хэлж байгаа юм. Шинжлэх ухааны таамаглалаар хамгийн томд орох Нанкай хонгилын газар хөдлөлт (Nankai Trough megaearthquake) хэрвээ тохиолдвол Шизүока мужаас Мияазаки мужийг хамарч, 7 балл хүртэлх хүчтэй чичиргээ үүсгэж, 10 м-ээс дээших “том цунами” үүсгэн, Канто бүсээс Кюүшюү бүс хүртэлх Номхон далайн эргийн өргөн уудам нутгийг дайрах юм.
“Нанкайн хонгилын газар хөдлөлт”-ийн учир шалтгаан
Нанкай хонгил гэдэг нь Филиппиний тэнгисийн хавтан Евро-Азийн хавтан хоёр мөргөлдөж буй Японы арлын Номхон далайн гүнд орших хонгил буюу жалга юм. Нанкайн хонгилын дагуу (1) далайн гүний хавтан (Филиппиний тэнгисийн хавтан) нь эх газрын хавтан (Евразийн хавтан)-гийн доогуур жилдээ хэдэн см-ийн хурдаар гулсан орж байдаг. (2) Энэ үед далайн хавтангийн хил нь бат бөхийн улмаас эх газрын хавтан түүнтэй мөргөлдөхдөө доогуур нь хумигдан гулсан орж, эх газрын хавтанд нумарсан энерги ихээр хуримтлагддаг. (3) Эх газрын хавтан цаашид гулсалтыг тэсвэрлэхээ больж, хязгаартаа хүрээд нумарсан хэсэг нь дээш харваж асар их хүчтэй мега газар хөдлөлт болдог нь “Нанкайн хонгилын газар хөдлөлт” юм. (1) →, (2) → (3) нөхцөлүүд тогтмол хугацаанд давтагддаг тул энэхүү газар хөдлөлт өнөөг хүртэл олон удаа болж иржээ.
Японы эргийн харуулын ажиглах төхөөрөмжийн мэдээллээс авч үзвэл хавтан жилд 6 см орчим гулгаж байна. 6 см нь 100 жилд 6 м, 1000 жилд 60 м болно. “Хавтангийн хил хязгаар” болох Нанкайн хонгилд энгийн үед газар хөдлөлт бараг болдоггүй, харин ачаалал ихээр хуримтлагдсаны дараа л гэнэт “асар том газар хөдлөлт”-ийг үүсгэдэг.
Кочи мужийн боомт хавийн далайн гүнд хийсэн хавтанд үүссэн деформацийн мэдээллээс дүн шинжилгээ хийхэд 30 жилийн өмнө Кобэ хот орчимд болсон “Ханшин-Аважи газар хөдлөлт”-ийн үетэй адил буюу түүнээс том газар хөдлөлт болох магадлал бүхий 32 хагарлын бүс Японд байгаа бөгөөд эдгээр цэгүүдэд орон байрыг газар хөдлөлтөд тэсвэртэй болгох, тавилгыг бэхлэх зэрэг арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзсэн байна.
“Нанкайн хонгилын мега газар хөдлөлт” болох прогноз зургаас харвал эпицентрийн ойролцоо орших Кочи, Шизүока мужид 7 баллын хүчтэй газар хөдлөлт болно. Энэ нь зурган дээрх улаан өнгөөр будсан хэсэг юм.
Шикокү, Токай мужийн өргөн уудам нутагт 6 балл орчмын чичиргээ үүсэх төлөвтэй. Мөн Кантогаас Кюсю хүртэлх өргөн уудам нутаг, Токио хотод 5 ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болно.
Газар хөдлөлтийн түүх:
Нанкай хонгилын газар хөдлөлтийн түүхийг судалж, магадлалын тооцоолол хийхэд ашигладаг. Өнөөгийн шинжлэх ухаанаар газрын гадаргын хөндлөн огтлолоос хуучин давхаргын дээжээс хэзээ, ямар газар хөдлөлт болсныг нарийн мэдэх боломжтой. Онолын хувьд 80 сая жилийн өмнө болсон газар хөдлөлтийг ч мэдэх боломжтой.
