ЯПОН ДАХЬ ТАЙФҮ ХАР САЛХИ БА АЮУЛААС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

2026-06-02


Тайфү салхи үүсэх механизм

Хар салхи буюу тайфү нь Номхон далай, Энэтхэгийн далай, Өмнөд Хятадын тэнгис зэрэг далайн эквадорын шугам орчмын далайн дулаан уснаас үүсдэг хүчтэй агаарын шуурга юм. Далайн ус 26–27 хэмээс дээш халснаар ус ууршин дээш хөөрч, өндөрт гараад хөрж, агаарын даралт багасах үед асар том аадар борооны үүлийг үүсгэдэг.

Эдгээр үүлс энерги ялгаруулж, улам их агаарыг өөртөө татаж, дэлхийн эргэлтийн нөлөөгөөр эргэлдэн мушгирснаар төвийн агаарын даралт нь буурч, гадна тойргоороо улам бүр эрч хүч орж эргэлдэх хүчит шуурга болж хөгждөг. Салхины хамгийн их хурд нь 17 м/с (ойролцоогоор 34 зангилаа)-аас давсан үед тухайн шуургыг “тайфү” гэж нэрлэдэг. Ийнхүү далайн дулааны энерги нь халуун орны нам даралтын системд асар их хүчтэй байгалийн гамшиг болох тайфү-г үүсгэн бий болгодог. Хар салхи (тайфү) нь далайгаас ууршин гарч буй усны уурын дулааны энерги (latent heat)-ийг түлшээ болгон хүчирхэгжих боловч хуурай газар руу шилжих эсвэл хүйтэн далайн бүсэд шилжвэл энергийн эх үүсвэргүй болж, хүч нь аажмаар суларсаар алга болдог.

Дэлхий дээр энэ төрлийн гамшгийг бүс нутгаасаа хамааран өөр өөрөөр нэрлэдэг. Азийн бүсэд үүнийг “тайфү” гэж нэрлэдэг бол Америкт “харрикейн”, Энэтхэг болон өмнөд бүсэд “циклон” гэж нэрлэдэг. Гэхдээ бүгд ижил төрлийн үзэгдэл бөгөөд зөвхөн нэршил нь өөр байдаг.

Дэлхийг хүрээлж буй агаарын гол урсгалын нэг болох баруунаас зүүн тийш чиглэсэн салхи (偏西風) болон Номхон далайн өндөр даралтын бүс (太平洋高気圧)-ийн нөлөөгөөр тайфү салхи Японы арлуудад ойртож ирэх үедээ замаа зүүн хойд зүг рүү өөрчлөх хандлагатай байдаг. Жил бүрийн 7-10 дугаар сард буюу зунаас намрын хооронд далайн гадаргын температур хамгийн өндөр байдаг тул тайфү үүсэхэд илүү тохиромжтой нөхцөл бүрдэж агаарын урсгалын нөлөөгөөр газар зүйн байрлалын хувьд тайфү-ний яг зам дээр оршдог Японы арлууд руу ойртон ирэх нь олонтаа тохиодог. Жилд дунджаар 25–30 орчим тайфү үүсдэгээс Японд 10 орчим тайфү нь нөлөөлөл үзүүлж, 2–3 нь шууд хуурай газар дээгүүр дайран гарч аюул гамшиг учруулдаг. Япон Улсад тайфү салхи аюул их учруулдаг гол шалтгаан нь тус улс нь бүх талаасаа далайгаар хүрээлэгдсэн бөгөөд уул ихтэй, гол мөрөн богино байдагтай нь холбоотой.

Тайфү-ний учруулдаг аюул гамшиг нь хүчтэй салхи, их хэмжээний бороо, мөн хүчтэй далайн давалгаанаас үүдэн гардаг. Хүчтэй салхи нь байшин, дээвэр, цахилгааны шугамыг эвдэж, их аадар бороо нь гол мөрнийг үерлүүлж, хөрсний гулгалтыг үүсгэдэг. Мөн далайн эргийн хотууд тайфү-наас болж үүссэн өндөр давалгаанд автаж, усанд автах эрсдэл үүсдэг.

