Монгол Улс, Япон Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа

2023-04-11


Хоёр улсын Батлан хамгаалах яам хооронд 2012 онд “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг”, 2015 онд хоёр улсын Засгийн газар хооронд “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаварыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг тус тус байгуулснаар эрх зүйн үндэс бүрдэж, улмаар батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, хоёр улсын харилцаанд чухал байр суурийг эзлэх болсон.

Монгол Улс, Япон Улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь бүх түвшний харилцан айлчлал хийх, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн мэргэжилтэн сургах, цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлээр “Чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, манай улсад зохион байгуулагддаг энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” олон улсын сургуульд Японы тал бие бүрэлдэхүүнээ оролцуулах, олон улсын хурал, семинар, үзэсгэлэн арга хэмжээнд харилцан урьж оролцуулах зэрэг чиглэлээр амжилттай хөгжиж байна.

 

Хоёр тал батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг дүгнэж, цаашдын чиглэл, арга хэмжээг тодорхойлж төлөвлөдөг, мөн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцдог БХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг байгуулан ажилладаг.

 

Хоёр улсын хамтын ажиллагааны чухал чиглэлийн нэг болох Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтран хэрэгжүүлж буй цэргийн инженерийн болон цэргийн эмнэлгийн чиглэлээр “Чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр” нь манай улсын Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлд тэр дундаа инженерийн цэргийн чадавхийг нэмэгдүүлэх, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Япон Улсын Засгийн газар 1999 оноос эхлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг цэргийн бүх шатны сургууль, дамжаанд суралцуулж байна. 

Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуульд Японы ӨХХ-ээс тогтмол цэргийн баг илгээн оролцуулдаг.