ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
2026-06-26
Япон Улсад залилан түүний дотор тусгай залилан нь тасралтгүй өсч буй, өндөр хохирол учруулдаг, зохион байгуулалттай, орчин үеийн арга технологид тулгуурласан, олон улсын шинжтэй болж буй ноцтой гэмт хэрэг юм. Иймд иргэн бүр өндөр сэрэмжтэй байж, аливаа сэжигтэй холбоо барих оролдлогыг няцааж, яаралтай мөнгө шилжүүлэх шаардлага бүрт болгоомжтой хандах, албан байгууллагын нэр барьсан аливаа хүсэлтэд шууд итгэхгүй байх зэргээр өөрийгөө хамгаалах арга хэмжээ авч чаддаг байх шаардлагатай.
Залилангийн гэмт хэргийн тоо баримт:
Япон Улсад гарч буй залилангийн гэмт хэрэг түүний дотор “тусгай залилан” (特殊詐欺) нь сүүлийн жилүүдэд тоо нь огцом өсөж, 2024–2025 онд түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрчээ.
Сүүлийн үеийн энэ гэмт хэргийн гол онцлог нь:
• Хохирлын хэмжээ огцом өссөн.
• Утас ашиглах хэлбэрээс SNS (LINE, Facebook гэх мэт) рүү шилжсэн
• Хуурамч цагдаа, хөрөнгө оруулалтын залилангийн тоо хэмжээ нэмэгдсэн
• Зохион байгуулалттай бүлэглэл (闇バイト, “токурюу”) давамгайлсан
Өөрөөр хэлбэл, өндөр зохион байгуулалттай гэмт хэрэг болсон явдал юм.
https://hakusyo1.moj.go.jp/
Япон Улсад гарч буй залилан /хууран мэхлэх/ түүний дотор тусгай залилан-гийн гэмт хэргийн нөхцөл байдлыг Цагдаагийн Ерөнхий газраас эрхлэн гаргадаг “Гэмт хэргийн цагаан ном” болон бусад албан ёсны статистик мэдээллээс харж болно. Үүнээс авч үзвэл залилангийн хэрэг сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж, 2024 оны байдлаар 21,000 удаагийн “тусгай залилан”-гийн хэрэг гарч, нийт хохирлын хэмжээ нь 718 тэрбум иенд хүрсэн нь өмнөх онуудтай харьцуулахад хэргийн тоо болон хохирлын хэмжээ нь эрс нэмэгджээ. Энэ нь “тусгай залилангийн гэмт хэрэг” Япон Улсад нийгмийн асуудал болж, ноцтой аюул учруулж буй гэмт хэргийн нэг төрөл болсныг илтгэнэ. Нийт хууран мэхлэх гэмт хэргийн тоог авч үзвэл:
| Хохиролтой гэмт хэргийн тоо |
Илрүүлсэн хэргийн тоо |
Барив- чилсан хүний тоо |
Үүнээс эмэгтэй |
насанд хүрээгүй |
Илрүү- лэлтийн хувь |
|
| 2019 | 32,207 | 15,902 | 8,843 | 1,439 | 808 | 49.4 |
| 2020 | 30,468 | 15,270 | 8,326 | 1,477 | 634 | 50.1 |
| 2021 | 33,353 | 16,527 | 10,400 | 2,002 | 847 | 49.6 |
| 2022 | 37,928 | 16,084 | 10,507 | 2,108 | 675 | 42.4 |
| 2023 | 46,011 | 16,667 | 9,761 | 1,931 | 723 | 36.2 |
| 2024 | 57,324 | 16,175 | 9,025 | 1,822 | 769 | 28.2 |

Тусгай залилангийн хэгийн онцлог нь бусад гэмт хэргээс харьцангуй цөөн тоогоор гардаг боловч нэг хэрэгт ногдох хохирлын хэмжээ нь маш өндөр байдагт оршино. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн залилангаар хохирогчид эдийн засгийн хувьд маш өндөр хэмжээний хохирол /хэдэн сая иенээр яригдах хохирол/ учруулах боломжтой байдаг. Гэмт этгээдүүд нийгмийн эмзэг бүлгийг чиглэсэн үйл ажиллагаа явуулж, 65-аас дээш насны тэтгэвэрт гарсан өндөр настнууд энэ төрлийн гэмт хэргийн гол бай нь болж, нийт хохирогчдын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна.
2024 онд тусгай залилангийн хэргээр нийт 2100 хүн баривчлагдсан бөгөөд тэдний дотор 17.9 орчим хувь нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй холбоотой байсан нь энэ төрлийн гэмт хэрэг нь санамсаргүй бус, тодорхой бүтэц зохион байгуулалттайгаар үйлдэгдэж байгааг нотолж байна. Өөрөөр хэлбэл, тусгай залилан нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийн гол орлогын эх үүсвэр болж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд тусгай залилангийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, “нэргүй, урсгалаараа шинжтэй гэмт бүлэглэл” гэж нэрлэгдэх шинэ хэлбэр зонхилох болсон. Энэ төрлийн бүлэглэл нь тодорхой гишүүнчлэлгүй, оролцогчид нь байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд SNS болон зарын сайтуудаар дамжуулан өөр хоорондоо танил бус хүмүүсийг “өндөр цалинтай ажил” нэрээр татан оролцуулж, залилангийн сүлжээнд ашигладаг. Баривчлагдсан этгээдүүдийн 30 гаруй хувь нь онлайн сувгаар дамжин гэмт хэрэгт татагдан орсон нь энэ гэмт хэргийн хандлага нь нийгмийн бодитой аюул болсныг харуулж байна.
