ЯПОН УЛСЫН ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО
2026-06-30
Иргэд өвдөх, гэмтэх эрсдэл хэзээ ч үүсэж болзошгүй тул өөрийн оршин суугаа газрын эмнэлгийн мэдээллийг урьдчилан мэдэх, Үндэсний эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх нь маш чухал юм. Түүнчлэн Япон Улсын эмнэлэгт үзүүлэхээр ирсэн түр зорчигчид Япон Улсын хууль тогтоомж, эрүүл мэндийн тогтолцооны тухай урьдчилан судалж, зохих бэлтгэл хангасан байх шаардлагатай.
Эрүүл мэндийн тогтолцоо:
Япон улсын эрүүл мэндийн тогтолцоо нь өвчтөн эхлээд өрхийн эмнэлэг, орон нутгийн эмнэлэг, клиникт үзүүлэх, шаардлагатай тохиолдолд нэгдсэн эмнэлэг, их дээд сургуулийн харьяа эмнэлэг, мэргэшсэн эмнэлэгт хандах гэсэн анхан шатны, хоёрдогч шатны, гуравдагч шатны тусламж гэсэн шаталсан бүтэцтэй. Ийм шаталсан тогтолцоо нь томоохон эмнэлгүүдийг хэт ачаалалд орохоос хамгаалж, өвчтөнд тохирох түвшний тусламжийг цаг алдалгүй үзүүлэх зорилготой. Үүнд:
1. Анхан шатны тусламж (Primary Care) Өрхийн эмч, клиник (診療所・クリニック)
Япон Улсад Монгол Улсынх шиг албан ёсны өрхийн эмчийн тогтолцоо гэж байдаггүй боловч иргэд байнга үзүүлж хэвшсэн, эрүүл мэндийн бүх мэдээлэл нь нэг дор цугларсан “какарицүкэ эмч” (かかりつけ医) буюу байнгын зөвлөх эмчээ олж авсан байдаг. Ийм эмчийн ажилладаг эмнэлэг нь голдуу тухайн иргэний гэрт нь ойр оршиж, дотрын, хүүхдийн, арьсны, чих хамар хоолойн, яс үе мөчний, шүдний зэрэг чиглэлээр мэргэшсэн хувийн жижиг клиник, эмнэлэг байдаг. Эдгээр эмнэлгүүд нь ханиад томуу, харшил, даралт ихсэх өвчин, чихрийн шижин, хөнгөн гэмтэл зэрэг түгээмэл тохиолддог өвчин эмгэгийг ч оношлож, зөвлөгөө өгч, эм бичиж, эмчилгээ санал болгодог бөгөөд шаардлагатай гэж үзвэл илүү том эмнэлэг, илүү мэргэшсэн эмчид үзүүлэх “танилцуулах бичиг” бичиж өгдөг.
Ихэнх жижиг клиник нь хэвтэн эмчлүүлэх оргүй аль эсвэл цөөн хэдхэн ортой, зөвхөн амбулаторийн үйлчилгээ үзүүлэх нь элбэг. Иргэд ийм эмнэлгийг анхан шатны тусламж үйлчилгээ авах газраа болгон ашигладаг бөгөөд гэрт нь ойрхон байрладаг, хүлээх хугацаа нь харьцангуй богино, эмчилгээний зардал нь бага байдаг зэрэг давуу талтай. Түүнчлэн байнга нэг эмчид үзүүлэх нь өвчтөний эрүүл мэндийн байдал, өвчний түүх, хэрэглэдэг эм тариаг нь сайн мэддэг, итгэж болох “какарицүкэ” эмчтэй болгож, илүү үр дүнтэй, тасралтгүй эмчилгээ, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлдэг.