- “Хакүхо газар хөдлөлт” 684 онд болсон бөгөөд 8 дугаар зуунд бичигдсэн “Нихон Шоки” хэмээх түүхийн номонд бичигдэж үлджээ. Хакухо газар хөдлөлт нь Нанкайд тэмдэглэгдсэн хамгийн эртний газар хөдлөлт юм.
- 887 оны 8 дугаар сарын 26-нд “Нинна газар хөдлөлт” /Ninna Nankai earthquake/, 1096 оны 12 дугаар сарын 17-нд болон 1360 оны 11 дүгээр сарын 22-нд 7.0 баллаас дээших газар хөдлөлт болсныг судлан тогтоосон.
- 1361 оны 8 дугаар сарын 3-нд “Шохэй газар хөдлөлт” болжээ. Магнитудын хэмжээ нь 8.4 Ms (Рихтерийн магнитуд 8.2-8.5) байсан гэх тооцоо гарсан бөгөөд цунами үүссэн ул мөр үлдсэн.
- 1498 оны 9 дүгээр сарын 20-ны 08:00 цаг орчимд магнитудын 8.6 баллын “Мэйо газар хөдлөлт” болж, Японы Нанкайдо бүс нутгийн эрэг орчмыг асар том цүнами дайрсан. Энэ үеэр 5000-41 000 хүн амь үрэгдсэн гэсэн тооцоо бий. Цүнами Камакура дахь Буддын хөшөөг дайрсан боловч хөшөө бүрэн бүтэн үлдсэн байна.
- 1707 оны 10 дугаар сарын 28-ны 13:45 цаг орчимд болсон “Хоэй газар хөдлөлт” болсон. Энэ нь Японы түүхэнд хамгийн том газар хөдлөлт болж байгаа бөгөөд 2011 оны Тохокү газар хөдлөлтөөс хүчтэй байжээ. Газар хөдлөлт баруун өмнөд Хоншюү арал, Шикокү болон зүүн өмнөд Кюүшюү арлын хамарч дунд зэргийн болон ноцтой хохирол учруулсан. Цүнамид 5000 гаруй хүн амь үрэгдсэн. Энэ үйл явдал Нанкайн мега газар хөдлөлтийн бүсийн бүх хэсгийг нэгэн зэрэг хамарч 8.6-8.7 магнитудын хүчтэй байжээ. 49 хоногийн дараа Фүжи уулын сүүлчийн хүчтэй дэлбэрэлт болсон.
- 1854 оны 12 дугаар сарын 23-ны 09:00 цагийн орчимд болсон “Токай газар хөдлөлт” нь Ансейн тооллын (1854-1855) үед болсон 3 газар хөдлөлтийн анхных нь байв. Энэ нь 8.4 магнитудын хүчтэй байсан бөгөөд цүнами үүсэж, 10,000 гаруй барилга барилга нурж, 2,000 хүн амь үрэгджээ.
- 1854 оны 12 дугаар сарын 24-ний 16:00 цагийн орчимд болсон “Нанкай газар хөдлөлт” нь 8.4 магнитудын хүчтэй байсан бөгөөд цүнами үүсэж, 30 000 гаруй барилга нурж, 3000 хүн амь үрэгджээ. Энэ нь Ансейн тооллын цуврал газар хөдлөлтийн 2 дахь нь байв. Жил хүрэхгүй хугацааны дараа 3 дахь газар хөдлөлт болох 1855 оны “Эдогийн газар хөдлөлт”болсон юм.
- 1944 оны 12 дугаар сарын 7-ны 13:35 цагт “Тонанкай газар хөдлөлт” болсон. Чичирхийллийн хүч 8.1 магнитуд байжээ. Газар хөдлөлтөөс болж Кии хойгийн зүүн хэсэг, ялангуяа Шингү, Цү хотуудад ихээхэн хохирол учирсан байна. Нийт 26,146 байшин нурж, 2,135 нь ихээр гэмтсэн байна. 11 байшин шатаж, цунамид 3059 байшин нурсан байна. Газар хөдлөлт, цунами зэрэг нийлээд 47,000 байшин ноцтой эвдэрчээ. Нийт 1,223 хүн амь үрэгджээ.
