ГАДААДЫН ДАДЛАГАЖИГЧ АЖИЛЧИН ХҮЛЭЭН АВАХ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

2025-09-29


Япон Улсын “Дадлагажигч ажилтан хүлээн авах хөтөлбөр” нь албан ёсоор гадаадаас ажиллах хүчин авдаггүй байсан үеэс эхлэн гадаадын иргэдийг “дадлагажигч” нэрээр авчирч, бодит амьдрал дээр “ажиллах хүчин” болгон ашиглаж ирсэн гол хэлбэр юм.

Гадаадын иргэдийг ажлын байран дээр сургах зорилготой энэхүү тогтолцооны түүхэн  хөгжлийг авч үзвэл:

1960–1980-аад он 

Японд хөгжиж буй орнуудаас техникийн дадлагажигч богино хугацаатайгаар урих боломжтой байв. Энэ нь албан ёсны визийн ангилалд хамаардаггүй байсныг 1982 онд “Хилийн хяналт ба дүрвэгсдийн тухай хууль” /товчоор Цагаачлалын хууль/-д өөрчлөлт оруулснаар пүүс компани аж ахуйн нэгжүүд гадаадаас дадлагажигч ажилтан хүлээн авах боломж нээгдсэн.  1990 оны 8 дугаар сард Хууль зүйн сайдын баталсан журмаар "дадлагажигч” хүлээн авах шалгуурыг зөөлрүүлж, байгууллагын батлан даалт, хяналтын дор дадлагажигч хүлээн авах нь хялбаршсан. 1991 онд ЖИТКО хэмээх яам дундын байгууллага байгуулж, уг хөтөлбөрийг хариуцуулсан.

1993.04            

Хууль зүйн сайдын “Дадлагажигч ажилтан хүлээн авах тогтолцооны тухай журам” гарсан. Уг журмын дагуу дадлагжигч ажилтан  (1 жил сургалт + 1 жил дадлага) гэсэн 2 жилийн хугацаанд Японд ажиллах боломжтой болсон.

1997.04             

Дээрх журамд нэмэлт өөрчлөлт орж, дадлагын хугацааг сунгасан (1 жил сургалт + 2 жил ур чадварын дадлага).

2010.07             

Цагаачлалын хуульд өөрчлөлт орж, “ур чадварын дадлагажигч ажилтан” хэмээх оршин суух эрхийг шинээр бий болгосон. Агилал 1 /Эхний жил ажиллах/, агилал 2 / 2-3 дах жилдээ ажиллах/ гэсэн эрхийн шатлал бий болгож, хөдөлмөрийн гэрээ байгуулж мөрдөж ажиллах зэрэг шаардлагыг ажил олгогчдод тавьж, хяналтыг чангатгасан.

2016.11             

Гадаадын ур чадварын дадлагажигчийн эрх ашгийг хамгаалах, тогтолцоог зохистой хэрэгжүүлэх тухай” хууль батлагдав.

Act on Proper Technical Intern Training and Protection of Technical Intern Trainees /Англи, япон хэл дээр хуулийг харах/

https://www.japaneselawtranslation.go.jp/ja/laws/view/3612

2017.01             

Ур чадварын дадлагажигчийн байгууллага /Organization for Technical Intern Training/ (OTIT) байгуулагдаж, дадлагажигч ажилтаны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөгөө өгөх, зөрчил илрүүлэх ажлыг хариуцах болсон. /Танилцуулгыг харах/

ЖИТКО байгууллагын ажил үүргийг хөтөлбөрт оролцогч талуудад үйлчилгээ үзүүлэх байгууллага болгон өөрчилсөн. /Танилцуулгыг харах/

2017.11             

Хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ үеэр хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ангилал 3 /4-5 дах жилдээ ажиллах/ гэсэн шатлалыг нэмж, 5 жилийн хугацаатай ажиллах боломжтой болгосон. Дадлагажигчдын эрх ашгийн хамгаалалт болон тавигдах хяналт чангарсан.

2019 он             

“Тусгай ур чадварын виз” гэж бий болсноор “Дадлагажигч ажилтаны тогтолцоо” → “тусгай ур чадварын ажилтан” руу шилжих зам бий болгох шаардлагатай болсон.

2023–2024 он  

Засгийн газраас “Дадлагажигч ажилтаны тогтолцоо”-г шинэчилж, оронд нь “Сургалттай хөдөлмөр эрхлэлт” /Суралцагч ажилтан/ хэмээх шинэ төрлийн тогтолцоог 2027 оноос хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан.

Монгол Улсын хувьд анх 2001 онд хоёр орны хөдөлмөрийн асуудал эрхэлсэн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт  гарын үсэг зурснаар  уг хөтөлбөрт иргэдээ хамруулах болсон. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамтай эдгээр хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай санамж бичгийг  2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шинэчлэн байгуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс энэхүү тогтолцоог хариуцан хэрэгжүүлж ирсэн.

Уг хөтөлбөрийн дагуу 9 ангиллын 91 төрлийн 168 ажил мэргэжлээр 5 жил хүртэлх хугацаагаар ажиллах боломжтой.