images

Токио хотноо “Монголын өдөр” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав

Үйл явдлын мэдээ

2025-11-26

26

Монгол Улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан тэмдэглэлт үйл явдлын 101 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдрийг тэмдэглэх хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Токио хотын Мэйжигийн цогцолборт “Монголын өдөр” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан хүндэтгэлийн хүлээн авалтыг нээж мэндчилгээ дэвшүүлэв. Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын сайд Н.Сүзүки, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн тус танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга А.Нагашима, Гадаад хэргийн дэд сайд К. Шимада нар тус тус үг хэлэв.

Элчин сайд Б.Баярсайхан хэлсэн үгэндээ Монгол Улс 100 жилийн өмнө тусгаар тогтнол, эрх чөлөө, хууль дээдлэх ёсны үндэс суурийг тавьсан түүхэн шийдвэр гаргаж, Үндсэн хуулиа баталсан нь орчин цагийн хөгжлийн эхлэлийг тавьсан чухал үйл явдал болсон билээ гээд Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд түүхийн хэд хэдэн үе шатыг туулж, өдгөө “Энх тайван хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. Мөн Монгол, Японы харилцаа хоёр улсын хөгжил дэвшилд төдийгүй, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлов.

Энэ оны 7 дугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарын Монгол Улсад хийсэн төрийн анхны айлчлал нь нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан манай хоёр улсын найрсаг харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн мөнхөрч, ард түмэн хоорондын элгэмсэг дотно нөхөрлөлийг улам бэхжүүлэх онцгой чухал, түүхэн үйл явдал болсон хэмээн тэмдэглэв.

Цаашид хоёр улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлж, Монголын соёл, урлаг, зан заншлыг сурталчлах, манай хоёр улсын ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг тэлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх түншлэлийг Монгол Улсын урт хугацааны хөгжил, хэтийн төлөвтэй уялдуулж, улам бүр гүнзгийрүүлэхийг зорьж ажиллахаа илэрхийлэв.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын түүх, соёл, зан заншил, үндэсний өвийг сурталчлан таниулах зорилгоор Монгол гэр барьж, цагаан идээний дээжээр зочдоо дайлж, шагайн харвааг тусгайлсан танилцуулсан нь оролцогчдын сонирхлыг татсан арга хэмжээ болов. Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэв.

Хүлээн авалтад Монгол Улсын Төрийн соёрхолт, Япон Улсын Мандах нар одонгийн "Алт мөнгөн туяа" одонт МУГЖ Д.Сосорбарам, дуучин СТА Н.Ариунцэцэг, СТА Ц.Бизьяа нар ая дууны мэндчилгээ өргөж, Япон Улсад уран бүтээлээ туурвиж буй Үндэсний урлагийн төлөөлөл болсон “Их татлага” хамтлаг морин хуурын хөг аялгууны дээжээс толилууллаа.

Монгол Улсаас Сая Мөнх ХХК нь үндэсний үйлдвэрлэл, Монгол Өв соёлоо сурталчлан таниулхаар дараах үйлдэрлэгч өв тээгчдийг зохион байгууллан оролцлоо. “Монголын Үндэсний уламжлалт уран хатгамалчдын холбоо”, арьсан эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг “LGS” ХХК, Шүдэн уулын жамц давсыг 3 төрлөөр үйлдвэрлэж буй “Баян дөрт таваг” ХХК, Дээдсийн гоёл үндэсний хувцасны урлан, Хатун салон модель агентлаг хүрэлцэн ирж өөрсдийн бүтээгдэхүүний дээжээ танилцуулав.

Элчин сайд Б.Баярсайхан Монгол Улсын төрийн одон медалийг Монгол-Японы найрамдалт харилцааг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг чадвар, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж, жинтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын иргэдэд гардууллаа.

Түүхэн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Монголын өдөр” хүндэтгэлийн арга хэмжээнд Монголд элэгтэй, Монгол, Японы найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, найрамдал нөхөрлөлийг батжуулахад сэтгэл зүтгэлээ зориулан үнэтэй хувь нэмэр оруулж буй Японы үе үеийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг, олон нийтийн зүтгэлтэн, Күмамото, Сага, Коочи, Кагошима, Ямагата, Нара, Нийгата, Яманаши, Шизүока, Кагава, Миязаки, Ямагата, Шизүока, Канагава, Точиго, Цүкүба, Ибараки зэрэг орон нутгийн засаг захиргаа, Япон-Монголын найрамдлын нийгэмлэг, төрийн бус байгууллагын төлөөлөгчид, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан, Монгол Улсын Өргөмжит консул, Соёлын элч нар болон Япон Улсад оршин суун ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл 700 гаруй хүн оролцлоо.