Японд болж байсан тайфү-ний аюул:

Японы түүхэнд маш том хэмжээтэй тайфү олон удаа тохиолдсон байдаг.

  • 1959 оны 9 дүгээр сарын “Исэ-ван тайфү” нь Японы түүхэнд хамгийн их хохирол учруулсан. Энэ тайфү нь  Японы төв хэсэгт орших “Исэ ван” буюу “Исэ тохой” орчмоор газардаж, Айчи муж болон Миэ мужид гамшиг учруулсан. Уг тайфүний тарьсан хамгийн том аюул нь далайн ус огцом нэмэгдэх өндөр давалгаа (storm surge) үүссэн явдал байв. Үүний улмаас далайн эргийн хотууд, ялангуяа Нагоя хот усанд автсан. Энэ үерийн улмаас 5000 гаруй хүн амь насаа алдаж, сураггүй алга болсон бөгөөд олон арван мянган байшин сүйдэж, асар их эдийн засгийн хохирол учирсан. “Исе-ван тайфү” нь Японд гамшгийн эсрэг бодлого, хууль тогтоомжийг шинэчлэх,  хамгаалалтын далан барих, үерийн хамгаалалт болон сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах нэгэн шалтгаан болсон юм.
  • 1934 оны 9 дүгээр сард болсон “Мүрото тайфү” /室戸台風/ нь мөн маш хүчтэй хар салхи байсан бөгөөд олон барилга байгууламж болон мод, цахилгааны шугамууд нурсан. Ялангуяа сургуулийн барилга нурснаас олон хүүхэд өртсөн эмгэнэлт явдал болсон. Энэ тайфү нь Шикокү арлын Коочи мужийн Мүрото хойгийг дараа нь Кансай бүс, Осака хотыг хүчтэй дайрсан. Энэ гамшгийн улмаас 3,000 гаруй хүн амь насаа алдаж, асар их эд материалын хохирол учирсан. “Мурото тайфү” нь Японд хар салхины хүч ямар их аюул тарьж болохыг харуулсан томоохон жишээ бөгөөд үүнээс хойш Японы засгийн газраас барилгын стандарт, гамшгийн бэлтгэл хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг авсан.
  • 1958 оны 9 дүгээр сард болсон “Каногава тайфү” /狩野川台風/-ний үеэр Шизүока мужийн Кано голын сав газарт хүчтэй үер болж олон суурин газар усанд автсан бөгөөд 1,000 гаруй хүн амь насаа алдаж,  орон гэргүй болсон хүмүүс олон гарсан. Энэ тайфү нь удаан хугацаанд Япон арал дээр саатаж, удаан хугацаанд усархаг бороо оруулсаны улмаас усны түвшин огцом нэмэгдэж, хөрсний гулгалт ихээр үүсэж, олон байшин нурж, зам гүүр эвдрэхэд хүрсэн. “Каноогава тайфү” нь “их хэмжээний бороо ба үер” ямар ноцтой үр дагавар учруулж болохыг харуулсан жишээ болж, Япон Улсын засгийн газраас үерийн хамгаалалт, далан, ус зайлуулах системийг сайжруулах арга хэмжээг авсан.
  • 2018 оны 9 дүгээр сард болсон “Кансаи тайфү “ буюу 21 дүгээр тайфү нь  Японы баруун хэсгийн Кансай бүсийг хүчтэй дайрсан. Тайфуны гол онцлог нь маш хүчтэй салхилж байсан бөгөөд салхины хурд секундэд 50 метрээс давж байв. Кансайн олон улсын нисэх онгоцны буудал далайн ус нэмэгдэснээс бүхэлдээ усанд автсан. Мөн нисэх буудлыг эх газартай холбосон гүүрийг салхинаас болж жолоодлого алдсан усан онгоц мөргөснөөр олон хүн тэндээ гацаж, тээвэр саатсан. Кансай бүсэд өргөн хүрээнд хохирол гарч, олон зуун мянган айл өрх цахилгаангүй болж, барилга байгууламжууд эвдэрч, мод, шугам сүлжээ их хэмжээгээр сүйдсэн.
  • 2019 оны 10-р сарын “Хагибис тайфү” /Хагибис гэдэг нэр нь Филиппин улсын өгсөн нэр бөгөөд “хурдан” гэсэн утгатай/ нь Номхон далайд үүсэж, хүчээ авсаны дараа Японы зүүн болон төвийн бүс нутгийг дайран өнгөрч, ихээхэн хохирол учруулсан. Хагибис тайфуны хамгийн онцлог нь асар их хэмжээтэй хур тунадас оруулсан явдал бөгөөд олон газарт богино хугацаанд маш их усархаг аадар бороо орж, олон гол мөрөн үерлэн савнаасаа хальсан. Чикума гол, Абукума гол зэрэг томоохон голууд үерлэж, хот суурингууд усанд автсан. Энэ гамшгийн улмаас 100 гаруй хүн амь насаа алдаж, олон мянган байшин эвдэрч, цахилгаан, усан хангамж, зам тээвэр зэрэг дэд бүтэц тасалдаж, эдийн засгийн ихээхэн хохирол учирсан. Хагибис тайфү нь Японд сүүлийн үед тохиолдсон хамгийн том үерийн гамшгуудын нэгд тооцогддог бөгөөд байгалийн гамшгийн үед эрт сэрэмжлүүлэх, цаг тухайд нь нүүлгэн шилжүүлэхийн ач холбогдлыг харуулсан. 

