Боловсрол, соёл, спорт, сурталчилгаа, олон нийт
2023-03-30
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа 1972 онд тогтоож, түүнээс хоёр жилийн дараа 1974 онд Соёлын хэлэлцээр байгуулсан түүхтэй. Тэр цагаас хойш, хоёр улсын хооронд соёл, боловсролын харилцаа улам бэхжиж, жил ирэх тусам өргөжин хөгжиж байгаа болно.
Япон Улсад 2023 оны 1 дүгээр сарын байдлаар байдлаар 3,453 монгол оюутан суралцаж буйгаас Япон Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны тэтгэлэгт хөтөлбөрт 150 гаруй оюутан хамрагдаж байна. Эдгээрээс 250 гаруй оюутан докторантурт суралцаж байна.
Монгол, Япон хоёр улсын хооронд 1974 онд байгуулсан соёлын хэлэлцээрийн дагуу 1976 онд Монгол улсаас анхны тэтгэлэгт оюутныг Японд явуулсан бөгөөд 2022 оныг дуустал Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт нийт 1,783 хүн хамрагдан суралцсан байна.
Тэтгэлэгт хөтөлбөрүүдээс дурдвал, Япон Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ГХЯ-тай “Монбүшёо” хөтөлбөр, “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт JICE хөтөлбөр”, “Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих 1000 инженер хөтөлбөр”, “Sakura” шинжлэх ухаан, технологийн чиглэлээр дунд, ахлах сургуульд хэрэгждэг төсөл тус тус хэрэгжиж байна. Аж үйлдвэрийн салбарын инженер, технологийн өндөр мэдлэг, практик дадлага туршлагатай хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн “Инженер, технологийн дээд боловсрол төсөл” амжилттай хэрэгжиж, Монгол дахь “Косэн” загварын сургууль бүс нутагт тэргүүлж байна. 2022 онд тус төслийн хүрээнд 4 оюутан дадлагажигчаар ирсэн бөгөөд цаашид ажиллах гэрээтэй ирдгээрээ онцлог юм. “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” /JDS/-т өнөөг хүртэл манай төр, хувийн хэвшлээс 350 хүн хамрагдаад буйгаас 2022 оны 12 дугаар сарын байдлаар магистрантурт 36, докторантурт 4 хүн суралцаж байна. Мөн тус ЭСЯ болон “APU” их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд бакалаврын чиглэлээр Монголоос 1 оюутан суралцав.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан, 5 жилийн өмнөөс төлөвлөсний дагуу Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойд зориулсан Морин Хуурын Чуулгын хүндэтгэлийн тоглолтыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Токио хотын Шибүя дүүрэгт байрлах Эн Эйч Кэй концертийн их танхимд зохион байгуулав. Монгол Улсын Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон Улсад ирж тоглосон нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалтай давхцсан бөгөөд уг тоглолтыг Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм Дээд Хатан нар үзэж сонирхов. Нийт 3400 үзэгч нэг удаагийн тоглолтоор багтаах боломжтой энэ танхимд тоглосноор, дэлхийд алдартай цөөн хэдэн тайзны нэгд морин хуурын аялгууг эгшиглүүлсэн ховор боломжийг ажил хэрэг болгосноороо онцлог байв. Тус тоглолтын дараа Япон Улсын 12 муж, хотуудаар үргэлжлүүлэн аялан тоглолт хийж, монгол хөгжмийн гайхамшгийг орон нутгийн иргэдэд мэдрүүлэх, сурталчлах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн болно.