2. Хоёрдох шатны тусламж (Secondary Care) Нэгдсэн болон бүсийн эмнэлэг (総合病院・地域中核病院)
Анхан шатны клиник, эмнэлэгт оношлох эсвэл эмчлэх боломжгүй өвчин, гэмтэл илэрсэн тохиолдолд өвчтөнийг хоёрдогч шатны нэгдсэн эмнэлэгт үзүүлэхийг санал болгодог. Ийм эмнэлгүүд нь олон төрлийн нарийн мэргэжлийн тасагтай байдаг бөгөөд мэс засал хийх, MRI болон CT зэрэг дүрс оношилгоо хийх, яаралтай тусламж үзүүлэх, хэвтэж эмчлүүлэх зэрэг өргөн хүрээтэй үйлчилгээ үзүүлэх боломжтой. Түүнчлэн хүнд өвчтөн хүлээн авах, шаардлагатай эмчилгээ, хагалгаа хийх боломжтой байдаг.
Жишээлбэл, Токио хотод “Tokyo Metropolitan Hiroo Hospital”, “Toranomon Hospital” зэрэг нэгдсэн эмнэлэг байдаг.
https://www.tmhp.jp/
Нэгдсэн эмнэлэг, их сургуулийн харьяа эмнэлгүүд нь бүх төрлийн тасагтай байдаг боловч хүлээлгийн хугацаа нь харьцангуй урт байдаг. Мөн анхан шатны эмнэлгийн эмчийн бичсэн танилцуулах бичиг (紹介状) байхгүй бол үзлэгийн төлбөр нь нэмэгддэг. Иймээс иргэд эхлээд оршин суугаа газрынхаа эмнэлэг, клиникт үзүүлж, шаардлагатай гэж үзвэл эмчийн танилцуулах бичгээр илүү том эмнэлэгт ханддаг.
3. Гуравдагч шатны тусламж (Tertiary Care) Их сургуулийн эмнэлэг (大学病院)
Эмчилгээ, судалгаа, сургалтыг хослон явуулдаг “Их сургуулийн эмнэлэг” нь Япон улсын эрүүл мэндийн тогтолцооны хамгийн өндөр шатлалд ордог. Эдгээр эмнэлэг нь ховор тохиолдох өвчин эмгэг, хүнд хэлбэрийн хорт хавдар, эрхтэн шилжүүлэх, өндөр эрсдэлтэй нарийн төвөгтэй мэс засал хийх, олон тасгийн хамтарсан оношилгоо хийх, өндөр түвшний нарийн мэргэжлийн эмчилгээ хийх, анагаах ухааны шинэ технологийн туршилт судалгаанд хамруулж эмчлэх, ирээдүйн эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
Токио хотод орших “The University of Tokyo Hospital”, “Keio University Hospital”, “Juntendo University Hospital” зэрэг эмнэлгүүд нь Япондоо тэргүүлэх зэргийн их сургуулийн эмнэлэгт тооцогддог.
https://www.h.u-tokyo.ac.jp/
https://www.h.u-tokyo.ac.jp/
https://www.hosp.keio.ac.jp/
https://hosp.juntendo.ac.jp/
Их сургуулийн эмнэлэгт ихэнхдээ анхан болон хоёрдох шатны эмнэлгээр эмчлэгдэх боломжгүй хүнд өвчтөн ханддаг. Эдгээр эмнэлэг нь өвчтөн ихтэй байдаг тул үзлэгийн цаг авах болон эмчид үзүүлэхийн тулд нэлээд олон сар, өдрийн өмнөөс цаг авах, урт хугацаанд хүлээх болдог.
4. Тусгай мэргэшсэн эмнэлэг, үндэсний төвүүд
Япон Улсад тодорхой өвчин, эмчилгээний чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг тусгай мэргэшсэн эмнэлэг, үндэсний хэмжээний төвүүд гэж байдаг. Эдгээр байгууллагууд нь тухайн салбарын хамгийн өндөр түвшний оношилгоо, эмчилгээ, судалгаа явагддаг.