Газар хөдлөлтийн түүхийг харуулсан зурагт Нанкай хонгилын газар хөдлөлтийн бүсийг A,B,C,D, E гэсэн блокуудад хувааж, хэдэн оны газар хөдлөлт аль блокыг хамарч байсныг харуулсан байна. Энэ түүхээс газар хөдлөлтийн интервалыг харвал 203, 209, 264, 137, 209, 147, 90 жил тус тус байжээ. Хамгийн сүүлийн асар их хохирол авчирсан 1944 оны 12 дугаар сарын 7-ны “Шёова Тонанкай газар хөдлөлт”-ийн 80 жилийн ой 2024 онд тохиосон. Мэргэжилтнүүд хавтангуудын хөдөлгөөн, өмнөх газар хөдлөлтийн түүхээс тооцоолж, ойрын 30 жилд “Нанкай хонгилын мега газар хөдлөлт” болох магадлал тун өндөр гэж үзэж байгаа юм.
Учрах хохирлын хэмжээ.
Японы засгийн газраас Нанкайн хонгилын хүчтэй газар хөдлөлт 169.5 их наяд иений шууд хохирол учруулж, дараа жилдээ 50.8 их наяд иенийн эдийн засгийн хохирол учруулна гэж тооцоолжээ. “Японы дэд бүтцийн инженерүүдийн нийгэмлэг”-ээс 2018 онд хийсэн судалгаанаас авч үзвэл газар хөдлөлтөөс үүдэлтэй урт хугацааны хохирол 20 жилд 1 240 их наяд иенийн эдийн засгийн хохирол учруулах тооцоо гарсан.
Засгийн газар хамгийн муугаар бодоход нас барагсдын тоо 323,000 болж, эдийн засгийн хохирол 220.3 триллион иен болно гэж тооцоолжээ. 2019 онд болсон газар хөдлөлтөд харьцангуй тэсвэртэй байсныг харгалзан энэ тоог “231 000 хүн нас барна, 213.7 их наяд иенийн эдийн засгийн хохирол учирна” гэж өөрчилсөн.
Амь үрэгдэгсдийн тоог авч үзвэл Зүүн Японд болсон их газар хөдлөлтөөр 15000 гаруй хүн амиа алдаж, 2500 орчим хүн алга болсон бол Нанкай хонгилын газар хөдлөлтийн үеэр хамгийн муугаар бодоход 323 000 хүн амиа алдаж, 623 000 хүн бэртэж шархдах тооцоо гарч байна.
Ийм их хохирол учрах гол хүчин зүйл нь “Цүнами” болж байна. Далайн эргийн бүсүүдэд 34 метр хүртэлх өндөр цүнами болно. Газар хөдлөлтөөс хойш 3-хан минутын дараа цүнамигийн өндөр 3 метрт хүрэх тооцоо гарч байна. Зүүн Японы их газар хөдлөлтийн төв нь эх газраас 100 км орчим зайтай байсан тул газар хөдлөлтөөс хойш 30 минутын дараа Тохокүгийн эрэгт хүрч байв. Гэтэл “Нанкай хонгилын газар хөдлөлтийн эпицентр төв нь бараг эх газрын доогуур байршиж байгаа тул цүнами ийм хурдан дайран ирж, дүрвэж зугтаах боломж бага байх юм. Япон Улсын нутаг дэвсгэрийн 32%-д газар хөдлөлтийн хүч 6 балл давж, цүнами 30 см ба түүнээс дээш байна.
