МОНГОЛ ИРГЭД БА ГЭМТ ХЭРЭГ

2023-10-26


Япон Улсад оршин суугаа болон зорчигч монголчуудын тоо нэмэгдэхийн  хэрээр /2022 оны 12 сарын 31-ны байдлаар 16500/ гэмт хэрэгт өртөх нь нэмэгдэж, тэдэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна.  

Тус ЭСЯ-нд ирж буй гэмт хэргийн мэдээнээс тоймлон авч үзэхэд жилд дунджаар 100-120 иргэн саатуулагдаж байна. Үүнээс 60 орчим хувь нь оршин суух хугацаа хэтрүүлсэн байдаг бол 40 орчим хувь нь танхайрал, архидан согтууралт, хулгай зэрэг эрүүгийн хэргийн улмаас саатуулагдаж байна. Гэмт хэрэгт өртөгсдийн дийлэнх хэсгийг байнга оршин суух виз авсан Япон Улсад төвхнөж, ажиллаж амьдардаг олонхууд бус харин түр хугацаагаар аялж буй жуулчид, харлах зорилгоор ирсэн богино хугацааны визтэй хүмүүс эзлэх хандлага ажиглагдаж байна. 

Японд эрүүгийн хуулийг зөрчсөн болон оршин суух визийн хугацаа хэтрүүлснээс болж баривчлагдсан иргэдийг ихэнх тохиолдолд шүүхээс ял сонссоны дараа албадан гаргаж байна. Эрүүгийн хууль ноцтой зөрчсөн иргэдээс ял авч Япон Улсад эдэлж байгаа иргэд  жилийн эцсийн тоогоор 2017 онд 2 хүн, 2018 онд 3 хүн, 2019 онд 3 хүн, 2020 онд 2 хүн, 2021 онд 4 хүн байна. Энэ тоо зөвхөн тус ЭСЯ-нд хоригдож буй шорон, Хууль зүйн яамнаас ирүүлсэн тоонд үндэслэсэн бөгөөд хувийн нууцыг хамгаалах хуулийн дагуу ЭСЯ-нд мэдэгдэхийг хүсээгүй иргэд энэ тоонд ороогүй болно.

Тус ЭСЯ-наас Япон Улсын хууль дүрэм зөрчиж саатуулагдсан иргэдийн мэдээллийг Цагдаагийн байгууллага, Цагаачлалын албанаас тогтмол авч Цагаачлалын албанд саатуулагдсан болон Цагдаагийн газарт баригдсан иргэд, шоронд ял эдэлж буй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлж ажилладаг.

Энэ үүднээс ЭСЯ нь Япон Улсын ГХЯ-ны Консулын газар, Хууль зүйн яам, Токио хотын Цагаачлалын алба, Цагдаагийн газартай уулзалт ажил төрлийн холбоотой ажиллаж, мэдээлэл солилцож, иргэдийн эрх ашгийг хамгаалах тал чиглэлд, Японы өмгөөлөгчдийн холбоо, Японы хууль эрхзүйн бүрдүүлэлтийн холбоо зэрэг байгууллагатай тус тус нягт хамтран ажилладаг болно.

 

Японд оршин суудаг болон түр зорчигч монголчуудын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор гэмт хэрэгт холбогдох явдал ч нэмэгдэх хандлагатай байна. Тэдний үйлдэж буй гэмт хэрэгт хууль бусаар оршин суух, жолооны үнэмлэхгүй машин барих, хулгай хийх, танхайн хэрэг зонхилж байна.  

 

Япон Улс дахь гэмт хэргийн бүлэглэл болон Хятад, Тайвань, Солонгосын гэмт хэргийн бүлэглэл нь онлайн сүлжээ ашиглан дээрмийн болон бусдыг хууран мэхлэх үйл ажиллагаанд мэдлэг боловсрол дорой, “гэнэн тэнэг”, “хэнэггүй”, “хууль эрх зүйн мэдлэггүй”, “амар хялбар олз олох гэсэн”, “мөнгөний гачигдалтай” гадаадын иргэдийг ихээр онилох болов. Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл нь иргэдийн гэмт үйлдэлд оролцсон нэг удаагийн үйлдлээр нь барьцаалж, өөр төрлийн илүү хүнд гэмт хэрэг рүү татан оруулдаг бөгөөд монгол иргэн ийм хэрэгт уруу татагдсан тохиолдол ч гарлаа. Сүүлийн жилүүдэд энэ мэтээр хууран мэхлэх, дээрэм хийх, хүчингийн хэрэгт холбогдох, хар тамхи хэрэглэх зэргээр хүнд болон онц ноцтой гэмт хэрэгт монгол иргэн холбогдсон тохиолдол гарч байгааг анхаарч, анхаарал сэрэмжээ дээшлүүлэх шаардлагатай байна.

 

Цаашдаа тус ЭСЯ-ны зүгээс Япон Улсад гарч буй гэмт хэргийн тоо, гадаадын иргэдийн гэмт хэргийн тооны талаар судалгаа хийж, олноор гарч буй хэргийн талаар, Япон Улсын гэмт хэргийн ялын бодлогын талаарх мэдээлэл, сэрэмжлүүлэг мэдээ бэлтгэн ЭСЯ-ны вэб хуудас, фейсбүүк хуудсанд байршуулах болно. Япон Улсад оршин сууж байгаа иргэн Таны зүгээс гэмт хэрэгтэй холбоотой элдэв мэдээ, бусдад сэрэмжлүүлэг болох мэдээлэл байвал бидэнд илгээж байхыг хүсье.