Монгол Улс, Япон Улсын улс төрийн харилцаа

2023-04-11


Манай хоёр улс 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Япон Улс нь манай улсын “гуравдагч хөрш”, стратегийн чухал түнш.

Монгол Улс 1972 оны 6 дугаар сард Токио хотод, Япон Улс 1973 онд Улаанбаатар хотод тус тус Элчин сайдын яамаа нээсэн.

Монгол Улс Япон Улстай 1996 онд “Иж бүрэн түншлэл”, 2010 онд “Стратегийн түншлэл”, 2022 оноос “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийг амжилттай хөгжүүлж байна.

Хоёр улсын Засгийн газар ГХЯ-д хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалт, Гадаад бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдлын холбогдох байгууллагын бодлогын зөвлөлдөх уулзалт зэргийг тогтмол зохион байгуулж, хоёр талын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг өргөн хүрээтэй, стратегийн шинж чанартай асуудлаар санал солилцож байна.

Хоёр улсын Засгийн газрын холбогдох яам, агентлагуудын хооронд мөн бүхий л төрлийн стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалт, бусад хэлбэрийн хамтын ажиллагаа амжилттай өргөжин тэлж байна.

Эрх чөлөө, ардчилал, эрх зүйт төрийг эрхэмлэдэг бүс нутгийн түнш орнуудын хувьд бүс нутаг, олон улсын тавцанд ч хоёр улс хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр ирэв. Хоёр улсын Засгийн газар бүс нутаг, олон улсын тавцан дахь тус тусын гадаад бодлого, үйл ажиллагааг харилцан хүндэтгэж, дэмжиж ирэв. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар Япон Улсыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүн болохыг тууштай дэмжиж ирсэн. Япон Улсын Засгийн газар Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг тууштай дэмжиж ирсэн.

Хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл жилээс жилд улам бүр бэхжиж дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал 2022 оны 11 дүгээр сард, Улсын Их Хурлын даргын айлчлал 2023 оны 3 дугаар сард, Ерөнхий сайдын айлчлал 2021 (Олимпын наадмын нээлт), 2022 (Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн төрийн оршуулгын ёслол) онуудад тус тус хэрэгжив. Япон Улсын Гадаад хэргийн сайд 2019, 2020, 2022 онуудад дараалан Монгол Улсад айлчлав.

Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны “замын зураглал”, чиг шугам болсон Монгол, Японы Стратегийн түншлэл 2013-2017, Дунд хугацааны хөтөлбөр 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууссан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,  Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар 2022 оны 11 дүгээр сард албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргаж, уг хамтарсан мэдэгдлийн хавсралтаар “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулав. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоёр улс дараах 4 үндсэн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтов. Үүнд:

  1. Улс төр, аюулгүй байдал

  2. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа

  3. “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо

  4. Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа

Монгол Улс Япон Улстай өнөөг хүртэлх хугацаанд дараах эрх зүйн баримт бичгүүдийг байгуулаад байна. Үүнд:

  1. БНМАУ, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай Ноот бичиг 1972.02.24. Москва хот

  2. БНМАУ, Япон Улсын хооронд Соёлын харилцаа тогтоох тухай Тохиролцоо 1974.09.23. Улаанбаатар хот

  3. БНМАУ, Япон Улсын хооронд Эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээр, 1977.03.17. Улаанбаатар хот

  4. БНМАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын худалдааны Хэлэлцээр, 1990.03.01, Токио хот

  5. Японы далайн чанад дахь Сайн дурынхныг хүлээн авах тухай БНМАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 1991.03.26, Токио хот

  6. Агаарын харилцааны Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 1993.11.25. Токио хот

  7. Япон Улсын ахмад сайн дурынхныг хүлээн авах тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Протокол, 1999. Улаанбаатар

  8. Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхүүлэн дэмжих тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 2001.02.15. Токио хот

  9. Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 2003.12.04. Токио хот

  10. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 2015.06.02, Улаанбаатар хот

  1. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улсын хоорондын хэлэлцээр, 2015.02.10, Токио хот

/Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг 2016 оны 5 дугаар сард онд байгуулж, ЭЗТХ 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн/.