Элчин сайд Б.Баярсайхан Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав
Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Окано Масатакад Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав.
Төрийн нарийн бичгийн дарга М.Окано Элчин сайд Б.Баярсайханд баяр хүргэж, өнгөрсөн онд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад айлчлах үеэр “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулж, харилцааны түвшнийг шат ахиулсанд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.
Элчин сайд Б.Баярсайхан Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ тавины босгон дээр үүрэгт ажилдаа орж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын хооронд байгуулсан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг саадгүй хэрэгжүүлж, “хүн” төвтэй харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Япон Улсын Гадаад хэргийн яам нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлж, шинэ шатанд гаргахыг зорьж ажиллахаа тэмдэглэв.
Түүнчлэн, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, олон улс бүс нутгийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.