Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан Ямагата мужид ажиллав
Элчин сайд Б.Баярсайхан 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ямагата мужид ажиллаж, тус мужийн захирагч Ёшимүра Миэко-той албан ёсны уулзалт хийлээ.

Уг уулзалтаар Монгол Улсын Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангахад онцгой анхаарал хандуулж буйг онцлоод Ямагата мужтай орон нутаг хооронд хамтын ажиллагаа тогтоох, боловсрол, аялал жуулчлал, бизнес болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцав.
Түүнчлэн Япон Улсын бүс, орон нутагт Монгол Улсын нийт 7 Өргөмжит консул идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй тухай танилцуулж, зүүн хойд бүсийг хариуцсан Өргөмжит консулыг Ямагата мужид томилох боломжийн талаар санал солилцов.

Айлчлалын хүрээнд Элчин сайд Б.Баярсайхан Ямагата-гийн Их сургуульд зочилж, тус сургуулийн захирал Дэгүчи Такэши-тэй албан ёсны уулзалт хийв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Япон Улсад суралцах эхний ээлжийн 7 оюутнуудыг тус сургууль хүлээн аваад буй. Ямагата-гийн Их сургууль 1996 оноос хойш Монгол оюутан хүлээж авч байгаа бөгөөд одоогийн байдлаар манай улсаас нийт 14 оюутан суралцаж байна.

Ямагата мужийн захирагч М.Ёшимүра Ямагата-гийн Их сургуулийн захирал, албаны болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн хамтаар 2025 оны 09 дүгээр сард Монгол Улсад айлчилсан бөгөөд мужийн захирагчийн зүгээс цаашид жил бүр Ямагата мужаас тусгай үүргийн нислэг үйлдэж, харилцааг идэвхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.