Мөн тусгай залилангийн арга хэлбэр нь технологийн хөгжилтэй уялдан өөрчлөгдөж, утаснаас гадна SNS, мессеж аппликейшнүүдийг өргөн ашиглах болсон. Гэмт этгээдүүд эхлээд SNS-ээр дамжуулан харилцаа үүсгэж, итгэлцэл бий болгосны дараа мөнгө нэхэх, эсвэл хуурамч хөрөнгө оруулалтын санал тавих зэрэг аргыг өргөнөөр хэрэглэж байна. Зарим тохиолдолд “Telegram” зэрэг апп ашиглан харилцаад хэрэг болсны дараа харилцааны бичлэг, ул мөрөө автоматаар устгах функцыг нь ашигласнаар мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулах болсон нь энэ төрлийн гэмт хэрэг илрэхэд улам их бэрхшээл учруулж байна.
Гэмт хэргийн бүлэглэл нь тусгай залилангийн хэрэг үйлдэхдээ түр багзохион байгуулж, ажил үүргээ нарийн хуваарилдаг бөгөөд удирдагч, зохион байгуулагч, утсаар дуудлага хийж заавар өгөх этгээд, мөнгө хүлээн авах этгээд зэрэг олон шат дамжлага үүсгэдэг. Доод шатны гүйцэтгэгчид нь байнга солигдож байдгаас Цагдаагийн газраас гол зохион байгуулагчийг олж илрүүлэхэд хүндрэл учирдаг. Зарим тохиолдолд гол гэмт этгээдүүд нь гадаадад байрлаж, Япон руу утсаар холбогдон залилан үйлдэх ажиллагааг зохион байгуулж буй нь энэ төрлийн гэмт хэргийг улам бүр үндэстэн дамнасан гэмт хэргийн шинжтэй болгож байна.
Залилангийн гэмт хэргийн ангилал, нэр төрөл:
Залилангийн гэмт хэрэг нь ерөнхийдөө “хууран мэхлэх замаар бусдын эд хөрөнгө, мөнгийг олж авах” үйлдэл бөгөөд бодит амьдралд олон янзын арга, хэлбэр байдаг тул эдгээр арга хэлбэрийг мэдэж ойлгосон байх нь урьдчилан сэргийлэх гол арга болж өгдөг. Япон Улсын Цагдаагийн Ерөнхий газрын гаргасан мэдээ материал, статистикаас авч үзвэл залилангийн хэргийг дараах үндсэн байдлаар ангилж байна.
Нэгдүгээрт, “энгийн залилан” буюу бүх төрлийн хууран мэхлэх үйлдлийг хамарсан ангилалд бараа үйлчилгээтэй холбоотой залилан, гэрээний луйвар, хуурамч нэхэмжлэл, бизнесийн залилан зэрэг бодит харилцаан дээр тулгуурласан хэргүүд орж байна. Энэ төрлийн залилангийн хохирогч нь ихэвчлэн гэмт этгээдтэй шууд уулзсан эсвэл найз нөхөр, танил нь байх зэрэг тодорхой харилцаатай байдаг.
Хоёрдугаарт, “тусгай залилан” буюу тусгай аргаар үйлдэгдсэн залилангийн хэрэг гэж байдаг. Энэ нь гэмт хэрэгтэн утас, шуудан, SNS зэрэг орчин үеийн техник хэрэгсэл, тусгай үүрэг хүлээсэн багийн гишүүдээр дамжуулан өөрөө алсаас харилцаж, хохирогчийг хуурч мөнгийг нь авах хэлбэр бөгөөд Японд хамгийн их анхаарал татаж буй ангилал юм. Тусгай залиланг ихэвчлэн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл үйлддэг бөгөөд хохирогчийг сэтгэл зүйн дарамтад оруулж, яаруулж сандарган шийдвэр гаргуулах замаар мөнгийг нь шилжүүлж авдаг.
Тусгай залилан нь дотроо“Оре-оре” / Би л байна ш тээ/ буюу танил хүн нь болж хуурах залилан, банк санхүүтэй холбоотой “хадгаламжийн залилан”, “бэлэн картын залилан”, “буцаан олголтын залилан” зэрэг хэд хэдэн төрөлтэй байдаг. Энэхүү нэр төрөл нь цаг үеэ дагаж байнга өөрчлөгдөж, сүүлийн үед “хуурамч төлбөрийн мэдэгдэл илгээх”, “SNS хөрөнгө оруулалтын залилан”, “романс залилан” зэрэг шинэ хэлбэрүүд нь эрчимжиж байна.
Гуравдугаарт, “цахим залилан” буюу интернет, цахим шуудан, вэбсайт ашиглан үйлдэгддэг залилан гэж бий. Үүнд фишинг (хуурамч линк), онлайн худалдааны залилан, криптовалюттай холбоотой залилан зэрэг орно. Энэ төрлийн залилан нь технологийн хөгжилтэй уялдан хурдан хувьсаж, илрүүлэхэд улам төвөгтэй болж ирээд байна. Онлайн орчин нь бодож байгаагаас ч өндөр эрсдэлтэй орчин юм. Иргэдийн хэрэглэж буй дийлэнх цахим платформ нь хамгаалалт сул, вирусын халдвар тараахгүй гэх баталгаа үгүй. Танихгүй хүний санал, “түр зуурын боломж”, “хурдан ашиг олох” гэх амлалт нэг бүр нь эрсдлийн дохио байж болно. Банкны данс, нууц код гээд ямар ч хувийн мэдээлэлээ өмнө нь туршиж үзээгүй баталгаагүй онлайн цахим хаягт өгөхдөө нэг секунд түр бод. Ирсэн мессеж, зар, хандивын хүсэлт эсвэл ажиллах саналд шүүлтүүртэй, эргэлзэж, хамгаалалттай ханд. Өөрийн нэр дээрх цахим эсвэл банкны дансаа бусдад ашиглуулах буюу өөрийнхөө өмч хөрөнгийг “түр”, “туршилтын” нэрээр оруулах нь тухайн хүнийг залилан мэхлэлийн хохирогч болгох өндөр эрсдэлтэй.
