images

Элчин сайд Б.Баярсайхан “Мицүбиши” компанийн дэд бүтцийн газрын дарга Т.Като-г хүлээн авч уулзав

Үйл явдлын мэдээ

2023-10-02

562

 

Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан энэ сарын 2-ний өдөр “Мицүбиши” компанийн дэд бүтцийн газрын дарга Т.Като-г ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын менежмент, КОВИД-19 цар тахлын дараах аялал жуулчлалын нөхцөл байдал, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар харилцан санал солилцов.  

Япон Улсын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд “Төв аймгийн Хөшигийн хөндий дахь шинэ хот болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” энэ оны сүүлээр хэрэгжиж эхэлнэ.

Т.Като Хөшигийн хөндийд, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах бүтээн байгуулалтын дэд бүтцийн асуудлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэл өгөв.

Мөн Япон Улсын “TBS” телевизийн “ВИВАНТ” олон ангит киноны зураг авалт Монголд хийгдэж, олны хүртээл болсонтой холбогдуулан 2024 оноос манай улсад аялах японы жуулчид ихсэх хандлагатай байгаа тул хоёр улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх зэргээр бэлтгэл ажлыг хангаж, цаашид улам нягт хамтран ажиллахаар ярилцав.

 

2023 онд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын олон улсын нислэгээр зорчигчдын тоо 44,000, дотоодын нислэгээр зорчигчдын тоо 30-40,000-д хүрч, КОВИД-19 цар тахлын өмнөх 2019 оны мөн үетэй харьцуулахад эрс нэмэгджээ.