images

Азийн хамгийн том хүнс, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн болох “FOODEX JAPAN-2024” Токио хотноо зохион байгуулагдав

Үйл явдлын мэдээ

2024-03-11

678

Японы Менежментийн холбоо, Японы зочид буудлын холбоо, Японы ресторан зоогийн газруудын холбоо, Японы Рёокан ба зочид буудлын холбоо, Японы аялал жуулчлалын холбоод хамтран 2024 оны 3 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Токио хотын Big Sight үзэсгэлэнгийн танхимд “FOODEX JAPAN-2024” үзэсгэлэн 49 дахь удаагаа зохион байгуулагдав.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлж, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болох зорилтыг тавин ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.

Монгол Улсаас тус үзэсгэлэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож, MindTech LLC, Nord Road LLC, Natural Pine Nuts LLC, Их үрчин ХХК, Булган мах маркет ХХК зэрэг компаниуд нэрийн бүтээгдэхүүнээ танилцуулав.

Энэ жилийн үзэсгэлэнд Япон, АНУ, Австрали, Итали зэрэг 60 гаруй улс орны 2500 гаруй аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулан, нээлттэй хэлэлцүүлэг хийж, харилцан туршлага судлав. Уг үзэсгэлэнг 4 өдрийн туршид нийт 76,183 хүн зорин очиж сонирхжээ.