Дөрөвдүгээрт, “сэтгэлзүйн нөлөөлөлд суурилсан залилан” буюу хүний итгэл, айдас, хайр сэтгэл зэрэг сэтгэл хөдлөлийг ашигласан залилан орно. Жишээлбэл, романс залилан, танил хүн нь болж хуурах, эсвэл “та гэмт хэрэгт холбогдсон” гэх мэт сүрдүүлэг ашиглах мэт залилан энэ ангилалд орно.
Өөр талаас нь авч үзвэл залилангийн гэмт хэргийг уламжлалт (шууд харилцах арга) болон орчин үеийн (утас, интернетэд суурилсан) хэлбэр гэж хувааж болох бөгөөд сүүлийн жилүүдэд гарсан мэдээллийн болон хиймэл оюун ухааны технологи болон зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлд тулгуурласан илүү нарийн, аюултай хэлбэр рүү шилжиж байна. Иймд аливаа үл таних этгээдээс ирсэн мөнгөтэй холбоотой санал, шаардлагад тун болгоомжтой хандаж, мэдээллийг баталгаажуулах нь залилангаас урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга юм.
Залилангийн хэргийн хохирогч болсон бол Цагдаагийн газарт нэн даруй утасдаж мэдэгдэж, зөвлөгөө авах хэрэгтэй.
📞 110 (яаралтай) 📞 #9110 (зөвлөгөө)
Япон Улсад түгээмэл гарч буй “тусгай залилан”-гийн гол хэлбэрүүдийг дэлгэрүүлэн авч үзвэл:
① Оре-оре (танил хүн нь болж хуурах)
“Оре-оре” (オレオレ詐欺) буюу “Би л байна ш тээ” гэж танил хүн нь болж хуурах “тусгай залилан” нь Япон Улсад хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд гэмт этгээд нь утсаар эсвэл мессежээр холбогдон өөрийгөө хохирогчийн “ойр дотны хүн, тухайлбал хүү, ач, найз эсвэл хамт ажилладаг хүн нь байна гэж танихгүй байна уу” гэж танилцуулж, “гэнэтийн яаралтай нөхцөл байдал үүссэн” мэтээр жүжиглэж, мөнгө нэхдэг гэмт хэрэг юм. Ихэвчлэн “Авто осолд орчихлоо”, “Ажил дэрээ буюу компани дээрээ алдаа гаргаж өрд ороод ажлаас халагдах гээд байна”, “Цагдаад баригдаж, шоронд орох гээд байна”, “Шүүхээр хэргээ таслуудах гэж байна. Учруулсан хохирлоо төлчихвөл бага ял авах гээд байна” гэх мэтээр амин чухал хэрэг гарч яаралтай мөнгө шаардагдаж байгаа мэтээр хохирогчийг итгүүлэн сандрааж, богино хугацаанд өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар оролддог онцлогтой.
Сүүлийн жилүүдэд энэ төрлийн залилангийн арга барил улам нарийсч, гэмт этгээдүүд нь хохирогчийн нэр, гэр бүлийн мэдээллийг урьдчилан олж, илүү үнэмшилтэй ярих болсон бөгөөд зарим тохиолдолд хиймэл оюун ашиглан дуу хоолойг нь дуурайлгах хүртэлх арга хэрэглэж байна. Мөн утсаар итгүүлснийхээ дараа “найз маань очно”, “компанийн хүн очиж авна”, “цагдаа очиж авна” гэх мэтээр өөр хүн илгээж бэлэн мөнгө гардаж авах буюу банкны данс руу шилжүүлүүлэх арга хэрэглэдэг.
“Оре-оре” залиланд ялангуяа гэнэн итгэмтгий өндөр настан өртөх нь элбэг боловч сүүлийн үед гадаадын иргэд, залуучуудыг онилох нь нэмэгдэж байгаа тул хэн хүнгүй анхаарал, сэрэмжтэй байх ёстой гэмт хэрэг юм. Энэ төрлийн залилангийн гол онцлог нь хохирогчийн сэтгэл зүйд нөлөөлж, айдас, санаа зовнил, яаралтай тулсан нөхцөл байдал үүсгэн бодит байдлыг шалгах боломж олголгүй мөнгийг нь гаргуулан авах явдал юм.
Онцлог: Гэр бүлийн хүн нь болж жүжиглээд яаралтай мөнгө нэхнэ.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
■ Ойр дотны хүн чинь байна гээд мөнгө нэхсэн тохиолдолд шууд итгэхгүй байх,
■ Заавал өөр утсаар эсвэл өөр сувгаар тухайн хүнтэй холбоо барьж баталгаажуулах,
■ Яаралтай мөнгө шилжүүлэх шаардлагатай гэх аливаа ярианд хянуур хандах
② Хуурамч цагдаа / прокурор
“Хуурамч цагдаа / прокурор болж хуурах” залилан нь Япон Улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буй тусгай залилангийн төрөл бөгөөд гэмт этгээд нь өөрийгөө цагдаа, прокурор, эсвэл төрийн байгууллагын ажилтан гэж танилцуулан хохирогчийг айлган сүрдүүлж, өөртөө итгүүлэн мөнгө шилжүүлэхэд хүргэдэг гэмт хэрэг юм. Ийм төрлийн залиланд өртөгсдөд ихэвчлэн “таны банкны данс гэмт хэрэгт ашиглагдсан байна”, “та мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй”, “одоо шалгах шаардлагатай” гэх мэтээр сүрдүүлсэн, албан өнгө аястай тайлбар өгдөг.