Тайфү хар салхины аюулд өртөх магадлалтай бүсүүд:

Японд Токио булан, Осака булан, Исэ булан зэрэг хүн ам ихтэй томоохон хотууд байрладаг далайн эргийн бүсүүд тайфү салхины аюулд өртөх эрсдэл өндөртэй бүс нутагт тооцогддог. Эдгээр газрууд нь нам дор газрууд тул үер болон далайн давалгааны эрсдэлд өртөмтгий байдаг. Мөн Кюүшюү, Шикокү, Кии хойг зэрэг бүсүүд нь тайфү шууд дайран өнгөрөх зам дээр оршдог тул жил бүр байнгын хүчтэй бороо, хөрсний гулгалтын аюулд өртдөг. Окинава бүс нутгаар бараг жил бүр тайфү хар салхи дайран өнгрөдөг бөгөөд хүчтэй салхины нөлөө нь их байдаг.

Тайфү (хар салхи)-ийн анхааруулга, сэрэмжлүүлэг

Японы Цаг уурын агентлаг (JMA) нь Япон даяар байрлах олон тооны цаг уурын зориулалттай радар, хиймэл дагуул, ажиглалтын станцуудаараа мэдээлэл цуглуулж, тайфүгийн хөдөлгөөн, хүч, оруулах хур тунадас, салхины хурдыг тасралтгүй хянаж байдаг. Тайфү үүсэх болон Япон руу ойртох үед урьдчилан боловсруулсан цаг уурын загвар ашиглан зам (track), төвийнх нь даралт, салхины хурд, бороо хур тунадасны хэмжээ зэргийг тооцоолж, түүндээ үндэслэн анхааруулга, сэрэмжлүүлэг гаргаж нийтэд зарладаг. Тайфү салхины тухай хамгийн бодитой мдээлэл авья гэвэл энэхүү анхааруулга, сэрэмжлүүлэгт анхаарал хандуулах ёстой.

Тайфү нь хүчтэй салхи, аадар бороо, гол усны үер, хөрсний гулгалт, далайн давалгаа (storm surge) зэрэг олон төрлийн бусад гамшгийг араасаа дагуулдаг тул Цаг уурын агентлаг нь эрсдэлийн түвшнээс хамаарч авбал зохих арга хэмжээг үе шаттай анхааруулга хэлбэрээр гаргадаг. Японд тайфүтэй холбоотой 1–5 шатлалтай сэрэмжлүүлэг гаргаж, иргэдэд ямар арга хэмжээ авахыг тодорхой заадаг.

