images

Элчин сайд Б.Баярсайхан МҮБХ-ны Япон дахь салбар холбооны төлөөлөлтэй уулзав

Үйл явдлын мэдээ

2026-05-13

309

Элчин сайд Б.Баярсайхан Монголын Үндэсний Бөхийн Япон дахь салбар холбооны тэргүүн Б.Түвшинбаатар тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтад Удирдах зөвлөлийн дэд тэргүүн аймгийн арслан П.Батмөнх, гишүүд У.Оргихбаяр, С.Түвшинсанаа, Ч.Чагнаадорж, Б.Бат-Эрдэнэ, Г.Цогтгэрэл, нарийн бичгийн дарга, сүмо бөхийн макүүчи цолтон С.Тодбилэг нар байлцав. Монголын Үндэсний Бөхийн Холбооны (МҮБХ) Япон улс дахь салбар холбоо нь 2025 оны 8-р сард албан ёсоор байгуулагдсан байна. Энэ нь хилийн чанадад байгуулагдсан МҮБХ-ны 4 дэх салбар холбоо (Европ, Австрали, БНСУ-ын дараа) бөгөөд Японд ажиллаж, амьдарч буй монголчуудын дунд үндэсний бөхөө сурталчлах, тэмцээн уралдаан зохион байгуулах зорилготой аж.

Гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд Цол олгох барилдаан зохион байгуулж, түрүүлсэн бөхөд “сумын заан” цол олгох зорилготой байгаа тухайгаа Элчин сайдад уламжлав. Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсад амьдран сууж байгаа монголчуудын тоо ихсэх хэрээр бөхөнд хорхойтой залуусыг сэдэлжүүлэх, үндэсний спортын өв уламжлалыг өвлүүлэн үлдээх бодит шаардлага байгаа тул албан ёсны цол олгох барилдааныг зохион байгуулахад Элчин сайдын яам дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.