Нанкай хонгилын газар хөдлөлт ба Зүүн Японы газар хөдлөлт /харьцуулалт/
|
||
|
Зүүн Японы газар хөдлөлт |
Нанкай хонгилын газар хөдлөлт /Хамгийн муугаар тооцоолоход/ |
Магнитуд |
М 9.0 |
М 9.1 |
Балл |
7 |
7 |
Хамарсан хүрээ |
Зүүн хойд нутгийн номхон далайн эрэг хавь |
Токай, Кинки, Чюүгокү, Шикокү, Кюүшюү |
Нас барагсдын тоо |
15,899 |
323,000 |
Хохирлын мөнгөн дүн |
20 их наяд иен |
220.3 их наяд иен |
Ус, цахилгаан, шатахуун зэрэг бүх дэд бүтэц хаагдаж, газар хөдлөлтийн дараахан нэг хэсэгтээ гар утас ажиллахгүй болно. Ингэснээр хүн амын бараг тал хувь буюу 68 сая хүнд гамшиг нөлөөлнө.
Газар хөдлөлтийн үеэрх хохирлын тооцоо |
|||
Цахилгаан тасрах |
27.1 сая айл |
Онгоцны буудал |
Чюүбү олон улсын онгоцны буудал, Кансай ОУОБ зэрэг 5 онгоцны буудал усанд автана. |
Холбоо тасрах |
Гар утас ихэнх нутагт Суурин утас 9.3 сая өрхөд |
Төмөр зам |
Токайдо болон Санёо шинкансэн-ий бүх шугам, Гамшиг болсон бүсүүдийн орон нутгийн төмөр зам зогсоно. |
Ус тасрах |
34.4 сая хүн усгүй болно. |
Авто зам |
Хурдны замууд эвдэрч хаагдана. /Томэй, Шинтомэй зэрэг/ |
Кансай олон улсын нисэх онгоцны буудал зэрэг томоохон нисэх онгоцны буудлууд усанд автаж, төмөр зам болон авто зам эвдэрч хаагдан, логистик сүлжээ зогсоно. Үүнээс бусад эдийн засгийн үр дагавар ч асар их байна. Эдийн засгийн алдагдал нь 220 их наяд иенд хүрч, Японы жилийн төсвөөс хоёр дахин давж гарна. Энэ нь 2011 оны 3 дугаар сард болсон Зүүн Японы их газар хөдлөлтийн учруулсан хохирлоос 10 дахин их юм. Нанкай хонгилын газар хөдлөлтийн бүс нь Японы аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70%-ийг үйлдвэрлэдэг “Номхон далайн бүс”-тэй давхаж байгаа тул гамшгийн үеэр үйлдвэр эвдрэх аль эсвэл хүчин чадал нь буурснаар зарим нэр төрлийн барааны нийлүүлэлт зогсож, эдийн засгийн хохирол их байх болно. Барилга, барилга байгууламжид асар их хохирол учирч сэргээн засварлахад асар их хэмжээний зардал шаардагдана.
Гамшигт хүндээр нэрвэгдсэн бүс нутгуудад (Токай, Шикокү гэх мэт) цахилгаан тасарч, тэн хагас нь эрчим хүчгүй болно. Усан хангамжийн хувьд Шикокугийн 50%~80%, Токайн 50~60% нь тасарсан хэвээр байна.
Нанкай хонгилд хамгийн их нь 9.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох эрсдэлтэй тул ийм хүчтэй газар хөдлөлтөөс болж, хэдэн зуун хавтгай дөрвөлжин км талбайн далайн ёроолд өөрчлөлт гарна. 2011 онд Зүүн Японд болсон их газар хөдлөлтийн дараа энд тэнд газар хөдлөлт өдөөгдөж гарсан. Нанкайн хонгилын газар хөдлөлтийн тухайд ч газар хөдлөлт болохоос өмнө болон дараа нь олон тооны газар хөдлөлт өдөөгдөнө гэж үзэж байна. 1944 онд болсон Тонанкай газар хөдлөлтөөс 37 хоногийн дараа Айчи мужид “Микава газар хөдлөлт” болж, 2000 гаруй хүн амиа алдаж байв.
