МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД БАНЗРАГЧИЙН БАЯРСАЙХАНЫ МЭНДЧИЛГЭЭ
2024-02-01
Элчин сайдын яамны цахим хуудсанд зочилж буй Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Монгол Улс эдүгээ ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 жилийнхээ ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэж, улс төрийн тогтолцоогоо улам төгөлдөржүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлж, эрчимжүүлэх, үндэсний соёл, боловсролоо орчин үетэй хослуулж хөгжүүлэхийг зорьж, урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлогыг батлан хэрэгжүүлж байна. Мөн түүнчлэн Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутаг болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.
Монгол Улсын ”гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг билээ.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг 2022 онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, энэ жилээс ирэх 50 жилийн хоёр улсын харилцааны өнгийг тодорхойлох, цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавих үе тохиож байна. Миний бие шинэ тавин эхэлж буй түүхэн үед Монгол Улсыг төлөөлөн Япон Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаадаа туйлын баяртай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад төрийн айлчлал хийж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай Монгол Улс, Япон Улсын харилцааны түвшинг ахиулж, “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргасан.
Талууд бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь “хүн” хэмээж, хоёр орны ард түмэн хоорондын солилцоог дэмжин, харилцан ойлголцлоо үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх, бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө хамтран хувь нэмэр оруулж ажиллахаар санал нэгдээд байгаа билээ.
Цаашид хоёр улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх, Тусгай стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлж, Монголын соёл, урлаг, зан заншлыг сурталчлах, манай хоёр улсын ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг тэлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх түншлэлийг Монгол Улсын урт хугацааны хөгжил, хэтийн төлөвтэй уялдуулж, улам бүр гүнзгийрүүлэхийг бид зорьж байна.
Монгол, Япон хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, манай хоёр ард түмний дотно нөхөрлөл үеийн үед мандан бадрах болтугай.
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД
БАНЗРАГЧИЙН БАЯРСАЙХАН