Гэмт этгээдүүд ихэвчлэн Цагдаагийн газар, прокурорын байгууллага, эсвэл орон нутгийн цагдаагийн ажилтны нэрийг ашиглан итгэл төрүүлэхээр оролддог бөгөөд зарим тохиолдолд бодит мэт хуурамч баримт бичиг, зурагтай үнэмлэх, эсвэл видео дуудлага ашигладаг. Тэд “Таны мөнгө аюулгүй байгаа эсэхийг шалгана”, “Түр зуур аюулгүй данс руу шилжүүлнэ”, “Түр хадгалж байя” гэх мэт нэрийдлээр хохирогчоос мөнгө шилжүүлэхийг шаарддаг.
Энэ төрлийн залилангийн гол онцлог нь хохирогчийг айдас, дарамтад оруулж, “одоо л хамтран ажиллахгүй бол баривчлагдана”, “дансыг чинь царцаана” гэх мэт яаралтай нөхцөл байдал үүсгэн, бодох хугацаа өгөлгүй буруу шийдвэр гаргуулахад оршдог. Сүүлийн үед утас, SNS (LINE гэх мэт)-ийг хослуулан ашиглаж, илүү үнэмшилтэй харилцаа үүсгэх хандлага нэмэгдэж байна.
Онцлог: “Таны данс гэмт хэрэгт ашиглагдсан” гэж айлгаж мөнгийг нь өөр данс руу шилжүүлүүлэх
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
■ Бодит байдалд Японы цагдаа, прокурор, төрийн байгууллага нь хэзээ ч утсаар эсвэл SNS-ээр дамжуулан мөнгө шилжүүлэхийг шаардах, “Аюулгүй данс” руу мөнгө хийхийг хүсэх ёсгүй, ийм зүйл огт байдаггүй гэдгийг ойлгох,
■ Ийм төрлийн шаардлага тавигдсан тохиолдолд шууд итгэхгүй байх, яриаг тасалж, албан ёсны сувгаар өөрөө залган хандаж, мэдээллийг батлах
■ Ийм дуудлага, мессеж ирвэл ганцаараа шийдвэр гаргахгүй байж, ойр дотны хүн, найз нөхөд эсвэл ажлын газрын хүнтэйгээ зөвлөх,
■ Шаардлагатай тохиолдолд цагдаад мэдэгдэх
■ Хохирлоос урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээ авах.
③ SNS хөрөнгө оруулалтын залилан
“SNS хөрөнгө оруулалтын залилан” нь сүүлийн жилүүдэд Япон Улсад хамгийн хурдтайгаар өсөж буй хууран мэхлэх гэмт хэргийн нэгэн төрөл бөгөөд гэмт этгээдүүд Facebook, Instagram, LINE зэрэг нийгмийн сүлжээг ашиглан хохирогчтой холбоо тогтоож, хуурамч хөрөнгө оруулалтын боломжийг санал болгож, мөнгийг нь залилан авдаг хэлбэр юм. Энэ төрлийн залилан нь анх харахад бодитой мэт санагдах бөгөөд ихэвчлэн “туршлагатай хөрөнгө оруулагч”, “гадаадын нэр хүндтэй санхүүгийн зөвлөх”, эсвэл нэр алдартай хүний дүрийг ашиглан итгэл төрүүлэхээр оролддог.
Гэмт этгээдүүдэхний ээлжинд хохирогчтой найрсаг харилцаа үүсгэж, итгэлцэл бий болгосны дараа “ашиг өндөртэй боломж”, “эрсдэлгүй хөрөнгө оруулалт”, “дотоод мэдээлэл” гэх мэт амлалт өгч, хохирогчийг татан оруулдаг. Зарим тохиолдолд эхний бага хэмжээний мөнгө оруулуулж, “өндөр ашиг” харуулж, хохирогчийн итгэлийг улам хүлээх заль мэх хэрэглэдэг.
Дараагийн шатанд хохирогчоос илүү их мөнгө шилжүүлэхийг ятган шаардаж, тусгай аппликейшн, хуурамч вэбсайт эсвэл криптовалютын данс руу мөнгө хийхийг заадаг. Гэвч бодит байдалд эдгээр “ашиг” нь зөвхөн хуурамч тоон үзүүлэлт бөгөөд хохирогч нь мөнгөө эргүүлэн авахаар оролдоход “татвар төл”, “шимтгэл төл” гэх мэт нэмэлт төлбөр шаардаж, эцэст нь холбоогоо тасалдаг.
Цагдаагийн газрын мэдээгээр сүүлийн үед энэ төрлийн залилангийн арга хэлбэр улам нарийсч, гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл оролцох болж, SNS ашигласан хөрөнгө оруулалтын залилангийн хохирол маш өндөр түвшинд хүрээд байна. Ялангуяа гадаадын иргэд, хэлний бэрхшээлтэй хүмүүс, хурдан ашиг олох сонирхолтой хүмүүс энэ залиланд илүү амархан өртөх хандлагатай байдаг.
Онцлог:“100% ашиг”, “Крипто боломж”, “Алтан боломж” гэх мэтээр итгүүлнэ.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
■ SNS дээр танилцсан хүнтэй санхүүгийн харилцаа үүсгэхгүй байх,
■ “Бэлэн хоол зөвхөн хавханд байдаг” тул “Баталгаатай ашиг”, “Эрсдэлгүй хөрөнгө оруулалт” гэх мэт амлалтад итгэхгүй байх,
■ Бодит санхүүгийн байгууллага мөн эсэхийг албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч заавал шалгаж баталгаажуулах.
