“МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-ЫГ МОНГОЛ СУДЛААЧ ЭРДЭМТЭНД ОЛГОВ
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам олон улсын Монгол судлалыг хөгжүүлэх үйлсийг өргөжүүлэх, олон эрдэмтдийг татан оролцуулахын тулд эрдэм шинжилгээний форум, хэлэлцүүлэг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг.
Элчин сайд Б.Баярсайхан жил бүрийн хавар, намар болдог Монголч эрдэмтдийн хаврын эрдэм шинжилгээний хуралд оролцож, “Монгол Улсын Элчин сайдын нэрэмжит шагнал”-ыг 3 дахь жилдээ гардуулав. Энэ жилийн Япон дахь Монголч эрдэмтдийн холбооны шалгаруулалтаар Кобэгийн их сургуулийн Олон Улсын соёлын судалгааны магистр, докторын хөтөлбөрийн дэд профессор Томита Такахиро шалгарч уг шагналыг хүртэв. Энэхүү шагналыг Монгол судлалд тухайн жилд үнэтэй хувь нэмэр оруулж, монголын тухай шилдэг судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийсэн залуу эрдэмтдийн дундаас шалгаруулж, олгодог билээ.

Элчин сайд Б.Баярсайхан Монголчуудын төрт ёс, түүх соёл, өв уламжлалыг судлан шинжилж, хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд оруулсан хувь нэмрийг үнэлэн дүгнэж, дэлхий ертөнцөд сурталчлан таниулсан Япон Улсын үе үеийн эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээ, бүтээл туурвил, хичээл зүтгэлийн үр дүнд Япон Улс дахь “Монгол судлал” өргөжин хөгжсөөр ирснийг дурдаад Монгол судлалыг нэр төртэйгөөр залгамжлан хөгжүүлж, мэдлэг чадвар, сэтгэл зүрх, нэгэн насны амьдралаа зориулж ирсэн эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлэв.
