Элчин сайд Б.Баярсайхан Шизүока мужийн Яизү хотод “МОНГОЛ НААДАМ”-д оролцлоо
Япон Улсын Шизүока мужийн Яизү хотын захиргаанаас “Монгол наадам” арга хэмжээг 2026 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Яизү хотын Комита цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулав. Тус наадмыг нээж Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Яизү хотын дарга Хиромичи Накано нар нээлтийн үг хэлж, хүрэлцэн ирсэн Монгол, Япон иргэдэд мэндчилгээ дэвшүүлэв.
“Монгол наадам”-ыг Яизү хотын удирдлага, хотын захиргааны албан хаагчдын хичээл зүтгэл, орон нутгийн иргэдийн дэмжлэг туслалцаагаар зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Тус наадамд Нагоя, Гүнма, Яманаши, Чиба зэрэг ойр хавийн муж, хотуудаас урлагийн тоглолт, хүчит бөх, монгол хоолны Эрна, Яруу Монгол, Лили Греен худалдаа гаргах зэргээр Монгол иргэд оролцов.

Яизү хот, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгтэй ах дүү хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд тус наадамд Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын гишүүдийн төлөөлөл, Тамгын газрын ажилтны төлөөлөл хүрэлцэн иржээ.
Тус наадамд Яизү хотын сургуулийн сурагчдын найрал дууны хамтлаг “Халуун элгэн нутаг” дуу дуулж, орчин үеийн бүжгийн хамтлаг бүжгийн үзүүлбэр, охидын хамтлагийн тоглолт, язгуур урлагийн “Их татлага” хамтлаг, СТА дуучин П.Бизьяа, бүжигчин Н.Бурмаа нар оролцож урлагийн тоглолт үзүүлэв. Хүчит бөхийн барилдаанд 26 Монгол, Япон бөхчүүд барилдав.

Яизү хотын захиргаанаас зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол наадам” арга хэмжээ нь манай хоёр улсын “Хүн төвтэй” Тусгай стратегийн түншлэлийг батжуулан бэхжүүлж, найрсаг харилцааны “Тулгын чулуу” болсон ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх, үндэсний түүх, соёлыг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой өргөн дэлгэр сайхан наадам боллоо.