🟢 Сэрэмжлэх түвшин 1:  Урьдчилан анхааруулга (警戒レベル1 – 早期注意情報)

  • Нөхцөл: Цаг агаар ойрын хугацаанд муудаж болзошгүй. Тайфү салхи ойртож байгаа үед гаргадаг.
  • Аюул: Шууд аюул хараахан үүсээгүй байгаа боловч гамшгийн эрсдэл нэмэгдэх магадлал бий.
  • Авах арга хэмжээ: Цаг агаарын мэдээг тогтмол шалгах, нүүлгэн шилжих газрын байршил болон гэр бүлийн бэлэн байдлаа нягтлах.

🟡 Сэрэмжлэх түвшин 2: Анхааруулга (警戒レベル2 – 注意報)

  • Нөхцөл: Салхи ширүүсч, бороо үргэлжлэн орж эхлэх бөгөөд аюултай нөхцөл үүсэх магадлал нэмэгдэнэ.
  • Аюул: Зам усанд автах, үзэгдэх орчин муудах, бага хэмжээний үер зэрэг эрсдэл бий болно.
  • Авах арга хэмжээ: Хазардын зураг (hazard map)-аа шалгаж, нүүлгэн шилжих маршрут болон очих газраа баталгаажуулах.

🟠 Сэрэмжлэх түвшин 3: Сэрэмжлүүлэг (警戒レベル3 – 警報)

  • Нөхцөл: Их хэмжээний бороо, хүчтэй салхи үргэлжилж, гамшгийн эрсдэл бодитоор нэмэгдсэн байх.
  • Аюул: Үер, хөрсний гулгалт, голын ус халих магадлал өндөр болно.
  • Авах арга хэмжээ: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэдтэй гэр бүл зэрэг нүүхэд илүү хугацаа шаарддаг хүмүүс аюулгүй газар руу нэн даруй шилжих. Бусад иргэд ч нүүлгэн шилжихэд бэлэн байх шаардлагатай.

🟣 Сэрэмжлэх түвшин 4: Аюулын сэрэмжлүүлэг (警戒レベル4 – 危険警報)

  • Нөхцөл: Гамшиг удахгүй болох эсвэл маш өндөр магадлалтай болсон үе.
  • Аюул: Гол ус халих, хөрсний гулгалт үүсэх, барилга байгууламж эвдрэх зэрэг хүний амь насанд заналхийлэх нөхцөл бүрдэнэ.
  • Авах арга хэмжээ: Аюултай бүсэд байгаа бүх хүн нэн даруй нүүлгэн шилжих шаардлагатай. Япон улсын гамшгийн удирдлагын шинэ зарчмаар “4-р түвшинд хүрэхээс өмнө аюулгүй газарт очсон байх ёстой” гэж үздэг.

⚫ Сэрэмжлэх түвшин 5: Онцгой сэрэмжлүүлэг (警戒レベル5 – 特別警報 / 緊急安全確保)

  • Нөхцөл: Гамшиг аль хэдийн болж эхэлсэн эсвэл маш ойрхон болсон үе.
  • Аюул: Амь насанд шууд заналхийлэх хэмжээний үер, хөрсний гулгалт, салхины сүйрэл, далайн ус эрэг даван үерлэх зэрэг ноцтой нөхцөл үүснэ.
  • Авах арга хэмжээ: Хэрэв нүүлгэн шилжих боломжгүй болсон бол тухайн барилгын хамгийн аюулгүй хэсэгт шилжин байрлаж, амь насаа хамгаалах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай.