Зүүн Японы их газар хөдлөлтөөс үүдэн Тохоку болон зүүн Японы хэд хэдэн галт уул идэвхжсэн. Фужи уул ч тэдний нэг нь юм. Фужи уул 1707 онд болсон “Хоэй газар хөдлөлт”-өөс 49 хоногийн дараа дэлбэрч байсан. Нанкай хонгилын мега газар хөдлөлт болоход Фүжи уул дахин дэлбэрч галт уулын лав болон үнсээр Японы арлын төв хэсгийг дарах аюул бодитоор оршиж байна.
“Нанкайн хонгилын газар хөдлөлт”-ийн үеэр Токио хотод учрах гамшиг:
Токиод нас барагсдын тоо: 953, эвдэрсэн барилга: 1,258 байна гэсэн тооцоо бий. Токио орчимд цунамигийн хохирол гамшгийн гол бүсээс харьцангуй бага боловч нэлээд нөлөөлнө. Чүо, Минато, Кото, Шинагава, Ота дүүргүүдэд 3 м хүртэлх, Эдогава дүүрэгт 2 м хүртэлх цунами орж ирэх магадлалтай. Эдогава дүүрэгт 2.24 м, Кото дүүрэгт 2.63 м, Чуо тойрогт 2.42 м, Минато дүүрэгт 2.37 м, Шинагава дүүрэгт 2.38 м, Ота дүүрэгт 2.25 м, далайн эргийн сэргээн босгосон газарт 1.99 м хүртэлх цүнами ирэх тооцоотой.
Нанкай хонгилын мега газар хөдлөлт болох тохиолдолд Токио хотод харьяалагдах арлууд хэдхэн минутын дотор 20 м хүрсэн цүнамид хүчтэй нэрвэгдэж, Ошима аралд 16 м (ойролцоогоор 23 мин-ын дотор), Тошимад 17 м (19 мин), Ниижимад 27 м (17 мин) гэх зэргээр ихэнх арлууд цүнамигийн дайралтад өртөх юм.
Зүүн Японы Их газар хөдлөлтийн үеэр Токио хотын Шинжүкү дүүрэг дэх өндөр барилгууд удаан давтамжийн хөндлөн чиглэлтэй долгионд автаж 2 м орчим савлаж байжээ. Энэ үүднээс Нанкай хонгилын газар хөдлөлтийн үеэр Токио хотын өндөр барилгын дээд давхрын савалгааг 2-3 м байхаар тооцоолж байна. Осака хотын далай дотор шинээр үүсгэсэн газар дахь өндөр байшинд 6 м хүртэлх савалгаа үүсэх төлөвтэй байна. Ийм савалгаа нь барилгыг цаашид ашиглах боломжгүй болгох, том хэмжээний эвдрэл гэмтэл гарах, дотор нь байгаа иргэдийн аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай.
Зүүн Японд газар хөдлөлт болох үеэр Токио хотноо олон хүн гэртээ харьж чадахгүй болж, эмх замбараагүй байдал үүсэж байв. Үүнээс зайлсхийхийн тулд, барилгын бөх бат байдалд итгэлтэй байгаа бол тэндээ үлдэх шийдвэр гаргах нь зүйтэй. Газар хөдлөлтөөс болж логистик зогсож, хоол хүнс, өдөр тутмын хэрэгцээний хангамжид хүндрэл учирна. Засгийн газрын гаргасан тооцоогоор супермаркет, комбини дэлгүүрийн бараа нэг өдөрт дуусах болно. Гамшигт нэрвэгдсэн бүсэд 3 өдрийн дараа бензин тасарна. Түүнчлэн өвлийн улиралд агаар хуурай үед гамшиг болсон тохиолдолд энд тэндгүй түймэр гарч, гал унтраах ажил доголдож, гал хурдан тархах аюултай. Зам харилцаа тасрах тул Өөрийгөө хамгаалах хүчин зэргийн аврах үйл ажиллагаа эхлэх нь 1 хоногийн дараа гэх зэргээр цаг хугацаа орно.
