СЭРЭМЖЛҮҮЛЭГ
ЯПОН УЛСАД “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ХАЛДВАР ТАРХАХ ЭРСДЭЛ НЭМЭГДЭЖ БАЙНА.
Япон Улсад зуны амралт дуусаж, сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан “КОВИД-19” цар тахлын халдвар тархах эрсдэл нэмэгдэж байна.
Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ оны 10 дугаар сараас “КОВИД-19” коронавирусны халдвар авсан өвчтөний эмчилгээний зардлын тодорхой хувийг тухай өвчтөнөөс гаргуулахаар шийдвэрлээд байна. Дээрх шийдвэр гарснаар Эрүүл мэндийн байгууллагад төлсөн үнийн дээд хязгаараас хамааран хувийн зардлаар төлөх эмчилгээний төлбөрийг тогтоох юм. Өнөөг хүртэл халдвар авсан өвчтөн хэвтэн эмчлүүлж буй тохиолдолд эмчилгээний зардлыг Өндөр өртөгтэй эмчилгээний зардлыг нөхөн олгох журмын дагуу тооцон 20,000 иений тусламж олгодог байсныг энэ оны 10 дугаар сараас эхлэн 10,000 иен болгон бууруулах юм.
Мөн Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээслнээр 9 дүгээр сарын 4-10-ны өдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд Канто бүсийн Токио хот, Канагава мужийн 53 сургууль, Сайтама, Чиба мужуудын 46 сургууль, Кансай бүсийн Осака муж даяарх 40 гаруй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ханиад болон томуу төст өвчнөөр өвчилсний улмаас орон даяар нийт 793 сургуулийг түр хугацаанд хаасан нь өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад 7 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Иймд иргэд Та бүхэн олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа зүүж, гараа сайтар угаан, дархлаагаа дэмжихийг зөвлөж байна.