■ Хэрэв мөнгө шилжүүлэхийг нөгөө талаас шаргуу шаардаж байгаа бол харилцахаа түр зогсоож, тайвнаар сэтгэх, гуравдагч хүнтэй зөвлөх
④ Романс (хайрын) залилан
“Романс (хайрын) залилан” нь интернет орчинд хуурамч хайр дурлалын харилцаа үүсгэн, улмаар мөнгө залилдаг гэмт хэргийн нэгэн төрөл бөгөөд сүүлийн жилүүдэд Япон Улсад, тэр дундаа SNS болон танилцах аппликейшнүүдийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр эрчимтэй тоо нь өсөж байна. Гэмт этгээдүүд ихэвчлэн Facebook, Instagram, эсвэл танилцах платформоор дамжуулан хохирогчтой танилцаж, хэсэг хугацаанд итгэлцэл бий болгох зорилгоор байнга харилцаж, анхаарал халамж тавьж буй мэт дүр эсгэдэг.
Итгэлцэл бүрдсэний дараа тэд өөрийгөө гадаадад ажилладаг цэрэг, инженер, эмч, бизнес эрхлэгч гэх мэт бусдын итгэл хялбархан төрүүлэх ажил мэргэжилтэй хүн мэтээр танилцуулж, “Тантай уулзахаар Япон руу очих гэж байна”, “Гэвч түр мөнгөний асуудал гараад байна”, “гэнэтийн явдал тохиолдож эмчилгээний зардал хэрэгтэй боллоо” гэх мэтийн шалтаг хэлж мөнгө нэхдэг. Зарим тохиолдолд “Бэлэг явуулсан, гааль дээр гацсан тул төлбөрийг нь төлөх хэрэгтэй” гэх мэт нэмэлт худал шалтгаан зохиож, олон удаагийн шилжүүлэг хийлгэдэг.
Энэ төрлийн залилангийн хамгийн аюултай тал нь хохирогч зөвхөн мөнгөө алдаад зогсохгүй сэтгэл санааны хувьд маш ихээр хохирдогт оршино. Учир нь тэд бодит мэт санагдсан хиймэл харилцаанд хэт итгэж, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах хандлагатай байдаг. Гэмт этгээдүүд үүнийг ашиглан яаралтай, нууц байлгах шаардлага тавьж, бодит байдлыг шалгах боломжийг хязгаарладаг.
ЦЕГ-ын мэдээлснээр романс залилан нь ихэвчлэн SNS болон мессеж аппликейшнээр дамжин үйлдэгддэг бөгөөд хохирлын хэмжээ нь өндөр, илрүүлэхэд хүндрэлтэй байдаг. Ялангуяа гадаадын иргэд, ганцаараа амьдардаг хүмүүс, сэтгэл зүйн дарамтад орж, дэмжлэг хайж буй хүмүүс илүү өртөмтгий байдаг.
Онцлог: Онлайн харилцаа үүсгээд дараа нь мөнгө нэхнэ.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
■ Онлайн орчинд танилцсан хүнтэй санхүүгийн харилцаа үүсгэхгүй байх,
■ Биечлэн уулзаагүй хүний ярианд бүрэн итгэхгүй байх,
■ “Хайр” болон “мөнгө” холилдсон тохиолдолд заавал нягталж үзэх,
■ Гуравдагч хүнтэй зөвлөх
⑤ Хуурамч төлбөр / линк
“Хуурамч төлбөр / линк” залилан нь цахим шуудан, SMS, LINE зэрэг мессежийн сувгаар дамжуулан хохирогч руу хуурамч мэдэгдэл илгээж, төлбөр хийх эсвэл хувийн мэдээллээ оруулахад хүргэдэг гэмт хэрэг юм. Энэ төрлийн залилангийн үед гэмт этгээдүүд “таны төлбөр дутуу байна”, “үйлчилгээ түр хаагдана”, “торгууль төлнө үү”, “Танд илгээмж ирсэн байна. Илгээмж хүргэхийн тулд нэмэлт төлбөр шаардлагатай”, “Та азтан боллоо” гэх мэт бодит мэт санагдах мэдэгдэл илгээж, доор нь хуурамч линк хавсаргадаг.
Хохирогч тухайн линк дээр дармагц банкны нэвтрэх нэр, нууц үг, картын мэдээлэл зэрэг хувийн мэдээллээ оруулах хуудас руу шилждэг бөгөөд энэ нь бодит банк эсвэл бодит албан байгууллагын нэрийг зээлдэж, маш сайн дуурайлган хийсэн хуурамч вэбсайт байдаг. Ингэснээр гэмт этгээдүүд тухайн мэдээллийг ашиглан данснаас нь мөнгө шилжүүлэх, эсвэл цаашдын залилан үйлдэх боломжтой болдог.
Сүүлийн жилүүдэд энэ төрлийн залилан нь илүү боловсронгуй болж, албан байгууллагын логотой ижил дизайн ашиглах, бодит мэдэгдэлтэй төстэй хэл найруулга хэрэглэх зэргээр ялгааг нь олоход улам хэцүү болсон. Ялангуяа гар утаснаас нэг товшилтоор л ордог тул хүмүүс магадлаж анзааралгүй хувийн мэдээллээ оруулах тохиолдол их байна. ЦЕГ-ын анхааруулгаас авч үзвэл албан байгууллагууд хэзээ ч SMS эсвэл мессенжерээр дамжуулан төлбөр төлөхийг шууд шаардах, эсвэл сэжигтэй линк ашиглахгүй бөгөөд ийм төрлийн мессеж ирсэн тохиолдолд 100% сэжиглэх нь зөв.