Жишээлбэл, “Хавдар судлалын төв” / “National Cancer Center Japan”/ нь хорт хавдрын оношилгоо, хими эмчилгээ, туяа эмчилгээ болон хавдрын судалгаагаар мэргэшсэн үндэсний төв юм. Харин “Үндэсний тархины судас, зүрхний судасны төв” /“National Cerebral and Cardiovascular Center”/ нь зүрх судасны болон тархины судасны өвчин, харвалтын үеийн оношилгоо, эмчилгээ, зүрхний мэс заслыг хариуцдаг. Мөн “Үндэсний хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн төв” /“National Center for Child Health and Development”/ нь хүүхдийн нарийн мэргэжлийн эмчилгээ, хүүхдийн мэс засал, төрөлхийн болон удамшлын өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
National Cancer Center Japan : https://www.ncc.go.jp/
National Cerebral and Cardiovascular Center: https://www.ncvc.go.jp/
National Center for Child Health and Development : https://www.ncchd.go.jp/
Яаралтай тусламжийн тогтолцоо:
Япон улсын яаралтай тусламжийн тогтолцоо нь өвчтөний биеийн байдал, хүндрэлийн зэргээс хамаарч гурван шатлалтай байдаг. Анхан шатны яаралтай тусламж нь шөнийн цагаар болон амралтын өдрүүдэд хөнгөн өвчтэй иргэдийг хүлээн авч, үзлэг, эмчилгээ хийдэг. Хоёрдогч шатны яаралтай тусламж нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөнг хүлээн авч хэвтүүлж эмчилдэг бол гуравдагч шатны яаралтай тусламж нь хүнд осол гэмтэл, зүрх зогсолт, их хэмжээний түлэгдэлт, олон эрхтний гэмтэл зэрэг нэн яаралтай бөгөөд амь насанд нь аюултай нөхцөл байдалд буй хүнд өвчтөнг хүлээн авч эмчилдэг.
Эдгээр өндөр түвшний яаралтай тусламжийн эмнэлгийг “Аврах яаралтай тусламжийн төв” /救命救急センター/ гэж хэлдэг бөгөөд 24 цагийн турш нарийн мэргэжлийн эмч, сувилагч, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байдаг.
Токио хотын яаралтай тусламжийн төвүүд: https://www.spt.metro.tokyo.lg.jp/
Улаан загалмай эмнэлэгийн ЯТТ
https://www.med.jrc.or.jp/
Түргэн тусламж дуудах:
Хэрэв шинж тэмдэг хөнгөн байвал дараагийн өдрийг хүлээж болох ч амь насанд аюултай, тэвчихийн аргагүй байдал үүссэн бол түргэн тусламж дуудаж, яаралтай эмнэлэгт хүргүүлэх шаардлагатай. Японд түргэн тусламж дуудах үйлчилгээ нь даатгалтай бол үнэ төлбөргүй байдаг. Түргэн тусламж дуудах бол:
① 119 дугаарт залгана.
② “Гал уу, түргэн тусламж уу?” гэж асуухад “Түргэн тусламж” гэж хариулна.
③ Нөхцөл байдлыг тайлбарлана.
- Хэзээ болсон
- Хэн өвдсөн
- Хаана байгаа
- Юу болсон
- Одоо ямар байдалтай байгаа
④ Өөрийн байршил, нэр, утасны дугаараа хэлнэ.
⑤ Түргэн тусламж иртэл юу хийхийг асууна.
⑥ Зааврын дагуу хүлээнэ.
⑦ Түргэн тусламж ирэхэд нөхцөл байдлыг тайлбарлаж, боломжтой бол хамт явах хүнээ дагуулна.
⑧ Даатгалын карт болон бэлэн мөнгө авч явах нь зүйтэй.
Түргэн тусламж дуудахаас өмнөх зөвлөгөө:
Токио хотод #7119 (24 цагийн турш ажиллах) утсаар зөвлөгөө өгөх төв ажилладаг. Эндээс “Түргэн тусламж дуудах шаардлагатай эсэх”, “Анхны тусламж хэрхэн үзүүлэх”, “Аль эмнэлэг ажиллаж байгаа болох” зэрэг зөвлөгөөг авч болно.
Эргэлзэлгүй 119 дугаарт залгах шинж тэмдэг:
① Амьсгалгүй болсон.
② Судасны цохилт мэдрэгдэхгүй байгаа.
③ Ухаангүй болсон.
④ Их хэмжээний цус алдаж байгаа.
⑤ Таталт 10 минутаас дээш үргэлжилж байгаа.
⑥ Хөдөлж чадахгүй байгаа.
⑦ Илт хүнд байдалтай байгаа.
Эмнэлгийн тасаг:
Иргэд өөрийн амьдарч буй бүсэд ямар эмнэлэг, эмнэлгийн байгууллага байдаг болон ямар тасагтай болохыг нь мэдэж байх шаардлагатай. Шаардлагатай үед хаана үзүүлэхээ мэдэхгүй үед өвчний ерөнхий шинж тэмдгээр тухайн өвчнийг үзэж оношлох тасаг бүхий ойролцоох эмнэлэг рүү утсаар залгаж зөвлөгөө авах хэрэгтэй. Эмнэлгийн тасгуудын ангилал гэвэл:
Дотрын тасаг (内科)
Ердийн ханиад, дотор эрхтний өвчин, томуу зэрэг өвчнийг үзнэ.
Мэс заслын тасаг (外科)
Мэс засал шаардлагатай гэмтэл, өвчнийг эмчилнэ.
Яс, үе мөчний тасаг (整形外科)
Яс, үе мөч, булчин, нурууны өвдөлт, мөр хөших зэрэг асуудлыг үзнэ.
Арьс өнгөний тасаг (皮膚科)
Экзем, хөрвөс, түлэгдэлт, хөлдөлт зэрэг арьсны өвчнийг эмчилнэ.
Хүүхдийн тасаг (小児科)
Нярайгаас дунд сургуулийн насны хүүхдүүдийг үзнэ.
Эх барих, эмэгтэйчүүдийн тасаг (産婦人科)
Эмэгтэйчүүдийн өвчин, жирэмслэлт, төрөлтийн асуудлыг хариуцна.
Чих, хамар, хоолойн тасаг (耳鼻咽喉科)
Чих, хамар, хоолойн өвчнийг үзнэ.
Нүдний тасаг (眼科)
Нүдний өвчнийг эмчилнэ.
Сэтгэцийн эмгэг судлалын тасаг (精神科)
Сэтгэл гутрал, хоолны дуршлын эмгэг, үймээн самуун (паник) зэрэг сэтгэцийн өвчнийг эмчилнэ.
Нөхөн сэргээх, гоо заслын тасаг (形成外科)
Түлэгдэлт, хөлдөлт, нөсөө толбо, мэнгэ, гоо сайхны мэс засал зэрэг үйлчилгээ үзүүлнэ.
Хэвтэн эмчлүүлэх:
Эмч хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл хэвтэж эмчлүүлэхийн тулд тухайн эмнэлгийн зааврын дагуу бичиг баримт бүрдүүлж, бүртгэл хийлгэнэ.
Шаардлагатай бичиг баримт:
• Хэвтэж эмчлүүлэх өргөдөл
• Зөвшөөрлийн хуудас
• Эмнэлгийн карт /Нээлгэх/
• Эрүүл мэндийн даатгалын карт
• Тамга (Гарын үсэг байсан ч болно)
Батлан даагч болон барьцаа мөнгө:
Японд хэвтэн эмчлүүлэхэд ихэвчлэн батлан даагч (保証人) шаардлагатай болдог. Батлан даагч нь “Гэр бүлийн хүн”, “Багш”, “Ажил олгогч”, “Удирдах ажилтан” зэрэг хүмүүс байдаг. Гол нь батлан даагч хүн нь хэвтэн эмчлүүлэгч мөнгөө төлөх боломжгүй болсон үед өмнөөс нь төлбөр төлөх зэрэг үүрэг хүлээдэг. Хэрэв батлан даагч олдохгүй бол эмнэлэгтэй зөвлөлдөж, барьцааны мөнгө төлдөг. Барьцааны мөнгө нь ихэвчлэн 50,000–100,000 иен байдаг бөгөөд эмнэлгээс гарах үед эмчилгээний төлбөртөө суутгуулж болдог. Иймд барьцааны мөнгөний баримт, төлбөрийн нэхэмжлэхийг сайтар хадгалах ёстой.
