images

JDS тэтгэлэгт хөтөлбөрөөр Япон Улсад суралцах  оюутнуудыг хүлээн авч уулзав

Үйл явдлын мэдээ

2023-08-30

380

    Элчин зөвлөх А.Дэлгэрмаа “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн шугамаар Япон Улсын шилдэг их сургуулиудад суралцах 16 монгол оюутныг ЭСЯ-нд хүлээн авч уулзав. Тус уулзалтад Нагаокагийн их сургуулийг төгссөн 2 оюутан мөн оролцсон бөгөөд буцаж очоод тус тусын өмнө ажиллаж байсан байгууллагадаа орж ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлэв.


Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн гол зорилго нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд  оршино. Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Азийн орнууд зонхилсон 21 улсад хэрэгжиж, 2023 оны байдлаар нийт 5,500 гаруй залуус Япон Улсад суралцаад байна. 

    Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба 2016 оноос докторын хөтөлбөрт элсэлт авч эхэлсэн. 2022 оны байдлаар, нийт суралцагчдын тоо 400 гаруй болсон байна. Үүнээс 357 нь төгсөж ирээд төрийн захиргааны байгууллагууд, агентлагууд, их дээд сургуулиуд, төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.