Элчин сайд Б.Баярсайхан Олон улсын эрүүл мэнд, нийгмийн халамжийн их сургуулийн “Тэтгэлэг гардуулах ёслол”-д оролцов
Энэ жил Монгол Улсаас Анагаах ухааны сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгийг Ц.Содбаяр, Э.Нандин-Эрдэнэ, М.Аззаяа нар гардан авч тус бүр 6 жил суралцан төгсөхөөр болов. Нийгмийн халамж үйлчилгээ болон Эмнэлгийн менежментийн сургуульд А.Энхжин, Д.Цэвэлмаа, Д.Цэрэнжав нар тэтгэлэг авсан бөгөөд тус бүр 4 жил суралцах эрхтэй болов. Магистрийн хөтөлбөрт Б.Содномжамц тэтгэлэг авсан бөгөөд нарийн мэргэжлийн эмчээр төгсөнө.

Жил бүр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах орнууд болон тэтгэлгээр суралцах оюутны тоо өөр байдаг ба 2026 оны хичээлийн жилд Азийн орнуудаас 41 оюутанд тэтгэлэг олгосон байна. Монгол Улсын 7 оюутнаас гадна БНХАУ-аас 2 оюутан, Бутаны Хаант Улсаас 3 оюутан, Камбожийн Хаант Улсаас 1 оюутан, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас 6 оюутан, Мьянмар Улсаас 20 оюутан, Бүгд Найрамдах Лаос Ард Улсаас 2 оюутан мөн тэтгэлэгт хамрагдав.

Элчин сайд Б.Баярсайхан тус сургуулийн ТУЗ-ийн дарга К.Такаги, захирал Ш.Сүзүки нар болон сургалт хариуцсан эрхлэгч нарт талархсанаа илэрхийлж, Олон улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн их сургууль нь 2017 оноос хойш уг тэтгэлэгт хөтөлбөрөөр Монгол Улсаас оюутан сургаж, Монгол Улсын эрүүл мэндийн чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэв.