Элчин сайд Б.Баярсайхан Гадаад хэргийн сайд Т.Мотэги-тэй уулзав
Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-тэй “Хаврын баярын зохион байгуулах хороо”-ны гишүүдийн хамтаар 4 дүгээр сарын 2-ны өдөр уулзаж, санал солилцов. Энэхүү уулзалтад Боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, технологийн Парламентын дэд сайд К.Фүкүда, Нишитокио хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Т.Ямада, Хигашиямато хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Х.Оогава, ЯМОХ-ын төлөөлөл, “Хаврын баяр” ТББ-ийн тэргүүн нар байлцав.

Элчин сайд Б.Баярсайхан энэ жилийн “Хаврын баяр”-ыг 2026 оны 4 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Токорозава хотын “Нисэх хүчний дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” буюу “Коокү кинэн кооэн”-д анх удаа зохион байгуулагдах гэж байгааг онцлон, “Хаврын баяр” нь Япон Улсад ажиллаж, амьдардаг монгол иргэдийн хувьд эх орныхоо түүх, соёл, уламжлалыг танилцуулах, орон нутгийн иргэдтэй харилцаа холбоогоо гүнзгийрүүлэхэд ихээхэн ач холбогдол бүхий баяр болохыг тайлбарлав.
Гадаад хэргийн сайд Т.Мотэги энэхүү баярын тухай сонссон, хоёр улсын найрамдалт харилцааг хөгжүүлэх үйлсэд урлаг соёл, хүн хоорондын харилцааг чухалчилдаг энэ төрлийн арга хэмжээ нь тун хэрэгтэй ажил болохыг дурдав.
