Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржханд Япон Улсад 2026 оны 5 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
Шадар сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд болон эрчим хүч, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтаж байна.

“Эрчим хүч ба санхүүжилт” сэдэвт хөрөнгө оруулалтын чуулганыг Японы Худалдааг Дэмжих Байгууллага (JETRO)-тай хамтран Токио хотноо өнөөдөр зохион байгууллаа. Чуулганд Япон улсын талаас 250, Монголын 50 гаруй компани, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцов.

Энэхүү айлчлалаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Япон Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга М.Кихара, Эдийн засгийн өсөлт, нийгмийн хамгааллын шинэчлэлийн асуудал эрхэлсэн сайд М.Киүчи, Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Т.Ино, Байгаль орчны дэд сайд Аояма нартай албан уулзалт хийж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор эрчим хүч, банк санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр харилцан санал солилцож, бодит төслүүд дээр хамтарч ажиллахаар хэлэлцэв.

