ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН “ХАВРЫН БАЯР 2026”-ЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЭВ
Элчин сайд Б.Баярсайхан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын баяр” наадмыг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ хоёр улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахин өргөжин бэхжиж байгаа тухай дурдаад 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын харилцааны түүхэнд чухал үйл явдал болсныг онцлон тэмдэглэв.

“Хаврын баяр” наадам маань анх зохион байгуулагдсанаасаа хойш 26 жилийн хугацаанд японы олон нийтэд монгол үндэсний ёс зан заншил, соёл урлаг болон уламжлалт спортыг таниулан сурталчлахын зэрэгцээ орчин үеийн Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлж ирсэн билээ.

Жил бүрийн хавар зохион байгуулагддаг уг баяр маань энэ жил Сайтама мужийн Токорозава хотын “Нисэх хүчний дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаа зохиогдож, Япон Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн монгол, япон иргэд маань монгол хоол амталж, монгол дуу хөгжим сонсон, бөхийн барилдаан үзэж сонирхон, нөхөрлөлөө гүнзгийрүүлж, хоёр өдрийн турш “монголоор” амьсгалан дурсамжит цаг хугацааг хамтдаа өнгөрүүлдэг сайхан заншилтай.
