images

Элчин сайд Б.Баярсайханы “Монголын өдөр” хүндэтгэлийн хүлээн авалтад дэвшүүлсэн мэндчилгээ

Үйл явдлын мэдээ

2025-12-03

70

Эрхэм хүндэт хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид,

Ноёд, хатагтай нар аа,

Монгол Улс Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан тэмдэглэлт үйл явдлын 101 жилийн ой, Монгол түмний бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Монголын өдөр” хүндэтгэлийн хүлээн авалтад хүрэлцэн ирсэн Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэнд хүргэе.

Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш түүхийн хэд хэдэн үе шатыг туулж, өдгөө “Энх тайван хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байна.

Хууль дээдлэх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд манай хоёр орны харилцаа, хөгжил нь бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Энэ оны 7 дугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны хамт анх удаа Монгол Улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд Эрхэм дээдсүүдийг Монголын ард иргэд гүн талархал, өндөр хүндэтгэлтэйгээр хүлээн авсан билээ. Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарын Монгол Улсад хийсэн энэхүү төрийн анхны айлчлал нь нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан манай хоёр улсын найрсаг харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн мөнхөрч, ард түмэн хоорондын элгэмсэг дотно нөхөрлөлийг улам бэхжүүлэх онцгой чухал, түүхэн үйл явдал болсон билээ.

Энэ онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад албан ёсны айлчлал хийсэн. Мөн Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, Япон сангийн урилгаар парламентын залуу гишүүд айлчилж, парламент хоорондын харилцаа эрчимтэй өрнөлөө. Хоёр орны парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдэд идэвхтэй ажиллаж байгаад талархал илэрхийлье.

Осака хотноо зохион байгуулагдсан “Осака-Кансай ЭКСПО 2025”-д манай улс амжилттай оролцож, Монгол Улсынхаа түүх, соёлын өвөрмөц давуу талуудыг олон улсын тавцанд таниулсан билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Япон Улсад айлчилж, 7 дугаар сарын 27-ны өдөр “Монголын үндэсний өдөр” арга хэмжээнд оролцсон.

Шадар сайд Ч.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад айлчилж, өнөөдөр Монгол-Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлийн 12 дахь удаагийн хурал боллоо. Мөн манай Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Япон-Монголын бизнес форумыг энэ жил банк санхүүгийн сэдвээр хийлээ. Хүрэлцэн ирж оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ОУВС-гийн тооцоолсноор Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 5 хувь байсан бол энэ онд 6 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь тогтвортой өсөлтийг харуулж байна. Монгол Улсын олон улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн хугацаанд анх удаагаа нэг шатлалаар ахиж, "тогтвортой" болж байгаа нь хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа өргөжин хөгжихөд эерэг дохио болж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаад байгаа бөгөөд бид “GO MONGOLIA” уриан дор Монгол Улсын зан заншил, өв соёлыг сурталчлах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх олон арга хэмжээг японы анд нөхөдтэйгөө хамтран зохион байгуулж байна. Монгол Улсыг дэлхийд сурталчлах хүрээнд аялан тоглолт хийж буй “Монгол Хаан” жүжиг Токио болон Нагоя хотуудад нийт 23 удаа тоглож, 37,000 үзэгч үзэж, хоёр улсын соёлын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа. 

Энэ онд, ирэх жилүүдэд бид Тусгай стратегийн түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, соёл урлаг, уламжлалаа сурталчлан, худалдаа, эдийн засгийн харилцааг тэлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхийг зорьж ажиллах болно.

Тэр дундаа “Хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэх үүднээс миний бие Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд хоёр орны орон нутаг, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг дэмжин шинэ тогтолцоог бий болгож ажиллахыг зориж байна.

Тухайлбал, өнгөрсөн 10 дугаар сард Хокурикү бүсийн Өргөмжит консул Фүжишигэ гуайн хүчин чармайлтаар бид Монгол Улсын зүүн бүс болон Японы Хокурикү бүс хооронд хамтын ажиллагааг эхлүүлсэн. Мөн орон нутгийн засаг захиргаа, хувийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл харилцан айлчлал хийж, бүс нутгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч эхэлж байна. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд манай хоёр орны бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны тогтолцоог улам идэвхжүүлэн ажиллах тул бүс нутгийн өргөмжит консулууд, УИХ-ын гишүүд, холбогдох бусад талууд хамтран ажиллахыг хүсч байна.

Өнөөдөр энэхүү танхимд Монгол, Японы харилцааны бат бөх гүүр болж ажиллаж ирсэн, хоёр улсын хамтын ажиллагааны суурийг тавьж, түүнийг улам бэхжүүлэн хөгжүүлж буй олон эрхэм хүндэт зочид цугларсанд баяртай байна. Та бүхний үнэтэй хувь нэмэр, сэтгэл зүтгэл Монгол, Японы ирээдүйн хамтын ажиллагааны үндэс суурь хэвээр байх болно.

Монгол, Япон хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, манай хоёр ард түмний дотно нөхөрлөл үеийн үед мандан бадрах болтугай.

 

Монгол Улсаас Япон Улсад суугаа

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Б.БАЯРСАЙХАН