Онцлог: SMS, имэйлээр линк явуулж мөнгө авах буюу мэдээлэл хулгайлна.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
■ Үл таних линк дээр дарж хувийн мэдээлэлээ оруулахгүй байх,
■ Төлбөрийн шаардлагыг зөвхөэ албан ёсны апп эсвэл вэбсайтаар дамжуулан авч, өөрөө заавал шалгах,
■ Сэжигтэй мессеж ирвэл шууд устгах
⑥ “Ями байт” буюу “Хууль бус ажил”:
“Ями байт” (闇バイト) гэдэг нь Япон Улсад сүүлийн жилүүдэд өргөн тархаж буй, анх харахад энгийн цагийн ажлын зар мэт боловч бодит байдал дээр гэмт хэрэгт татан оролцуулах зорилготой “хууль бус ажил”-ын нэршил юм. Энэ нь залилангийн гэмт хэрэг, ялангуяа тусгай залилангийн сүлжээнд хүмүүсийг татан оруулах нэг гол арга нь болж байгаа бөгөөд ЦЕГ-аас онцгой анхаардаг асуудлын нэг юм. “Ями байт” нь ихэвчлэн SNS, зарын сайт, чат аппликейшнээр “өндөр цалинтай, амархан ажил”, “нэг өдөрт хэдэн арван мянган иен олно”, “биеийн байцаалт, баримт бичиг шалгахгүй” гэх мэт сэтгэл татах зар хэлбэрээр эхэлдэг. Ажил хайж буй хүмүүс, ялангуяа гадаадын иргэд, оюутнууд, санхүүгийн дарамттай хүмүүс ийм зард амархан итгэх хандлагатай байдаг.
Ийм зарын дагуу холбогдсон хүмүүсийг дараагийн шатанд Telegram, LINE зэрэг хаалттай сувгаар оруулж, хувийн мэдээлэл (иргэний үнэмлэх, оршин суух карт, хаяг гэх мэт) -ээ илгээхийг шаарддаг. Энэ нь тухайн хүнийг атгандаа оруулах, дараа нь айлган сүрдүүлэх, зугтах боломжийг нь хаах зорилготой байдаг. Ингэсний дараа тэднийг “хялбар ажил” нэрээр дараах төрлийн гэмт хэрэгт оролцуулах нь элбэг тохиолдож байна. Үүнд:
■ Хүнээс /хохирогчоос/ очиж бэлэн мөнгө авч ирэх /“受け子”/
■ Хулгайн болон хууран мэхэлж авсан банкны карт ашиглан банкнаас буюу автомат машинаас бэлэн мөнгө гаргах /“出し子”/
■ Хуурамч карт, утас хүнд хүргэх
■ Зарим тохиолдолд дээрэм хийх, хүчирхийлэл үйлдэхэд ажил үүрэг хуваарилан оролццлах
Дээрх ажлуудыг хийлгэснийхээ дараа “энэ бол хууль бус гэдгийг чи мэдэж байсан” гэж сүрдүүлэн, үргэлжлүүлэн гэмт хэрэгт ашиглах буюу зугтах боломжгүй байдалд оруулж улам хүнд гэмт хэрэгт татан оролцуулдаг нь “ями байт”-ын хамгийн аюултай тал юм. Ями байтад оролцсон хүмүүс “зүгээр л ажил хийсэн” гэж боддог ч Японы хуулиар гэмт хэргийн гардан үйлдэгч, оролцогч, хамсагч гэж тооцогдож, баривчлагдах, ял авах эрсдэлтэй. Ялангуяа тусгай залилангийн сүлжээнд оролцож, хүнд ял авч шоронд ял эдэлсэн тохиолдол гарч байгаа бөгөөд ирээдүйн ажил, виз, амьдралд нь ноцтой нөлөө үзүүлдэг.
Онцлог: Өндөр цалинтай цагийн ажил нэрээр гэмт хэрэгт татан оролцуулах
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
■ “Баримт бичиг шалгахгүй”, “Бэлэн мөнгө шууд өгнө”, “Хэт өндөр цалин амласан” гэх зэрэг аливаа амар хялбар мөнгө олох ажлын саналд маш болгоомжтой хандах хэрэгтэй.
■ Албан ёсны гэрээ, тодорхой ажил олгогчгүй, зөвхөн чат аппликейшнээр заавар өгдөг ажил бол бараг 100% “ями байт” байдаг.
■ Хэрэв ийм санал ирвэл шууд татгалзаж, шаардлагатай бол цагдаад мэдээлэх нь өөрийгөө хамгаалах хамгийн зөв арга юм.
Хууран мэхлэх, залилангийн хэргийн ялын бодлого
Япон Улсын Эрүүгийн хуулийн дагуу энгийн залилангийн үндсэн ял нь “10 хүртэл жилийн хорих ял” байдаг бөгөөд торгуулийн ял дангаар оногдуулахгүй тохиолдол олон байдаг. Ялын бодит хэмжээ нь хохирлын хэмжээ, хохирогчийн тоо, зохион байгуулалттай эсэх, өмнө нь ял шийтгэлтэй байсан эсэх зэрэг нөхцөлөөс шалтгаалан өөрчлөгдөнө.