Гэр орон нь эвдэрч гэмтэсний улмаас нүүлгэн шилжүүлэх хүн олон байх болно. Эхлээд хүмүүс гэртээ үлдэж хоцорсон ч хэд хоногийн дараачаас хоргодох байранд очиж, хоол хүнстэй залгахыг хүсдэг. “Газар хөдлөлтөөс хойш долоо хоногийн дотор 5 сая орчим хүн нүүлгэн шилжүүлэх төвүүдэд өөрсдөө очиж, нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн нийт тоо 9.5 саяд хүрнэ" гэж Засгийн газар таамаглаж байна. Энэ нөхцөлд хүн бүрд хоргодох байр хүрэлцэхгүй. Түр орон сууцаар хангахыг хичээвэл зөвхөн барилга барих ажилд 8 жил шаардагдахаар байна. 2.05 сая өрхөд орон сууц хэрэгтэй болох ч зөвхөн 1.2 сая орчмыг нь одоо байгаа түрээсийн байр зэргээр хангаж чадна.
Газар хөдлөлтөөс сэргийлэх арга хэмжээ:
2024 оны 8-р сарын 8-нд 16 цаг 43 минут орчимд Нанкай хонгилын газар хөдлөлтийн бүсийн зах болох Хюүганада орчимд төвтэй хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн төв нь 30 км гүнд, газар хөдлөлтийн хүч нь магнитудийн 7.1 балл байжээ. Засгийн газар үүнтэй холбогдуудан Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “Гамшгаас хамгаалах төв”-ийн дэргэд Ерөнхий сайдын шуурхай штаб байгуулсан.
Штабаас уг газар хөдлөлт нь ойрын ирээдүйд болж болзошгүй “Нанкай хонгилын газар хөдлөлт”-тэй холбоотой эсэх талаар дүгнэлт гаргаж, шууд холбоогүй гэж үзсэн. Нанкай хонгилын мега газар хөдлөлт болох магадлал ердийнхөөсөө өндөр гэж үзвэл Японы Метеорологийн Агентлагаас "Нанкай Хонгилын газар хөдлөлтийн түр мэдээлэл"-гэдгийг гаргаж зарлах үүрэг хүлээж байна.
Нанкайн хонгилын дагуу 6.8 буюу түүнээс дээш магнитудын газар хөдлөлт болох шинж тэмдэг ажиглагдвал яаралтай судалгааг эхлүүлж, Японы Метеорологийн Агентлагаас "судалгаа хийгдэж байна" гэсэн мэдээлэл гаргана. Үүний дараа мэргэжилтнүүдээс бүрдсэн үнэлгээний хороо хуралдаж, уг газар хөдлөлт нь “Нанкай хонгилын хүчтэй газар хөдлөлт”-тэй холбоотой эсэх талаарх дүгнэлтийг 2 цагийн дотор зарлах ёстой. Дүгнэлтэд үндэслэн "Мега газар хөдлөлтийн сэрэмжлүүлэг", "Мега газар хөдлөлтийн анхааруулга" гэсэн хэлбэрээр "яаралтай мэдээ"-г гаргана. 8.0 буюу түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход "Мега газар хөдлөлтийн анхааруулга" гаргах бөгөөд газар хөдлөлт болсноос хойш цунами ирэх хүртэл зугтах боломжгүй бүс нутгийн иргэдийг долоо хоногийн хугацаатай нүүн шилжихийг шаарддаг.
Нөгөө нэг мэдээ болох "Тега газар хөдлөлтийн сэрэмжлүүлэг"-ийг магнитудын 7.0-8.0 баллын газар хөдлөлт болох, "удаан гулгалт" өмнө ажиглагдаагүй газарт ажиглагдсан үед гаргадаг. Энэ мэдэгдэл гарвал дүрвэх шаардлагагүй ч нүүлгэн шилжүүлэлт хийх чиглэлээ шалгах, тавилгаа бэхлэх зэрэг газар хөдлөлтөд бэлтгэх ажил хийх ёстой болдог.