Хэвтэх үед бэлтгэх зүйлс:
• Дотуур хувцас
• Солих хувцас
• Унтлагын хувцас
• Алчуур
• Ариун цэврийн хэрэгсэл (сойз, саван, сам, сахлын хэрэгсэл гэх мэт)
• Шаахай
• Салфетка, ариун цэврийн цаас
• Савх, халбага, аяга
• Эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл
Гар утасны хэрэглэгээ:
Гар утас нь эмнэлгийн тоног төхөөрөмжид нөлөөлж болзошгүй тул ихэнх эмнэлэг дур мэдэн ашиглахыг хориглодог. Утас ашиглах шаардлагатай бол “Эмнэлгийн зөвшөөрсөн бүс”, “Үүдний танхим” зэрэг зориулалтын хэсэгт ашиглана.
Нэмэлт төлбөртэй өрөө (差額ベッド代):
Ихэнх тохиолдолд өвчтөнүүд олон ортой нийтийн өрөөнд хэвтдэг. Харин 1 хүний өрөө, 2–4 хүний өрөө зэрэг тусгай зориулалтын төлбөртэй өрөө сонговол нэмэлт төлбөр авдаг. Үүнийг “差額ベッド代” (өрөөний нэмэлт төлбөр) гэж нэрлэдэг. Энэхүү нэмэлт төлбөр нь эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүй тул бүх төлбөрийг өөрөө төлөх болдог бөгөөд эмнэлэг бүр өөрийн гаргасан үнэ тарифтай байдаг.
Хэрэв эмнэлэгт сул ор байхгүй, зөвхөн төлбөртэй өрөө үлдсэн бол танаас зөвшөөрөлгүйгээр төлбөр авах ёсгүй. Иймээс хэвтэх өргөдөл болон зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурахаас өмнө нэмэлт төлбөр гарч байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.
Японы Үндэсний эрүүл мэндийн даатгал (国民健康保険)
Япон Улсын нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо нь Нийгмийн эрүүл мэндийн даатгал /SHI буюу Social Health Insurance/ дээр суурилдаг. НЭМД төлдөггүй гадаадын иргэд, хувиараа хөдөлмөр эрхэгчид, оюутан, жижиг аж ахуйн нэгжид ажиллагсад нь Японы Үндэсний Эрүүл Мэндийн Даатгал (国民健康保険Japan National Health Insurance NHI) хэмээх даатгалд хамрагдаж, орлогоосоо хамаарсан хураамж төлдөг.
Япон Улс “Бүх нийтийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо”-той тул оршин суугч бүх иргэд даатгалд хамрагдах үүрэгтэй байдаг. Уг эрүүл мэндийн даатгалд дунд болон томд тооцогддог аж ахуйн нэгжид ажиллагсад хамрагдаж, цалингаас 5%-ийг суутгуулдаг журамтай бөгөөд ажил олгогчид энэ зардлын тодорхой хэсгийг даах нь бий.
Гадаадын иргэд 1 жилээс дээш хугацаагаар оршин суух бол ихэнх нь Үндэсний эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Даатгалтай бол эмнэлэгт үзүүлэх үед эмчилгээний төлбөрийн 30 хувийг өөрөө төлж, үлдсэн 70 хувийг даатгал хариуцна. Даатгалд шинээр нүүж ирснээс хойш 14 хоногийн дотор харьяа дүүрэг, сумын захиргаан дээр бүртгүүлдэг. “Ажлаасаа гарсан”, “Хүүхэд төрсөн”, “Өөр даатгалд орсон” зэрэг тохиолдолд бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагатай. Өөрчлөлтийг бүртгүүлэх хугацаа хоцорвол өмнөх хугацааны даатгалын шимтгэлийг нөхөн төлөх шаардлага үүсдэг.
Даатгалаар хөнгөлөгдөх үйлчилгээ:
• Үзлэг, оношилгоо
• Мэс засал
• Эмчилгээ
• Эмийн зардал
• Корсет, гипс зэрэг эмчилгээний хэрэгсэл
• Эмчийн заавраар шаардлагатай асаргаа сувилгаа
Даатгалд хамрагдахгүй зардал
• Төлбөртэй өрөөний нэмэлт төлбөр
• Даатгалд хамрагддаггүй өндөр үнэтэй тусгай эмчилгээ
• Зарим төрлийн шүдний тусгай эмчилгээ
• Хэвийн төрөлт
• Үр хөндөлт
• Гоо сайхны мэс засал
• Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Даатгалын шимтгэлийн хөнгөлөлт
• Оюутан болон орлого багатай иргэдийн хувьд даатгалын шимтгэлийг бууруулах буюу чөлөөлөх тогтолцоо байдаг.
