Итгэмжлэл, нотариат
2023-03-24
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдэд зориулан “Цахим итгэмжлэл”-ийн үйлчилгээг нэвтрүүлж, иргэд https://consul.notary.mn/login хаягаар өөртөө хэрэглэгчийн бүртгэл/аккаунт үүсгэн итгэмжлэл авах боломжийг бүрдүүлсэн.
Цахим итгэмжлэлийн аккаунт/бүртгэл үүсгэх ЗӨВЛӨМЖ:
- Цахим нотариатын системд суурин/зөөврийн компьютер эсвэл таблетаас нэвтрэх нь илүү зохимжтой тул гар утаснаас бүртгэл хийх, итгэмжлэл үйлдэхээс аль болох татгалзах,
- Хэрэглэгчийн аккаунт үүсгэхэд өөрийн ОВОГ НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР, холбогдох имэйл хаягийг зөв бичиж оруулах (Иргэн хэн нэгэн хоёрдогч этгээдийн өмнөөс аккаунт үүсгэж болохгүй),
- Насанд хүрээгүй хүүхэд хилээр авч гарах, виз мэдүүлэх, данс нээх, хүүхдийн мөнгө авах зэрэг хүүхэдтэй холбоотой итгэмжлэлд ХҮҮХДИЙН ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААРЫГ агуулга хэсэгт зайлшгүй тусгах(Хүүхдийн мэдээллийг төлөөлүүлэгч, төлөөлөгч хэсэгт оруулахгүй, хүүхдийн нэрээр цахим хаяг үүсгэхгүй),
- Хэрэглэгчийн аккаунт үүсгэн, нэг удаагийн нууц үгээ имэйл хаягаар хүлээн авсны дараа нууц үгээ солих,
- Хэрэглэгчийн нууц үг имэйл хаягт ирэхгүй байх зэрэг цахим нотариатын системтэй холбоотой техникийн доголдлын талаар [email protected] цахим хаягт мэдэгдэх ба энэ тохиолдолд өөрийн овог нэр, РД, утасны дугаар зэргийг бүрэн тусгахыг анхаарна уу.
ИТГЭМЖЛЭЛ ҮЙЛДЭХ:
Хэрэв та цахим итгэмжлэл хийлгэхээр бол энэхүү ЗААВАР /PDF file/ танилцаж, бүртгэл үүсгэн, итгэмжлэл хийлгэх хүсэлтээ ирүүлнэ үү. Итгэмжлэл үйлдэх явцад дараах зүйлсийг зайлшгүй АНХААРНА УУ:
- Таныг төлөөлж ямар үйлдэл хийх эрх олгож байгааг тодорхой тусгах, тухайлбал: "гадаад паспорт захиалах, хүлээн авах" г.м,
- Итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 1 сараас 3 жил хүртэл байна. Жишээ нь: 1 /нэг/ жил /багадаа 1 сарын хугацаа сонгох/
- Итгэмжлэлийн 5-6 үйлдлийг бөглөж дуусаад "ХАДГАЛАХ" болон ТИЙМ гэдэг үйлдлийг сонгон, ЭСЯ-руу хянуулахаар илгээнэ.
- Үүний дараа цахим итгэмжлэлийн хаягт нэвтэрч "МИНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ" цэс рүү орж, ЭСЯ-наас "Зөвшөөрсөн" эсвэл "Буцаагдсан" тайлбартай мэдэгдэл ирсэн эсэхийг шалгана.
- Итгэмжлэл зөвшөөрсөн, баталгаажсан төлөвт шилжсэн бол Та "МИНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ" цэс дэх "ХАРАХ" төлөв дээр дарж "QR код"-той итгэмжлэлээ хэвлэнэ. Утаснаас хэвлэх боломжгүй тул файлаа татаж авах эсвэл компютерээс орж хэвлэх
- Итгэмжлэл буцаагдсан бол “буцаагдсан” тайлбарыг уншиж, "ЗАСАХ" товчийг дарж зассанаар, дахин "ХЯНУУЛАХ"-аар илгээнэ.
- "QR код"-той итгэмжлэлийг "ХЭВЛЭЖ" гарын үсгээ хоёр удаа зурж, өөрийн иргэний үнэмлэх /эсвэл гадаад паспорт/-ийн хуулбар, төлбөрын баримтын эх хувийг хамт авч ирнэ.
Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хуульч, өмгөөлөгч, нотариатын болон банкны ажилтнаас зөвлөгөө авна уу.
Мөн иргэн та дараах төрлийн итгэмжлэл үйлдэх бол цахимаар хүсэлтээ илгээсний дараагаар ЗААВАЛ ӨӨРИЙН БИЕЭР Токио болон Осака дахь Консулын үйлчилгээ үзүүлэх хэсэгт ирж гарын үсэг зурж баталгаажуулахыг анхаарна уу. Үүнд:
ХАДГАЛАМЖ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ БОЛОН ДАНСНААС ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЛГЭЭ ХИЙХ
|
ОРОН СУУЦ, ХАШАА БАЙШИН, ГАЗАР ЗЭРЭГ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ, НЭР ШИЛЖҮҮЛЭХ
|
ШҮҮХ, ЦАГДААТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ
|
ГАРЫН ҮСГИЙН БАТАЛГАА
|
ӨВ ХҮЛЭЭН АВАХ БОЛОН ТАТГАЛЗАХ ХҮСЭЛТ ГАРГАХ |
ДЭЭРХЭЭС БУСАД ТОХИОЛДОЛД иргэн та шуудангаар үйлчилгээ авч болох бөгөөд шуудангийн дугтуйнд өөрийн биеийн байцаалтын хуулбар /хүүхэдтэй холбоотой итгэмжлэл үйлдсэн тохиолдолд хүүхдийн ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУУЛБАР, ГАДААД ПАСПОРТЫН ХУУЛБАР/, холбогдох бусад баримтуудын хуулбар, гарын үсэг зурсан итгэмжлэл, төлбөр төлсөн баримт зэргийг хавсаргах шаардлагатайг анхаарна уу. Итгэмжлэлийн төлбөр 1550 иен бөгөөд ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн баримтын эх хувь шаардлагатай.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ДАРААХ SERVICE FEE ХОЛБООСООР ОРЖ ХАРНА УУ.
ИТГЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ:
Итгэмжлэлд гарын үсэг зурсан ЭХ ХУВЬ, бичиг баримтын хуулбар, төлбөрийн баримтыг ЭСЯ хүлээн авснаас ажлын 1 өдрийн дотор баталгаажуулж, нотариатын системд архивладаг тул иргэн та итгэмжлэлийн “Төлөв”-ийг шалгаж, архивласан төлөвт шилжсэн эсэхийг хянаж, нягтлана уу.
Төлөөлөгч нь илгээсэн итгэмжлэлийг зөвхөн ГХЯ-ны Консулын газраас хүлээн авдаг байсныг шинэ цахим систем ашигласнаар QR код болон төлөөлүүлэгчийн регистрийн дугаараар өөрт ойрхон Нотариатаас хүлээн авахыг анхаарна уу.
ӨВЛӨХ ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ ИТГЭМЖЛЭЛ БИЧИХ БОЛ ДООРХ ЗАГВАРААС СОНГОЖ БИЧНЭ ҮҮ
Өвлөх, өвлүүлэх эрхтэй холбоотой асуудлаар та энэхүү хуудасны доор байрлах PDF файлаас сонгон бөглөж, өөрийн биеэр ЭСЯ, ЕКГ-т ирж баталгаажуулалт хийлгэх боломжтой.
Гадаадын иргэн итгэмжлэл үйлдэх:
ГАДААДЫН ИРГЭД итгэмжлэлээ өөрийн эх хэл дээр болон Монгол дээрх орчуулгын хамт урьдчилан бэлтгэж, Токио дахь ЭСЯ эсвэл Осака дахь ЕКГ-т өөрийн биеэр авчирч баталгаажуулалт хийлгэнэ.
Токио дахь ЭСЯ иргэд хүлээн авах цаг: Ажлын өдрүүдэд 09:00-12:00, 14:00-17:00 цаг /Цаг захиалах шаардлагагүй/.
ЭСЯ-ны дансны дугаар /Англи хэлээр/:
Account number of Embassy of Mongolia
Bank name: Mitsubishi UFJ /MUFG/
Branch name: Shibuya-Meijidori branch
Branch number: 470
Account number: 0458589 /Touza/
Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/:
駐日モンゴル国大使館の口座番号
銀行: 三菱UFJ銀行
支店名: 渋谷明治通り
支店番号: 470
口座番号: 0458589 /当座/
口座名義: Embassy of Mongolia