“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ ТОКИО ДАХЬ ЭСЯ-НД ТЭМДЭГЛЭВ
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж, хөгжсөний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан 03 дугаар сарын 31-ний өдөр Элчин сайдын яаманд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтад Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд М.Миязаки, Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга генерал Х.Үчикүра, Гадаад хэргийн яамны Хятад-Монголын 1 дүгээр хэлтсийн дарга К.Нономүра,тэргүүтэй ГХЯ, БХЯ, Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штаб, Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Тэнгисийн цэргийн командлал болон харьяа цэргийн сургуулийн удирдлага, Токио дахь Батлан хамгаалахын атташегийн холбооны тэргүүн тэнгисийн ахмад М.Антониаззи тэргүүтэй ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, БНТУ, БНСВУ, Дани, Мексик, Иран, Бразил, Филиппин, Чили зэрэг орнуудын Батлан хамгаалахын атташе нар гэргийн хамт, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтан алба хаагчид, Япон Улсын Цэргийн сургуулиудад суралцаж буй офицеруудын төлөөлөл оролцлоо.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан “Монгол цэргийн өдөр” арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны Монгол Улсад өнгөрсөн онд хийсэн төрийн айлчлал нь манай хоёр улсын “хүн төвтэй” Тусгай стратегийн түншлэлийг батжуулан бэхжүүлж, найрсаг харилцааны “тулгын чулуу” болсон ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг бэхжүүлэх хүрээнд Засгийн газар хооронд “Батлан хамгаалах техник, тоног төхөөрөмж шилжүүлэх хэлэлцээр”-ийг байгуулсан нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаанд түүхийн шинэ хуудсыг нээж, хамтын ажиллагааны өргөн боломжийг бүрдүүлж буйг дурдав.
Японы талаас хүндэт зочноор Батлан хамгаалахын дэд сайд М.Миязаки оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр 2024 онд байгуулсан Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийн хүрээнд өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа эрчимтэй хөгжиж байгааг дурдаад Батлан хамгаалахын дэд сайд М.Оники Монгол Улсад, Монгол Улсын ЗХЖШ-ын дарга С.Ганбямба Япон Улсад албан ёсны айлчлал хийсэн нь үүний нэг илэрхийлэл юм гэв. Мөн “Япон Улсын БХЯ-ны харьяа Цэргийн их, дээд сургуулиудад Монгол Улсын цэргийн алба хаагчид олноор суралцаж байгаагаас гадна “Чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хоёр улсын Хуурай замын болон Агаарын цэргийн хүчний албан хаагчид хамтарсан сургалт, дадлагууд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглээд цаашид ч Монгол Улстай батлан хамгаалах хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө байна гэв.

Хүлээн авалтын үеэр Монгол ахуй соёлоо сурталчлан, “Их татлага” хамтлагийн морин хуурч, хөөмийч, Б.Болд-Эрдэнэ, бүжигчин Бурмаа нар урлагийн тоглолтоо үзүүлж сонирхуулав. Мөн энэ үеэр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэв.