• Шимтгэлийн хэмжээ нь өмнөх жилийн орлогоос хамаарч тогтоогддог бөгөөд тооцоолох арга нь хот, дүүрэг бүрт өөр байдаг.
• Иймээс бүртгүүлэх үедээ хөнгөлөлт авах хүсэлтээ хамт гаргахыг зөвлөж байна.
Гадаадын иргэний эрүүл мэндийн үйлчилгээний тухай:
① Эхлээд ойролцоох клиник эсвэл дотрын эмнэлэгт үзүүлнэ.
② Шаардлагатай бол эмч танилцуулах хуудас бичиж өгнө.
③ Танилцуулах хуудсаар бүсийн нэгдсэн эмнэлэгт очно.
④ Илүү нарийн эмчилгээ шаардлагатай бол их сургуулийн эмнэлэг эсвэл үндэсний тусгай төвд шилжинэ.
⑤ Амь насанд аюултай нөхцөл үүсвэл шууд 119 рүү залгаж түргэн тусламж дуудна.
⑥ Гадаад улсад өвдөх, осолд орох үед “Ямар эмнэлэгт очих вэ?”, “Хэл ойлголцох болов уу?”, “Хэдий хэмжээний төлбөр гарах бол?”, “Асрах хүн байгаа болов уу?” гэх зэрэг олон асуулт гардаг.
Япон Улсад урт хугацаагаар оршин суух виз авсан гадаадын иргэд үндэсний эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдах ёстой бөгөөд ингэснээр японы иргэдтэй адил хөнгөлөлттэй үнэ тариф, нөхцөлөөр өөрийн оршин сууж буй орон нутаг, хот дүүргийн эмнэлэг болон нарийн мэргэжлийн эмнэлэг, хувийн эмнэлгүүдэд чөлөөтэй үзүүлж, эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой байдаг.
Харин аялал жуулчлалын зорилгоор болон гэр бүл хамаатан садны урилгаар Япон Улсад богино хугацаагаар зорчигч гадаадын иргэд гэнэтийн осолд орох, өвчлөх зэргээр эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлага үүсвэл гадаадын иргэдэд үйлчилгээ явуулна гэдгээ урьдчилан зарласан эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас үзлэгийн цаг авах, орчуулагчийн хамт очиж эмнэлгийн зохих үйлчилгээ авах боломжтой. Нийт эмнэлгийн 50 орчим хувь нь гадаадын иргэдэд саадгүй үйлчилдэг.
Харин зарим эмнэлэг гадаад хэл мэдэх эмч, ажилтангүй, дагуулж ирж буй орчуулагчид итгэж найдаж болох эсэхийг мэдэхгүй, харилцан хүлээх хариуцлагын тогтолцоо тодорхой бус гэх зэрэг шалтгаанаар гадаадын иргэдэд тэр тусмаа түр зорчигчдод эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээс зайлсхийх нь бий.
Япон Улсын эрүүл мэндийн үйлчилгээний тухай, гадаадын иргэд эмнэлгийн үйлчилгээг хаанаас хэрхэн авч болох тухай “гадаадын иргэдэд зориулсан гарын авлага”, холбогдох бусад заавар, материалуудыг англи хэл болон Япон Улс дахь гадаадын оршин суугч, түр зорчигч олон байдаг хятад, солонгос, вьетнам зэрэг хэл дээр олж үзэж болно. Англи хэл дээр олж үзэж болох гарын авлага, мэдээллийн холбоос гэвэл:
Японд суралцагсдад зориулсан гарын авлага
https://www.studyjapan.jp/
Гадаадын иргэдэд зориулсан ТББ-ын гарын авлага
https://japanhealthinfo.com/
https://www.internationalinsurance.com/
Википедиа мэдээллийн сайт дах мэдээлэл
https://en.wikipedia.org/wiki/
АНУ-ын ЭСЯ-наас иргэддээ зориулан гаргасан мэдээлэл
https://jp.usembassy.gov/
Түүнчлэн Япон Улсын Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн байгууллагад зориулан “Гадаадын иргэдэд хэрхэн үйлчлэх тухай гарын авлага”-ыг эрхлэн гаргасан байдаг.