https://www.japaneselawtranslation.go.jp/
| Залилангийн төрөл | Япон Улсын хуулийн зохицуулалт |
Ялын хэмжээ |
| Энгийн залилан (詐欺罪) | Японы Эрүүгийн хууль 246-р зүйл |
10 хүртэл жилийн хорих ял |
| Компьютер, цахим залилан (電子計算機使用詐欺) |
Эрүүгийн хууль 246-2 зүйл |
10 хүртэл жилийн хорих ял |
| Кредит карт, онлайн төлбөрийн залилан | Эрүүгийн хууль болон тусгай хуулиуд |
Ихэвчлэн 10 хүртэл жилийн хорих ял |
| “Фүрикомэ” “振り込め詐欺” залилан буюу утас, банкны шилжүүлгийн scam | Залилангийн хэрэг. | 10 хүртэл жилийн хорих ял |
| Хөрөнгө оруулалтын залилан | Залилан болон санхүүгийн бүтээгдэхүүний тухай хууль зөрчсөн хэрэг | 10 хүртэл жилийн хорих ял, зарим тохиолдолд торгууль |
| Романс залилан / SNS залилан |
Залилан | 10 хүртэл жилийн хорих ял |
| Бүлэглэн үйлдсэн залилан | Бүлэглэн үйлдсэн хэрэг болон залилангийн хэрэг | Илүү хүнд ял, урт хугацааны хорих ял |
| Насанд хүрээгүй хүнийг ашигласан залилан | Залилангийн хууль + хүүхдийн эрх хамгаалах хууль | Нөхцөлөөс шалтгаалан хүндрүүлсэн ял |
| Компани байгуулж хийсэн залилан | Залилан, Компанийн тухай хууль, татварын хууль | Хорих ял + торгууль + компанийг татан буулгах магадлал |
| Давтан үйлдсэн залилан | 詐欺罪 | Өмнөх ялтай бол илүү хатуу ял оногдуулна |
Сүүлийн жилүүдэд Японд өндөр настнуудыг онилсон “特殊詐欺” буюу тусгай төрлийн залилан, SNS болон хөрөнгө оруулалтын scam ихэссэнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа болон ял шийтгэл улам чангарч байгаа. Зохион байгуулалттай бүлэглэл, олон хүнийг хамарсан хэрэгт шүүхээс хэдэн арван жилийн хорих ял оноох тохиолдол ч байдаг.
Монгол иргэд ба залилангийн хэрэг
Японд амьдарч буй монголчууд нь дараах шалтгаанаар энэ төрлийн гэмт хэрэгт илүү өртөмтгий байна. Үүнд:
• Хэл сайн мэдэхгүйгээс болж нарийн учрыг нь ололгүй бусдад залилуулж хохирох, аль эсвэл залилах гэмт хэргийн хамсаатан болж байна.
• Япон дахь өдөр тутмын амьдралын тухай мэдлэг дутмагаас болж, маш энгийн зүйлд итгэж амархан хууртагдаж байна.
• SNS идэвхтэй ашигладаг нь гэмт хэрэгт өртөх магадлалыг нь нэмж байна.
• Ганцаараа амьдрах нь их тул зааж зөвлөх хүнгүй байх нь элбэг байдаг.
• Мөнгө санхүүгийн боломж багатай хувиараа суралцаж буй болон хөлсний ажлаар амьжиргаагаа залгуулж буй иргэд амар түргэн өндөр ашиг хайснаас болж гэмт хэрэгт өртөж байна.
• Япончуудад бус өөр хоорондоо хууртагдах нь их байна.
Японд оршин суугч монголчуудын дунд “энгийн залилан” буюу бараа үйлчилгээтэй холбоотой залилан, гэрээний луйвар, хуурамч нэхэмжлэл, бизнесийн залилан зэрэг “энгийн залилан” буюу хууран мэхлэлт түгээмэл гарч байна. Ялангуяа монголчууд өөр хоорондоо буюу монголчуудын зарын групп дээрээс “автомашин ачуулж өгнө”, “ачааг чинь илгээж өгнө”, “мөнгө гуйвуулж өгнө” гэх зэрэг зард итгэн хууртагдаж, их хэмжээний хохирол учрах явдал олноор гарч байна.
Японд оршин суудаг болон түр зорчигч монголчууд “тусгай залилан”-гийн гэмт хэрэгт өртөх нь жилээс жилд нэмэгдэж, гэмт хэрэгтэн болж хуулиар ял авсан тохиолдол болон залилангийн хэргийн хохирогч болсон тохиолдол багагүй гарч байна.
Залилангийн хэргийн хохирогч болсон тохиолдолд юу хийх вэ.
1. Япон Улсад залилангийн хэргийн хохирогч болсон тохиолдолд хамгийн түрүүнд тайван байж, аль болох хурдан арга хэмжээ авах нь маш чухал юм.
■ Юуны өмнө мөнгө шилжүүлсэн банк, кредит картын компани эсвэл карт ашиглан төлбөр хийгдсэн үйлчилгээний газартай нь нэн даруй холбогдон гүйлгээг зогсоох арга хэмжээ авах,
■ Төлбөрийн картаа блоклуулах, сэжигтэй гүйлгээний талаар дээр дурдсан холбогдох байгууллагуудад мэдэгдэх хэрэгтэй.
■ Богино хугацаанд мэдэгдсэн тохиолдолд бүрэн буюу хэсэгчлэн мөнгөө буцаан олж авах боломж байдаг.
■ Бүх нотлох баримтыг үрэгдүүлэлгүй, бүрэн хадгалах шаардлагатай. Үүнд LINE болон бусад чатны яриа, SMS, имэйл, банкны шилжүүлгийн баримт, вебсайт болон зарын зураг, утасны дугаар, хүний нэр, дансны мэдээлэл зэрэг бүх материал орно.
■ Мөн хэзээ, ямар нөхцөлд, ямар аргаар, хэдий хэмжээний мөнгөөр хохирсон тухайгаа санаж байгаа дээрээ он дарааллаар бичиж тэмдэглэх
2. Дараагийн хийх ёстой алхам нь Японы цагдаагийн байгууллагад хандах явдал юм. Хохирогч өөрт хамгийн ойр байрлах Цагдаагийн газар, эсвэл Кобан /交番/ дээр очиж мэдүүлэг өгч болно.
