images

Монгол Улсын Хойд бүс, Япон Улсын Кюүшюү-Окинава бүс нутагтай хамтран ажиллана

Үйл явдлын мэдээ

2026-03-27

1661

Элчин сайд Б.Баярсайхан 3 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Кюүшү бүсийн Фүкүока мужид Монгол Улсын Хойд бүсийн төлөөллийн хамт албан айлчлал хийв. Айлчлалын бүрэлдэхүүнийг Хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахлан, Токио хотод холбогдох уулзалтад оролцож, Хойд бүсийн Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, Хойд бүсийн хөгжлийн төвийн захирал Б.Мягмаржаргал, "Эрдэнэт цогцолбор" их сургуулийн захирал Д.Заяабаатар нарын төлөөлөгчид ажиллав.

Элчин сайд Б.Баярсайхан бүс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Фүкүока дахь Монгол Улсын Өргөмжит консул Миишо Ёшихико-той хамтран "Бүс хоорондын хамтын ажиллагааны семинар" зохион байгууллаа. Хамтарсан семинарын үеэр Хойд бүсийн хөгжлийн төвийн захирал Б.Мягмаржаргал Хойд бүсийн, Өргөмжит консулын газраас Кюүшү-Окинава бүсийн танилцуулгыг тус тус хийж, харилцан мэдээлэл солилцов.

 

Бүс хоорондын хамтын ажиллагааг боловсролын салбараар дамжуулан өргөжүүлэх зорилгоор Фүкүока мужийн Күрүмэ Коосэн сургуулийн захирал Минами Шинпэй болон сургуулийн удирдлагатай уулзалт хийв. Монгол Улсад Коосэн хөтөлбөртэй 6 сургууль байгаагаас орон нутагт 3 сургууль, үүнээс нэг нь Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаагийн уулзалтад “Эрдэнэт цогцолбор” их сургуулийн захирал Д.Заяабаатар, тус сургуулийн харъяа Политехникийн коллежийн “Коосэн” хөтөлбөр хариуцсан багш Х.Оюун-Эрдэнэ нар оролцож, сургуулийн үйл ажиллагаа танилцав. Уулзалтын үр дүнд Күрүмэ Коосэн сургууль, “Эрдэнэт цогцолбор” их сургуулиуд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар тохирсон.

Элчин сайд Б.Баярсайхан энэ үеэр Токиогийн ХААИС-ын доктор Ш.Кавашима-тай хамтран Күрүмэ хот дахь "Хилтоп Нозоэ" хүүхдийн нийгмийн халамжийн байгууллагын үйл ажиллагааг төлөөлөгчдөд танилцуулж, олон адуутай хойд бүсэд ижил төстэй төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах, Хубилай хааны үеийн довтолгооны үеэс үлдсэн үзмэр бүхий музей үзэж түүхэн дурсгалт газруудтай танилцаж, бүс хоорондын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд туршлага судалж ажиллав.

Мөн бүс, орон нутаг хоорондын харилцаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад Кюүшү дэх Өргөмжит консулын газраас гадна, Японы Кюүшү-Окинава-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Шинто Казүаки, дэд тэргүүн Оохама Тэцүя нартай албан уулзалт хийж, цаашид хамтран ажиллахаар болов.