Мөн тайфүгийн үед дараах төрлийн тусгай анхааруулгуудыг давхар гардаг:

  • Өндөр түрлэг, давалгаа (高潮 Storm Surge Warning) –       далайн ус түрлэгийн үед эргээ давж үерлэх
  • Аадар бороо (大雨警報 Heavy Rain Warning) –      үер, хөрсний гулгалт
  • Хүчтэй салхи (暴風警報 Storm Warning) – барилга, мод, шугам сүлжээ эвдрэх

Японы Цаг уурын агентлаг нь иргэдэд бодит цагийн мэдээллийг дараах холбоосоор хүргэдэг:  

https://www.jma.go.jp/bosai/map.html

https://www.jma.go.jp/bosai/map.html#4/37.02/148.228/&elem=typhoon_all&typhoon=all&contents=typhoon

Авах арга хэмжээ:

  • Японы Цаг уурын агентлагаас гаргах анхааруулга, сэрэмжлүүлэгт анхаарал хандуулж, заасан арга хэмжээг шуурхай авах нь зүйтэй. Тайфүгийн үеийн анхааруулга нь зөвхөн салхины хүчийг бус, үер, хөрсний гулгалт зэрэг хавсарсан аюулыг хамтад нь үнэлж дүгнэдэг тул гарсан мэдээллийг зөв ойлгож, эртнээс холбогдох арга хэмжээ авах нь амь нас, эд хөрөнгөө хамгаалах хамгийн зөв алхам юм.
  • Ийм үед аюулын газрын зураг /ハザードマップ Hazard map/ нь маш чухал үүрэгтэй. Энэ газрын зурагm үер, цунами, хөрсний гулгалт зэрэг байгалийн гамшгийн үед аль газар аюултай болохыг өнгөөр тод томруун ялган харуулдаг. Ногоон өнгө нь харьцангуй аюул багатай бүсийг, шар өнгө нь анхаарах шаардлагатай бүсийг, улбар шар өнгө нь аюултай бүсийг, улаан өнгө нь маш аюултай бүсийг, харин нил ягаан өнгө нь хамгийн өндөр эрсдэлтэй бүсийг илэрхийлдэг.
  • Өөрийн оршин суугаа болон зорчиж буй газрын байршлыг энэ газрын зураг дээрээс олж шалгах нь маш чухал юм. Хүн бүр өөрийн гэр, ажил, сургууль аль өнгийн бүсэд байгааг мэдэж байх ёстой. Ялангуяа улаан болон нил ягаан бүсэд амьдарч байгаа бол шууд нүүн шилжих шаардлага үүснэ. Мөн үерийн усны гүний мэдээлэл ихээхэн чухал бөгөөд 1 метрээс дээш үерийн ус дайрах магадлалтай бүсэд байшин дотроо үлдэх нь маш аюултай гэж үзэгддэг.
  • Нүүн шилжих үед гол мөрний дагуу явахгүй байх, нам дор газраас зайлсхийх, өндөр газар руу чиглэсэн илүү аюулгүй замыг олж сонгох шаардлагатай. Мөн нүүлгэн шилжүүлэх төвийш ч гэсэн аюулгүй өндөр газар байрласан эсэхийг урьдчилан шалгах хэрэгтэй.
  • Ихэнх хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь өмнө нь үерийн ус ирж байгаагүй учраас энэ удаа ч аюулгүй гэж бодох, эсвэл хоёр давхар байшинтай бол дээд давхартаа гарвал аюулгүй гэж ойлгох явдал юм. Гэвч бодит байдалд гамшгийн хэмжээ нь тооцооллыг давах нь байдаг тул өмнөх туршлага бол хамгаалалт болохгүй.

Санал, дүгнэлт:  Японд амьдарч байгаа эсвэл зорчиж байгаа хүн бүр хар салхи болон байгалийн гамшгийн талаар зөв ойлголттой байх шаардлагатай. Аюулын газрын зургийг зөв уншиж, ашиглаж сурах, Цаг уурын газраас гаргасан анхааруулга, сэрэмжлүүлсэн мэдээлэлд анхаарал хандуулах, тайфү хар салхи хаагуур дайрч гарах тухай аль болох эртнээс мэдээлэл авах, мэдээлэлдээ тулгуурлан зөв шийдвэр гаргах, нүүн шилжих зэргээр шаардлагатай үед зөв арга хэмжээ авах нь амин чухал юм.