Гадаадын иргэдэд зориулсан үнэ, тарифын тухай:
Эмнэлгийн үйлчилгээний төрөл, зүйл бүрээр нэг бүрчлэн гаргасан үнэ тарифыг Засгийн газрын дэргэдэх эмч мэргэжилтнийг багтаасан тусгай хороо хоёр жил тутамд шинэчлэн тогтоож, улс даяар /Японы 47 муж бүгдээрээ/ мөрдүүлж, эмнэлгийн байгууллагууд холбогдох дүрэм, журамд үндэслэн уг тарифийн дагуу эмнэлгийн үйлчилгээний зардлыг оноогоор тооцож авдаг.
Орон нутгийн засаг захиргаа “Асаргаа сувилгааны татвар” авах эрхтэй байдаг бөгөөд 40-өөс дээш насны иргэд цалингаасаа 2%-ийн шимтгэл нэмэлтээр төлдөг бөгөөд уг татварын орлогоос урт хугацааны асрамж, асрамжийн газартай холбоотой зардлыг гаргадаг.
Эмчийн цаг анх авахад “цаг авсны хураамж” гэж байдаг бөгөөд /ойролцоогоор 5500-6000 иен байдаг/ энэ нь эмч нарт хэт ачаалал ирэх, эмнэлгийн үйлчилгээг зарим нэг хүн хэт олон удаа авахаас сэргийлэх зорилготой.
Япон Улсын эмнэлэг, эмнэлгийн байгууллага нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй гадаадын иргэд үйлчлүүлэхээр хандвал “Эрүүл мэндийн яам”-ны гаргасан журмын дагуу дотоодын үнэ, тарифаа тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэн тооцож болдог. Ихэнх эмнэлэг Эрүүл мэндийн яам, үнийн хорооноос тогтоосон эмчилгээний тарифаас 200 хувиар бодож гадаадын иргэний үнэ тариф гэж гаргадаг. Харин зарим эмнэлэг 100 хувь, зарим нь 300 хувьтай тэнцэх үнийн тариф баримтлах нь ч бий.
Ямар төрлийн өвчин ямар үнэ тарифтай байдаг тухайд жишээ болгож Токио хотын Шинжюүкү дүүрэгт байрладаг “National Center for Global Health and Medicine” эмнэлгийн гаргасан англи хэл дээрх мэдээллийг доорх холбоосоор орж харж болно.
Энэхүү мэдээлэлд 81 төрлийн өвчин тус бүрээр тухайн өвчнийг оношлон эмчлэхэд зарцуулдаг дундаж хугацаа, Японд байнга оршин суугчдын хувьд гарах дундаж зардал, уг зардлыг даатгалтай хүн төлөхөд хувиараа төлөх үнийн дүн, даатгалгүй гадаадын иргэн төлөх үнийн дүнг 200 хувиар тооцсон/ тус тус тооцон үзүүлсэн байна.
“Эрүүл мэндийн үзлэг эмчилгээний виз”:
Япон Улсад “Эрүүл мэндийн үзлэг эмчилгээний виз” гэж байдаг. Уг визийг авахаар хөөцөлдөх бол зуучлагч байгууллагаар дамжуулан гадаадын иргэдэд үйлчлэх боломжтой аль нэгэн эмнэлгийн газартай урьдчилан ярьж, “өвчтөний мэдээлэл, өвчний байдал, тавигдсан онош, зурган болон бичгэн мэдээлэл” зэргээ илгээж, урьдчилан цаг авсан байх шаардлагатай.
Гадаадын иргэд эмнэлэг, эмч нарыг хайж олохдоо хайлтын систем ашиглах нь элбэг байдаг. Аль эсвэл виз авах, эмнэлэг, эмч олох, орчуулагч гаргах зэрэг зуучлах үйлчилгээ үзүүлэхээр Япон Улсын Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яамнаас зохих эрх авсан зуучлагч компани, зуучлагч байгууллагад хандаж болдог.
Жишээ: Эмнэлэг хайлтын системийн холбоос:
http://www.japanhospitalsearch.org/
Эрүүл мэндийн виз авахад зуучлах, батлан даалт хийх эрх авсан зуучлагч байгууллагын жагсаалт ГХЯ-ны вэб хуудсанд байрласан байдаг бөгөөд уг жагсаалтад монгол хэлээр зуучлах эрх авсан тун цөөн байгууллага бий. Тухайлбал, Kokusho Kankokai Inc. Medical corporation jikoukai koujimachi naika, Japan-China Expo Medical Center Co., Ltd, гурван байгууллага уг жагсаалтад байгаагийн 2 нь Хятад Улсын Өвөр монголын өөртөө засах оронтой холбоотой байна. Иймд заавал монгол хэл дээр бус япон, англи, орос хэл дээр зуучлах эрх авсан байгуулагад хандах нь илүү дээр байж болох юм.
Зуучлах эрх авсан эрүүл мэндийн зуучлагч байгуулага
List of Registered Guarantors (Medical Coordinators etc.) (English)
https://www.mofa.go.jp/
Зуучлах эрх авсан аялал жуулчлалын компанууд
List of Registered Guarantors (Travel Agencies) (English)
https://www.mofa.go.jp/
Японы эмнэлэгт үзлэгийн цаг авч, зуучлагч байгууллагааолсон бол виз авахаар /урт болон богино хугацаатай/ Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яаманд зохих материалаа бүрдүүлэн хандаж болно.
“Эрүүл мэндийн үзлэг, эмчилгээний богино хугацааны виз” :
https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/shorttermmedical_mgl_190125.html
Япон улсын Гадаад харилцааны яамнаас олгогддог урт хугацааны эмчилгээний виз буюу эмчилгээний оршин суух виз (Visa as Medical stay)-ийг мэдүүлэх бол тавигдах шаардлагын тухай доорх холбоосоор орж харж болно.
https://www.mofa.go.jp/
https://www.mofa.go.jp/
Эмчилгээний оршин суух виз гэдэг нь:
- Японы эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн иж бүрэн үзлэг, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, шинжилгээ, шүдний эмчилгээ, сувилгаа (халуун рашааны эмчилгээ үүнд орно) гэх зэрэг эмнэлгийн үйлчилгээ авах зорилгоор Япон Улсад айлчлах гадаадын иргэн (цаашид "гадаадын өвчтөн" гэх) болон тэднийг дагалдан ирэгсдэд олгох визийг хэлнэ.
- Гадаадын өвчтөн болон түүнийг дагалдан ирэгсэд нь виз мэдүүлэхдээ эмнэлгийн байгууллагын үзлэгт орох болсон тухай гэрчилгээ, Японд эмчлүүлэхээр төлөвлөж буйг нотлох хувийн батлан даагчийн баталгааны бичгийг ирүүлэх ёстой.
- Эдгээр бичгийг Гадаад харилцааны яамны вэбсайтаас татаж авах боломжтой бөгөөд дээр дурдсан Японы эрх бүхий эрүүл мэндийн зуучлагч байгууллага / батлан даагч байгууллага / бөглөдөг.
- Японы эрүүл мэндийн зуучлагч байгууллагууд (цаашид “батлан даагч” гэх) гадаадын өвчтөний хүсэлтийн дагуу “Эмнэлгийн байгууллагын үзлэгийн хуваарьт орсон тухай тодорхойлолт”, “Батлан даагч байгууллагын баталгааны бичиг" зэргийг бэлтгэн виз мэдүүлэх гэж буй гадаадын өвчтөнд илгээнэ.
- Эдгээр бичгийг бүрдүүлэхдээ зуучлагч байгууллага хүлээн авахаар болсон эмнэлгийн байгууллагатай сайтар зөвлөлдөж, тэднээр бөглүүлэх шаардлагатай. Мөн уг өвчтөний эмчилгээний төлбөр гэх мэт асуудлаар батлан даалт гаргаж өгдөг зохицуулалттай болно. .
- Эмнэлгийн байгууллага руу гадаадын өвчтөн шууд холбогдох тохиолдолд аль нэг тал нь батлан даагч, зуучлагч байгууллага олж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай болдог.