Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Морин уралдааны төв холбооны Удирдах Зөвлөлийн дарга М.Ёшидаг хүлээн авч уулзав
Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Морин уралдааны төв холбооны УЗ-ийн дарга М.Ёшида тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр болгон тэмдэглэх тухай” (World Horse Day) тогтоолыг хэлэлцэн баталсан билээ.
Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан адууны соёл, уламжлалыг эрт дээр үеэс эдүгээ хүртэл хадгалж ирсэн нүүдэлчин, морьтон орны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэлхий нийтийн анхаарлыг татах, уг өдрийн ач холбогдлыг сурталчлан таниулах, олон нийтийн мэдлэг, мэдээлэл, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг 2026 оны 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
Дэлхийн хамтран зохиогч 56 улс оролцож байгаатай холбогдуулан Элчин сайд Б.Баярсайхан адууны өндөр соёлтой Япон Улсаас дээрх арга хэмжээнд оролцох төлөөллийг шийдвэрлэх, цаашид хэрхэн хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов.