Японы телевиз Монгол-Япон хоёр улсын бүс, орон нутгийн харилцааны түүхийг онцолжээ
Японы Нагасаки мужийн "KTN TV Nagasaki" телевизээс “Монголын сурвалжлага” цуврал нэвтрүүлгийн 2 дугаар хэсэгтээ Монгол-Япон хоёр улсын бүс, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар онцолжээ.
Хангайн бүсийн Өвөрхангай аймгийн Хужирт сум, Кюүшү бүсийн Нагасаки мужийн Мацү-үра хот хооронд эгч дүү хотын харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буй. Тэртээ 1991 оноос эхэлсэн хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр ирсэн түүхтэй.
"KTN TV Nagasaki" телевизийн баг Хужирт суманд ажиллах үеэр хамтын ажиллагааны хүрээнд Хужирт сумын удирдлага Мацү-Үра хотоос санаа авч, өнгөрсөн жилийн 10 дугаар сараас эхлэн сумандаа туршилтаар хог ангилан ялгаж буйг онцлон танилцуулжээ. Энэхүү мэдээлэл нь Монгол- Япон хоёр орны бүс, орон нутгийн харилцаа эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалаар зогсохгүй байгаль орчин, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд өргөжин тэлж байгаагийн нэг илрэл болж байна.
Мөн тус хотуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Мацү-Үра хотын захиргаанд 2025 оноос эхлэн монгол ажилтан М.Сарангэрэл ажиллаж байна.