Засгийн газар "яаралтай мэдээ" хэмээх тогтолцоогоор иргэдэд анхааруулах боловч эцсийн шийдвэрийг орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, иргэд өөрсдөө гаргах хэрэгтэй болдог. Иргэд амиа аврахын тулд юу хийхээ мэдэж байх ёстой. Энэ үүднээс "ямар хэмжээний газар хөдлөлт" эсвэл "ямар хэмжээний цунами" болохыг мэдэж байх шаардлагатай бөгөөд "нүүлгэн шилжүүлэхээс төвөгшөөх", "аюулын нөөцтэй байхаас залхуурах" нь өөрсдийн болон бусдын амь насыг аюулд хүргэх эрсдэлтэй.
Мега газар хөдлөлтөд бэлдэх нь:
Мега газар хөдлөлтөд хэрхэн бэлдэх талаар өөрсдийн амьдардаг муж, хотуудын эрхлэн гаргадаг гамшгийн мэдээлэл, зөвлөмжийг тогтмол үзэж танилцаж байх хэрэгтэй. Тухайлбал Токио хотын зүгээс доорх сайтууд ажиллуулдаг.
Preparing for a “Nankai Trough” Quake
https://www.english.metro.tokyo.lg.jp/w/003-101-001178
If a Nankai Trough Mega Earthquake Were to Occur ... Tokyo Stockpiling Navi
https://tabunka.tokyo-tsunagari.or.jp/english/disaster/howto.html
Мөн гол хохирол цүнамигаас үүсэх тул цүнами болох, үер усанд автах, хөрсний гулгалт үүсэх зэрэг аюулыг тусгасан “Hazard Map” буюу “Аюулын газрын зураг” гэдэг мэдээллийг олж, өөрийн оршин суудаг, ажилладаг, сурдаг газрынхаа хэр зэрэг аюулгүй байдалд байдгийг олж мэдэх нь зүйтэй. Ийм аюулын газрын зургийг орон нутгийн захиргаанаас очиж авч болдог. Мөн тэдний вэбсайтаас нь олж үзэж болно. Аюулын мэдээллийг ихэвчлэн олон хэл дээр орчуулж харах боломжтой байдаг.
https://tabunka.tokyo-tsunagari.or.jp/english/disaster/howto/hazard_maps.html
https://www.kensetsu.metro.tokyo.lg.jp/river/chusho_seibi/panhulink/hazardmap
Газар ашиглалт, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны портал сайт гэж бий. /Ministry of Land, Infrastructure, Transport and Tourism [Hazard Map Portal Site]/
https://disaportal.gsi.go.jp/index.html
Цүнами тохиолдох үед амиа хамгаалах гол арга нь өндөр газар руу зугтах явдал байдаг тул өөрийн оршин суудаг, байнга очдог газрынхаа далайн төвшнөөс хэдэн метрт байдгийг, илүү өндөр цэгт хүрэх хамгийн дөт замыг мэдэж байх хэрэгтэй.
Иргэд сэрэмжлүүлэг, анхааруулгын мэдээллийг олон нийтийн телевиз болон бусад хэрэгслээр шуурхай авч, холбогдох зааврыг дагаж мөрдөх нь чухал. Цунамигаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байхын тулд орон нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд үндэслэн зохих арга хэмжээг авахад анхаарах нь зүйтэй.
Цунамигийн сэрэмжлүүлэг, Цунамигийн анхааруулга:
https://www.data.jma.go.jp/multi/tsunami/index.html?lang=mn
Газар хөдлөлтийн жагсаалт:
https://www.data.jma.go.jp/multi/quake/index.html?lang=mn
Мөн гэр бүлээ нүүлгэн шилжүүлэлт хийлгэх замыг урьдчилан тогтоож, дотор нь наад захын хэрэгцээт зүйлсийг хийсэн гамшгийн үед авч явах цүнх, өдөр тутмын хэрэгцээт зүйлсийн нөөцөө нэмэгдүүлэх нь гамшгийн эсрэг гол бэлтгэл юм.