Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан Кюүшү бүсийн Күмамото мужид ажиллав.
Элчин сайд Б.Баярсайхан 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Күмамото мужид албан томилолтоор ажиллаж, мужийн захирагч Кимүра Такаши-тай албан уулзалт хийв. Тус уулзалтад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Кюүшү бүс дэх Монгол Улсын Өргөмжит консул Ёшихико Миишо нар дагалдан оролцов.
Элчин сайд Б.Баярсайхан эуулзалтын үеэр Күмамото муж, Монгол Улсын харилцааг Бүсчилсэн хөгжлийн хүрээнд өргөжүүлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар товч танилцуулгыг хийв.

Элчин сайд Б.Баярсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн нар монгол мах, махан бүтээгдэхүүний экспорт, импортыг дэмжин, хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд мужийн захирагч Кимүра Такаши-г дэмжин ажиллахыг хүсэв.
Элчин сайд Б.Баярсайхан тус өдөр Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Өргөмжит консул Ёшихико Миишо, тус консулын газрын ахлах зөвлөх Тадаюки Аоки, Күмамото-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн н.Араки нарын хамт Күмамото Хөдөө аж ахуйн хоршооны ( JA) тэргүүн Такаюки Миямото-той албан уулзалт хийв. Албан уулзалтын үеэр японы хүнсний махны зах зээлд монголын адуу, хонины мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох, нэр төрлийг монгол малын махаар нэмэгдүүлэх чиглэлд тус хоршоотой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Күмамотогийн Хөдөө аж ахуйн хоршооны тэргүүн Такаюки Миямото хүнсний махны зах зээлд монгол адууны махыг оруулах саналыг талархан хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу импортоор орж ирсэн тохиолдолд борлуулалтын сүлжээг дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Японы Күмамото мужийн "Басаши" адууны мах нь амт чанар, хэрэглээгээрээ дэлхийд алдартай юм.