■ Яаралтай бус зөвлөгөө авах бол #9110 дугаарт, харин шууд аюултай эсвэл яаралтай нөхцөл байдал үүссэн бол 110 дугаарт холбогдоно.
■ Цагдаад очихдоо паспорт, residence card, банкны баримт болон хадгалсан screenshot зэрэг бүх материалаа авч очих нь зүйтэй.
■ Цагдаад хандах үедээ “Хохирлын мэдүүлэг гаргамаар байна” /被害届を出したいです/ гэж хэлж албан ёсны бүртгэл хийлгэх хэрэгтэй. Энэхүү мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх үндэс болохоос гадна банкнаас мөнгөө буцааж олж авах, даатгал ашиглан нөхөн төлбөр авах, цаашид иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэгт чухал баримт болдог.
■ Хэрэв залилан хийсэн этгээдийн банкны дансны мэдээлэл байгаа бол тухайн банкинд болон цагдаад мэдэгдэж дансыг царцаах хүсэлт гаргаж болно. Японд залилангийн хохирлыг буцаан олгохтой холбоотой тогтолцоо байдаг тул тодорхой нөхцөлд дансанд үлдсэн мөнгөнөөс хохирол барагдуулах боломж гардаг.
3. Японы хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төв /the National Consumer Affairs Center of Japan国民生活センター/ гэдэг байгууллага байдаг бөгөөд 188 дугаарт холбогдон үнэгүй зөвлөгөө авах боломжтой. Тус байгууллага нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн хараат бус байгууллага бөгөөд хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралтай холбоотой маргаан, залилан, хуурамч болон чанаргүй бараа үйлчилгээний асуудал, гэрээний зөрчил зэрэг асуудлаар зөвлөгөө өгдөг төв байгууллага юм. Тус байгууллага нь 1970 онд байгуулагдсан бөгөөд Япон даяар “Хэрэглэгчийн төвүүд” байгуулан ажиллаж, иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг нэгтгэн судалж, хохирлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төв нь хэрэглэгчдэд:
■ залилангийн хэрэг,
■ онлайн худалдааны маргаан,
■ хөрөнгө оруулалтын залилан scam,
■ түрээс, гэрээний асуудал,
■ хийгдэхгүй буй буцаан олголт,
■ дарамт үзүүлж хийгдсэн худалдаа,
■ subscription болон интернет үйлчилгээний маргаан
зэрэг олон асуудлаар зөвлөгөө өгдөг. Мөн шаардлагатай тохиолдолд тухайн асуудлыг орон нутгийн хэрэглэгчийн төв, хуульч эсвэл холбогдох байгууллагад холбон зуучилдаг. Тус байгууллага нь ямар төрлийн залилан болох, хаана хандах, мөнгөө хэрхэн нэхэмжлэх талаар ч мэдээлэл өгдөг.
Японд хэрэглэгчийн зөвлөгөө авах нэгдсэн дугаар нь: 188 (“いやや”) бөгөөд энэ дугаарт залгаснаар хамгийн ойрын хэрэглэгчийн төвтэй холбогдох боломжтой байдаг. Тус байгууллага нь зөвхөн зөвлөгөө өгөхөөс гадна хэрэглэгчийн хохирлыг бууруулах зорилго бүхий анхааруулга, сэрэмжлүүлэг, судалгаа, барааны туршилт, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг ажлыг хийдэг бөгөөд Японы хэрэглэгчийг хамгаалах тогтолцооны гол байгууллагын нэгд тооцогддог.
https://www.kokusen.go.jp/ https://www.kokusen.go.jp/
4. Хэрэв залилан үйлдсэн хүн аль эсвэл компани нь тодорхой байгаа бол өмгөөлөгчөөр дамжуулан иргэний журмаар мөнгөө нэхэмжлэх боломж бий. Японд “Бага мөнгөн дүнтэй иргэний маргаанд зориулсан хялбаршуулсан шүүх ажиллагаа” /“少額訴訟”/зэрэг тогтолцоо байдгийг ашиглаж болно.
5. Япон хэлний мэдлэг хангалтгүй бол орчуулагч олох, гадаадын иргэдэд дэмжлэг үзүүлэх олон улсын төвүүд, өмгөөлөгчид хандах аль эсвэл Элчин сайдын яаманд хандан зөвлөгөө авах нь зүйтэй.
6. Гадаадын иргэн өмгөөлөгч авах бол юуны өмнө “法テラス(Хо Тэрас)” буюу “Япон Улсын хууль эрх зүйн туслалцааны төв”-д хандах нь зүйтэй. Учир нь уг байгууллага нь орлого багатай иргэд болон гадаадын иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, хөнгөлөлттэй үнээр өмгөөлөгч олох үйлчилгээ явуулдаг. “Хо Тэррас” нь гадаадын олон хэлээр үйлчилгээ явуулдаг. Түүнчлэн уг байгууллага нь хууль зүйн анхан шатны зөвлөгөө, өмгөөлөгч танилцуулах үйлчилгээ болон тодорхой нөхцөлд төлбөрийн дэмжлэг үзүүлдэг. Хөдөө орон нутагт ч Хо Тэрас байгууллагын салбар ажилладаг.
https://www.houterasu.or.jp/
https://www.houterasu.or.jp/
https://www.houterasu.or.jp/
https://www.houterasu.or.jp/
Утсаар зөвлөлгөө авах бол: 0570-078377,
IP утаснаас дуудлага хийх бол: 0570-078374
Уулзаж зөвлөлгөө авах бол захиалга өгөх утас: 03-6745-5600