images

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Японы “Ниппон сан”-гийн хүндэт тэргүүн Сасакава Ёохэй-г хүлээн авч уулзав

Үйл явдлын мэдээ

2026-04-13

333

Сайд Б.Батцэцэг тус сангаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлээд Ё.Сасакава-д Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсанд баяр хүргэв.

Мөн тус сангийн зүгээс “Монгол Улсын парламентын залуу гишүүдийг Япон Улстай танилцуулах хөтөлбөр” хэрэгжүүлж буй нь хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.

Ё.Сасакава цаашид ч Монгол, Японы найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр идэвхийлэн ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтаар бүс нутгийн итгэлцэл, энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо чухлыг тэмдэглэж, эл чиглэлд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд “Сасакава энх тайвны сан”-гаас төлөөлөгч оролцуулах зэргээр ойр хамтран ажиллахаар ярилцав.

Японы “Ниппон сан” нь 1962 онд байгуулагдсан ашгийн бус байгууллага бөгөөд хүмүүнлэг, нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг.