images

Монголын нөхцөлд тохирох цагаан будааны шинэ сортыг тариалах төслийг хэрэгжүүлж байна

Үйл явдлын мэдээ

2026-04-14

312

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг дэмжин, Япон Улсын Тояма дахь Монгол Улсын Өргөмжит консул К.Фүжишигэ Монгол Улсад 2008-2010 оны хооронд туршилтаар хэрэгжүүлж байсан цагаан будаа тариалах төслийг сэргээн хэрэгжүүлж байна.

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт цагаан будааны сортыг сайжруулах төслийг хэрэгжүүлж, шинэ төрлийн цагаан будааны сортыг тухайн үед гарган авч байсан. Тус сортыг олон улсын патентаар баталгаажуулан "Чингис Голд" гэж нэрлэсэн. Уг сорт нь энгийн сортын будааг хуурай газрын будаатай эрлийзжүүлэн тариалснаар усны хэрэглээ харьцангуй бага шаардагддагаараа давуу талтай. Африк гаралтай цагаан будааны генетик шинж чанарыг агуулдаг тул ойролцоогоор 2.5-3 сарын хугацаанд ургацаа өгдөг нь туршигдсан.

Өнгөрсөн жилийн 6 дугаар сараас эхлэн Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ цагаан будаа тариалах газрыг сонгох, хөрсний дээж, шинжилгээ авах, тариалангийн талбайг усжуулах нөөцийн судалгаа хийх ажлаар удаа дараа Монголын хөдөөг зорин ажилласан. Энэ оны 6 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймагт цагаан будааны тариалалтын туршилтын төслийг дахин эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба 9 дүгээр сард ургац хураах зорилтыг тавин ажиллаж байна.

Өргөмжит консул К.Фүжишигэ энэхүү төслийг хэрэгжүүлснээр хатуу ширүүн уур амьсгалтай Монгол орны нөхцөлд тохирсон тогтвортой, шинэ төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гарган авах загвар болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн. Хүйтэн газарт тохирсон цагаан будааны тус сортыг анх санаачилсан Япон Улсын иргэн, Хөдөө аж ахуйн ухааны доктор Оритани Такаши (одоо 90 настай)-г амьд сэрүүн байх хугацаанд нь олон жилийн судалгааны ажлын үр дүнг нь бодит ажил хэрэг болгож харуулахыг зорин тус төслийг Монгол Улсад дахин эхлүүлэх шийдвэр гаргасан тухайгаа Өргөжит консул К.Фүжишигэ онцолж байгаа аж. Цагаан будааны "Чингис голд" шинэ сорт нь Япон-Монголын хөдөө аж ахуйн салбарын олон жилийн хамтын ажиллагааны чухал үр дүнгийн илрэл юм.

Тус санаачилга нь Монгол Улсад хүнсний үйлдвэрлэлийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн технологийн хөгжилд хувь нэмэр оруулах, улмаар Монгол-Япон хоёр орны хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл болох тул тус яам бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

(Тус зургууд нь 2008 оны зураг болно.)