ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАНД МОНГОЛ СУДЛААЧ А.КИМҮРА ӨӨРИЙН ЗОХИОСОН СУРАХ БИЧГЭЭ ГАРДУУЛАВ
Япон Улсын монголч эрдэмтэн Кимүра Аяако өөрийн бичсэн “Монгол хэлийг хялбар сурах нь” нэртэй, япон хүмүүс монгол хэлийг амар аргаар сурахад дөхөм болохуйц сурах бичиг болон дасгалын номоо Элчин сайд Б.Баярсайханд гардуулан өгөв. Мөн 2 хувийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дамжуулан өгөхийг Элчин сайдаас хүсэв.
Монгол Улсын төрийн байгууллагууд албан ёсны харилцаа холбоонд 2025 оны 1 сарын 1-нээс эхлэн монгол бичгийг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор зохиогч уг номоо кирилл үсэг болон монгол бичгээр монгол хэл үзэх боломжтой байдлаар найруулсан нь энэ номны давуу тал болон бусад сурах бичгээс онцгой болгосон байна.
Монголч эрдэмтэн А.Кимүра нь Токиогийн Гадаад хэлний их сургуулийн Монгол хэлний ангийг төгссөн, үүний дараа дахин 1989 оны 3 сард Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар Монгол Улсад ирж, улмаар МУИС-д аспирантур, докторантурт сурч, эрдмийн зэрэг хамгаалсан байна. Монголд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд Базарын Ширэндэв багшийн удирдлага доор Шинжлэх Ухааны Докторын зэрэг хамгаалж байсан. Монголоос буцаж ирээд Токиогийн Их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгч, Токиогийн их сургуульд докторантурт суралцан, мөн докторын зэрэг хамгаалжээ. Өдгөө Токиогийн их сургуульд монгол хэл, Монгол Улсын ардчиллын түүхийг зааж буй аж.