ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ТУХАЙ
2026-03-22
Өргөмжит консул гэдэг нь тухайн улсыг гадаад улсад төлөөлөн консулын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхээр томилогддог боловч мэргэжлийн дипломат албан хаагч биш, ихэвчлэн тухайн улсад байнга оршин суудаг, бизнес, нийгмийн салбарт нэр хүндтэй иргэн байдаг. Өргөмжит консул нь ихэнх тохиолдолд цалин хөлсгүй, сайн дурын үндсэн дээр ажиллаж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулдгаараа онцлогтой.
Өргөмжит консулын үйл ажиллагаа нь олон улсын болон тухайн улсын дотоодын хууль, журмын уялдаа холбоон дээр тулгуурлан хэрэгждэг ба тус харилцааг олон улсын эрх зүйн гол баримт бичгээр зохицуулдаг. Тус харилцааг зохицуулдаг “Консулын харилцааны тухай Венийн конвенц” 1963 онд батлагдсан бөгөөд уг конвенцид консулын байгууллага, түүний чиг үүрэг, эрх хэмжээ, дархан эрх, өргөмжит консул (honorary consul)-ын эрх зүйн байдал, тэдгээрийн хэрэгжүүлэх чиг үүргийн талаар тодорхой зааж өгсөн байдаг.
Өргөмжит консулуудыг томилох эрх зүйн баримт бичгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр авч танилцана уу.
Консулын харилцааны тухай Венийн конвенц
https://legalinfo.mn/mn/detail?lawId=204002
Монгол Улсын Өргөмжит консулын тухай журам
https://legalinfo.mn/mn/detail?lawId=1165
Монгол Улсын хувьд Өргөмжит консулыг томилох, чөлөөлөх, үйл ажиллагааг Консулын харилцааны тухай Венийн конвенцэд үндэслэн Гадаад харилцааны сайдын баталсан “Монгол Улсын Өргөмжит консулын тухай журам”-д үндэслэн хэрэгжүүлдэг бөгөөд тухайн оронд суугаа Элчин сайд Өргөмжит консулд нэр дэвшүүлж, Гадаад харилцааны сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэн баталсаны дагуу 4 жилийн хугацаатай томилж “Патент” олгодог. “Монгол Улсын Өргөмжит консулын тухай журам”-д Өргөмжит консулын эрх, үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны хүрээ, тайлан тавих зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан байдаг.
Өргөмжит консул нь хүлээн авагч улсын хууль тогтоомжийг чанд мөрдөх үүрэгтэй бөгөөд тухайн улсад үйл ажиллагаа явуулахын тулд суугаа орноосоо зөвшөөрөл авч, консулын албан ёсны статусаа баталгаажуулах шаардлагатай байдаг. Япон Улсын хувьд Өргөмжит консулыг томилох зөвшөөрөл олгох асуудлыг Япон Улсын Гадаад хэргийн яам хариуцаж, холбогдох журам гарган мөрдүүлдэг. Өргөмжит консулууд нь хоёр улсын харилцаанд итгэлцлийг бэхжүүлэх, орон нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал “гүүр” болж өгдөг.
Өргөмжит консул нь Монгол Улсыг тухайн бүс нутагтаа төлөөлөхөөс гадна хариуцсан бүс нутагтаа оршин суугаа Монгол Улсын иргэдэд зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамтай холбох, онцгой нөхцөл байдал үүсэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр консулын туслалцаа үзүүлэх, хоёр улсын бизнесийн байгууллагуудыг холбох, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх зэргээр эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалын чиглэлийн хамтын ажиллагааг дэмжих, соёлын болон спорт биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулах зэргээр соёл, боловсролын солилцоог өргөжүүлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Монгол Улс нь өнөөдрийн байдлаар Япон Улсын Токио хотод Элчин сайдын яам, Осака хотод Ерөнхий консулын газар нээн ажиллуулахын сацуу Хоккайдо, Нагояа, Токүшима, Фүкүока, Нийгата, Тояма, Хирошима гэсэн алслагдсан бүс нутгийг хариуцсан 7 Өргөмжит консулыг томилон ажиллуулж байна.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудас болон Япон Улсын Гадаад хэргийн яамны цахим хуудсаас Монгол Улсын Өргөмжит консулуудын дэлгэрэнгүй хаяг болон байршлын мэдээллийг дараах линкээр авч танилцах боломжтой.
https://tokyo.embassy.mn/subcategory/1069
https://www.mofa.go.jp/mofaj/link/emblist/asia.html
Монгол Улсыг суугаа оронд төлөөлж буй Элчин сайдын яамдууд хоёр орны бүс нутгийн түвшинд Монгол Улсын төлөөллийг бэхжүүлэх, хоёр орны харилцааг өргөжүүлэх, мөн тухайн оронд оршин суугаа Монгол Улсын иргэдэд ойр, төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд Өргөмжит консулуудын үйл ажиллагаа, дэмжлэг туслалцаа өндөр байдаг.
Монго Улсын Япон Улс дахь Өргөмжит консулуудын хувьд хариуцсан бүс, орон нутгийн захиргаа, хувийн хэвшлийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, Монгол–Японы харилцааг бодит агуулгаар баяжуулахад чухал үүрэг гүйцэтгэж, бүс нутагтаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, соёл боловсролын харилцааг дэмжих, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах ажлыг амжилттай зохион байгуулж байна.