Түүнчлэн, 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2022 онд хийсэн томоохон ажлуудаас дурдвал, соёлын өв түүхэн дурсгалууд бүхий “Чингис Хаан” хаад, язгууртнуудын музей байгуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлд Япон Улсад хадгалагдаж байсан Монгол Улсын 2 соёлын өвийн хуулбарыг холбогдох байгууллагаас гаргуулан, Монголын талд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан байна. 2022 оны 10 дугаар сарын 12-нд нээлтээ хийсэн “Чингис хааны музей”-д уг үзмэрүүдийн хуулбар тавигдсан бөгөөд эдгээр нь:
1. Япон Улсын Эзэн хааны ажлын албанд хадгалагдаж буй “Монголчууд Японыг довтолгосон нь” хуйлмал зурган өгүүлэмж,
2. Нара хотын Тэнри мужийн Их сургуулийн музейд хадгалагдаж буй “Алтан гэрэгэ” зэрэг болно.
Дээрх соёлын өвүүдээс гадна, Япон Улсын Нагасаки мужийн Мацүүра хотын Такашима тосгон дахь Архивын байгууламж /Ширёокан/-д хадгалагдаж буй Юань гүрний усан онгоцны модель-загварыг “Говь Саппорт Жапан” ХХК-ийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 10-нд багтаан хийж дуусгасан бөгөөд өдгөө тус загварыг “Чингис хаан” музейд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр баталсан ажлын төлөвлөгөөнөөс гадна Элчин сайдын яамнаас санаачлан хийсэн ажлуудыг дурдвал:
1. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд тус ЭСЯ-наас зохион байгуулах арга хэмжээний хүрээнд “Хост таун” хотууд, Соёлын элч нартай хамтран Японы 45 бага, дунд сургуулийн нийт 2000 гаруй сурагч, 40 багшид Монголын тухай яриа хийв. Япон Улсын Соёлын өдөр “Урлагаар дамжуулан ертөнцийг танихуй” тоглолт”-ын үеэр 100 гаруй япон иргэдэд Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаар танилцуулга яриа хийв.
2. Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны санаачилгаар Японы шуудангийн “Japan Post” компаниар нийт 10 төрлийн ойн тэмдэглэлт марк гаргуулж, тус маркийг хүлээн авах ёслолын арга хэмжээг 6 дугаар сарын 15-ны өдөр Токио дахь ЭСЯ-нд зохион байгуулав.
3. Японы бага, дунд сургуулийн сурагчдын дунд “Миний мэдэх Монгол орон” гар зургийн уралдааныг зохион байгуулж, нийт 89 хүүхэд уран бүтээлээ ирүүлэв. Шалгарсан уран бүтээлийн эздэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг тус ЭСЯ-нд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулав.
4. Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, аж амьдрал, нийгмийн талаар Оберлин, Аояма, Васэда гэх зэрэг Японы их дээд сургуулиуд, орон нутгийн засаг захиргаа, аялал жуулчлалын компаниудаас Монгол Улстай холбоотой үйл ажиллагаануудад Элчин сайдаас нийт 18 удаа яриа хийв.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тус ЭСЯ-нд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав. Арга хэмжээнд хоёр улсын Ерөнхий сайд нар тус тус видео мэндчилгээ дэвшүүлж, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Японы “Комэй” намын дарга Н.Ямагүчи, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн И.Айсава, Ой мод, загас агнуур, хөдөө аж ахуйн дэд сайд А.Такэбэ, Гадаад хэргийн дэд сайд Т.Сүзүки, Гадаад хэргийн дэд сайд Ш.Миякэ тэргүүтэй 70 гаруй төлөөлөгч оролцов.
Эдгээрээс гадна “Гэрэл зураг түүх өгүүлэхүй, Монгол орон 100 жилийн өмнө ба эдүгээ” үзэсгэлэн, Оберлины их сургуульд зохион байгуулсан Япон, Монголын эрдэм шинжилгээний симпозиум, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, “1000 инженер бэлтгэх MJEED” төслийн багтай хамтарсан семинар, Япон Улс-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт гэхчилэн Япон Улсад 50 жилийн ойн хүрээнд нийт 21 арга хэмжээ зохион байгуулагдаж, тус Элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлэн ажиллав.